“Сибирийн хүч-2” төслийн Монголд өгөх өгөөж

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

“Сибирийн хүч-2” төслийн Монголд өгөх өгөөж

“Сибирийн хүч-2” төслийн Монголд өгөх өгөөж

ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай асуудал 20 гаруй жилийн турш дуншсан. Хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл, манай улсад ямар ч ашиг өгөхгүй хэмээн ярих хүн олон байв. Өдгөө Монголын нутгаар хийн хоолойг дайруулах нь тодорхой болоод буй юм.

ОХУ-ын шинжээч Ю.Барсуков өнгөрсөн онд Монгол илүү найдвартай түнш болохыг онцолж байв. Тэрбээр “Оросын хийг нутгаараа дамжуулдаг Украин, Беларусь, Польш, Гүрж, Литва зэрэг улсуудтай транзитын асуудлаар зөрчилдөөн үүсч байсан бол энэ тал дээр Монгол бол илүү найдвартай түнш” гэж тодорхойлсон юм.

Мөн Монголд хийн хоолой барих бас нэг чухал давуу талын талаар "Оросын нутгаар дайрах хийн хоолой нь эхлээд Ямалийн хойгоос Томск, дараа нь зүүн тийшээгээ Красноярск, Эрхүү, Улаан-Үдэд хүрснээр Дорнод Сибирийн том хотуудыг хийжүүлж, цаашаагаа Улаанбаатарт хүрнэ. Ингэснээр хийн хангамжийн нэгдсэн систем жинхэнэ утгаараа бүрэлдэж, Баруун Сибирь, Ямалийн хийг Европ, Хятад, Алс Дорнод руу нийлүүлэх боломж бүрдэнэ. Үүнд Монголоор дайруулах хийн хоолойн ач холбогдол оршиж байна" гэж хэлжээ.

Монголоор дайруулах маршрут нь хийг шууд Зүүн Хойд Хятадад, тухайлбал, Бээжингийн районд шууд хүргэхээс гадна тал хээрийн нутгаар дайран өнгөрөх тул хоолойг хямд өртгөөр, богино хугацаанд барих боломжтой аж. Үүний зэрэгцээ хоолойг барихдаа ТрансМонголын төмөр зам, Алтанбулаг-Эрээний автозамын дагуух бэлэн дэд бүтцийг ашиглах давуу талтай юм байна.

"Газпром" компани энэ долоо хоногт ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник эдийн засгийн судалгаа (ТЭЗС)-г батлав.

ТЭЗС-ны хүрээнд төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан байна. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илүү тохиромжтой маршрутыг тодорхойлж, түүний урт, диаметр, даралтын хүч, шахагч станцуудын тоог гаргажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн зохих үр ашгаа өгөх урьдчилсан тооцоо гарсан байна.

“Союз Восток” хий дамжуулах хоолой тавих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаасан техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) урьд нь төлөвлөсний дагуу энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусах ажээ.

Энэхүү ТЭЗҮ-ийг 2021 оны эхээр Монгол Улсад бүртгүүлсэн, тусгай зориулалтын "Газопровод Союз Восток" тусгай зориулалтын компани боловсруулж буй. Тус компанийг "Союз Восток" хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилгоор байгуулжээ.

ОХУ-ын "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталсан.

Баруун Сибирийн орд газруудаас Хятадын баруун бүсэд хий дамжуулах хоолойн урт 6700 орчим км бөгөөд үүний 2700 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө. Энэхүү төсөл нэлээн түвэгтэй, өртөг ихтэйг эдийн засагчид тооцоолжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн өртөг 4.5-13.6 тэрбум ам.доллар болсон байна.

Он гарснаас хойш “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсаар дамжин өнгөрөх маршрутаас 100-200 орчим км зайтай газар 8.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн өндөр идэвхжил нь төслийг хэрэгжүүлэх өртгийг нэмэгдүүлж магадгүйг шинжээчид онцолсон юм.

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал "Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 гаруй дахин давж магадгүй юм байна.

Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан, хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бий. Мөн БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтойг эдийн засагчид онцолж буй юм.

“Сибирийн хүч-2” төслийн эдийн засгийн үр ашгийн хувьд өгүүлэхэд, хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ. Элчин сайд асан Л.Хангайн ярьснаар, манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэж үзэвл нэг тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой ба цаашдаа 50 тэрбум шоо метр хий дамжуулна гэж тооцвол дээрх тоо өсөх нь гарцаагүй юм. Транзитийн ганцхан жилийн төлбөрөөр гэр хорооллыг бүрэн газжуулж болохыг экспертүүд онцолж буй юм.

Транзит орнуудын жишээнээс дурдвал, Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум ам.долларын орлого олсон бол Беларусь улс 1.6 тэрбум ам.доллар олжээ.

Оросын “Русиа Петролиум” компани “Сибирийн хүч” хий хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр хийн хоолойг барих ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болно гэсэн тооцоог 2000 онд хийсэн байна. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог ажээ. Мөн хийн хоолой тавьснаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломжтой юм байна.

Энэхүү мега төслийн ТЭЗҮ батлагдсан тохиолдолд барилга угсралтын ажлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт маш богино хугацаанд гүйцэтгэх боломжтой гэж ОХУ-ын тал үзжээ.

Өмнө нь 2158 км урт “Сибирийн хүч” хийн хоолойг байгаль цаг уурын маш хүнд нөхцөлд, намаг шалбаагтай, өндөр уул нуруудтай, мөнх цэвдэгтэй, хад асгатай, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд таван жилийн хугацаанд барьсан байна.

Өдгөө байгалийн саад багатай Монголын тал хээрийн нутгаар дайрах 1000 км урт хийн хоолойг 1.6-2 жилийн дотор барих боломжтой аж. Мөн ТЭЗҮ боловсруулахад 1-2 жилийн хугацаа зарцуулна гэж тооцвол Монголоор дайрах хийн хоолой 2026-2027 онд ашиглалтад орох хэтийн төлөв харагдаж буйг эх сурвалж мэдээлэв.

ОХУ нь байгалийн хий экспортлогч хамгийн том орон. Харин БНХАУ дэлхийн хамгийн том импортлогч. 2018 оны эхний хагаст Хятадын импорт Японоос давж, дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч улс болсон.

БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилтынхоо хүрээнд нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр солих ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн билээ. CNPC-ийн 2019 оны 8 сард гаргасан судалгаагаар БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 2018 онд 238 тэрбум метр куб болж өссөн бөгөөд цаашид энэ тоо 2035 онд 610 тэрбум метр куб, 2050 онд буюу ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулагдсан 30 жилийн гэрээ дуусах үед жилийн хэрэглээ 690 тэрбум метр куб болж тогтмол өснө гэсэн тооцоо гарчээ.

Энэ үед Хятадын байгалийн хийн дотоод нөөцөөр хангах хэмжээ 2018 онд 161 тэрбум метр куб байснаас, 2035 онд 300 тэрбум метр куб, 2050 онд 350 метр куб болно гэсэн харьцангуй удаан өсөлттэй байх тооцоо гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж