Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Хүн амын дийлэнх нь "Синофарм"-ын "Вероцелл" вакцинд хамрагджээ

Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сар гэхэд хүн амын 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнээ дархлаажуулахаар зорьж буй.  "Сovax" хөтөлбөрийн БНЭУ-аас 150 мянган "АстраЗенека" вакциныг хүлээн авч, нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, төрийн алба хаагчдыг дархлаажуулсан.

Вакцинжуулалт эхэлснээс /2021.02.23/ хойш  Хятад, ОХУ-ын вакциныг оруулж ирснээр зорилтот бүлгүүдийг хамруулж буй. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 600 мянга орчим хүн вакцинд хамрагджээ. Үүнээс нийслэлд 493787 хүн вакцинд хамрагдаад байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон ч вакцинжуулалтыг хүн амын бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, түр хугацаанд зогсоогоод буй. Өнөөдрийн байдлаар зөвхөн ахмад настнууд тодорхой цэгт вакцин хийлгэж буй.

Хятадаас нийлүүлсэн вакцин бүгд “Синофарм” корпорацийн вакцин

Хятадаас нийлүүлсэн вакцин бүгд “Синофарм” корпорацийн вакцинhttps://news.mn/r/2422157/

Posted by News.mn on Thursday, April 15, 2021

Монгол Улс ОХУ, Хятад улсаас авсан вакцин оруулж ирсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд Хятадад үйлдвэрлэсэн вакцины үр дүнгийн талаар эргэлзээтэй мэдээллүүд  гарах болсноор олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Бас БНХАУ-ын "Синофарм" болон "Синовак"-ийг андуурах болжээ. Эдгээр хоёр үйлдвэрийн аль вакциныг манай улс хүлээн авсан талаар төөрөгдөл үүсэв.

Иргэд төдийгүй эрх бүхий албаны хүмүүс ч Синофармаас илүү Синовак нь үр дүнгүй, аль эсвэл “Синофармын Синовак вакцин тариуллаа” зэргээр андуурч байна.

Хотын захирагч нь хүртэл “Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын "Синофарм" группын Синовак вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэлээ” гэж цахим хуудастаа гуравдугаар сарын 10-ны өдөр нийтэлж байв. Харин манай улс Синовак үйлдвэрийн вакциныг өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас залруулжээ.

Тодруулбал, манай улсад "АстраЗенека", "Синофарм", "Спутник" V, Файзер гэсэн дөрвөн компанийн вакцин албан ёсоор бүртгэгджээ. Одоогоор зорилтот бүлгийн хүн амыг Хятадын "Синофарм" компанийн вероцелл  вакцинаар дархлаажуулж байгаа аж.

СИНОВАК КОМПАНИЙН ВАКЦИНЫГ МАНАЙ УЛС ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ: 

-"Синофарм" гэдэг нь компанийн нэр. "Синовак" нь ч бас өөр компанийн нэр. Ижилхэн нэртэй болохоор хүмүүс андуурч байгаа бололтой. Хоёул вакцин үйлдвэрлэгч тус тусдаа компани юм.

Монгол Улсад "Синофарм" компанийн вероцелл вакцин орж ирсэн. Уг вакцины эхний 300 мянган тунг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан. Хоёр дахь 300 мянган тунг манай улс худалдан авсан. Дахин 600 мянган тун вакцин худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн ч тээвэрлэлт хойшилж, төлөвлөсөн хугацаанаас багагүй зөрсөн.

Гэхдээ энэ сард багтаад вакциныг хүлээн авна. Хувийн хэвшлийн компаниуд "Синовак" үйлдвэрийн вакциныг оруулж ирэх тухай хүсэлт гаргаж байгаа. Хэрэв ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлөөс тус үйлдвэрийн вакциныг үр дүнтэй гэж үзвэл оруулж ирэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын "Синофарм" компанийн вероцелл вакцинаар дархлаажуулалт үргэлжилж байна. Ерөнхийдөө "АстраЗенека" вакциныг хүлээн авсны дараа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий алба хаагчдыг вакцинд хамруулсан. Дараа нь зорилтот бүлгээ үе шаттайгаар дархлаажуулсан. Хүн амын дийлэнх нь БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцинд хамрагдсан. Үр дүнгийн хувьд вероцелл нь дэлхий дахинд хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын тоонд багтаж байна. Дархлаа тогтоц 90-ээс дээш хувьтай гэсэн сайн үзүүлэлттэй байгаа. Энэхүү вакциныг ДЭМБ-аас тун удахгүй баталгаажуулах байх. Тэгэхээр Хятадын вакцин үр дүнгүй гэх шүүмжлэл ч намжих болов уу. Ер нь бүх вакцин үр дүнтэй” гэлээ.

       ЭНЭ САРД БНХАУ-ААС 600 МЯНГАН ТУН, ОХУ-ААС НЭГ САЯ ТУН ВАКЦИН АВНА

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хятадын төрийн өмчит “Синофарм” компанийн вероцелл 150 мянган хүн тун вакциныг хүлээн авсан бол дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган тун вакцин авсан. Манай улс энэхүү вакцинаас нийт 900 мянган тунг авахаар тохиролцжээ.

Уг вакцин нь  “Verocell / Вероцелл” платформ дээр суурилсан вирусийг идэвхгүйжүүлэх /Inactivated/ аргаар гарган авсан юм. Энэ ч үүднээс  вероцелл хэмээн нэрлэж байгаа бололтой.  Албан мэдээллүүд дээр ч дээрх  вакциныг "Вероцелл" гэж нэрлэжээ. Энэ талаар  Гадаад харилцааны яамнаас "Синофарм" компанийн 900 мянган тун вероцелл вакцин гэж албан ёсоор нэрлэж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.

Тус яамны мэдээлснээр  600 мянган тун вероцелл вакциныг энэ сард багтаан оруулж ирэхээр болжээ. Мөн ОХУ-ын Спутник V нэг сая тун вакциныг тус тус авахаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ сард Хятад, ОХУ-ын нийт нэг сая 600 мянган тун вакцин оруулж ирэх нь.

БЭЛТГЭСЭН: Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ


"ХЯТАДААС НИЙЛҮҮЛСЭН ВАКЦИН БҮГД СИНОФАРМ КОРПОРАЦИЙН ВАКЦИН"

Бид вакцины эргэлзээтэй холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мөн албан ёсны байр суурь, тайлбарыг авсан юм. 

Одоогоор Хятад улсаас Монгол Улсад ямар вакцин хэдэн тунг нийлүүлээд байгаа вэ?

-Энэ оны эхээр Монголын талаас вакцины туслалцаа үзүүлэх хүсэлт ирүүлсний дараа Хятадын тал дотоодод нийлүүлэлт дутагдалтай нөхцөл байдалд байхдаа ч холбогдох яамд, байгууллагыг Хаврын баярын /Цагаан сар/ бүх нийтийн амралтын үед илүү цагаар ажиллуулж эхний ээлжинд Монгол Улсад 300 мянган тун вакциныг хандивласан. Уг вакциныг хоёрдугаар сарын 22-нд Монгол Улсад амжилттай хүргэсэн. Дөрөвдүгээр сард Хятадын тал Монголын хүссэн хугацааны дагуу худалдан авсан эхний ээлжийн 300 мянган тун вакциныг нийлүүлсэн. Эдгээр 600 мянган тун Хятадын вакцин бүгд Синофарм корпорацийн вакцин.

-Цаашид ямар вакциныг, хэр хугацаанд нийлүүлэх боломжтой эсэх талаар мэдээлэл өгнө үү?

-Хятадаас Монголд нийлүүлсэн вакцинууд бүгд "Синофарм" корпорацийн вакцин. Яг одоо Монголоос яаралтай захиалсан 600 мянган тун вакцины үйлдвэрлэлтийн ажилд анхаарал хандуулж байна. Дараагийн вакциныг нийлүүлэх хугацааны хувьд талуудын холбогдох албаны байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн яриа хэлэлцээ үргэлжилж байна.

-БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу Хятадын дотоодын вакцинуудын үр дүн багатайг хүлээн зөвшөөрлөө гэсэн мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлүүдээр гарах боллоо. Ингэж ярьсан нь үнэн үү. Маргааш нь төрийн өмчит мэдээллийн хэрэгслээрээ няцаасан мэдэгдэл гаргасан нь ямар учиртай вэ?

-Сүүлийн үед, зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төвийн захирал Гао Фугийн вакцины хамгаалах чадвар зэрэг холбогдох асуудлаар хийсэн тайлбарыг дундаас нь таслан авч, өрөөсгөл талаас нь тайлбарлаж, олон түмнийг төөрөгдөлд оруулж байна. Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гао Фу захирлын дэвшүүлсэн дархлаажуулалтын үр дүнг сайжруулах талаарх шинжлэх ухааны үзэл бодлыг хольж хутган ойлгосон байна. Одоогийн байдлаар дэлхий нийтээр хэрэглэж байгаа вакцинуудын хамгаалах чадвар туршилтаар харилцан адилгүй гарч байна. Вакцины хамгаалах чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг нь дэлхий нийтийн эрдэмтдийн бодож байгаа асуудал. Гао Фу захирал вакцинжуулалтын явцыг сайжруулах болон адилгүй технологиор гаргаж авсан вакцинаар дараалан вакцинжуулалт хийж вакцины хамгаалах чадварыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн. Хүн төрөлхтөн анх удаа Covid-19 цар тахалтай тулгарч байгаа учраас титэм вирусийн эсрэг вакцинжуулалтын талаар судлах шинжлэх ухааны олон асуудлууд байсаар байна. Одоо хэрэгжиж буй дархлаажуулалтын бүх журам өмнө нь байсан бусад вирусийн вакцинжуулалтын дүгнэлт дээр үндэслэн хийгдэж байгаа ба ирээдүйд титэм вирусийн онцлог хийгээд одоо явагдаж байгаа вакцинжуулалтын нөхцөл байдалд үндэслэн зохих өөрчлөлт оруулж болно. ДЭМБ-гаас COVID-19 вирусийн эсрэг вакцины үр дүн 50-иас дээш байх шаардлага тавьж байгаа. Одоогийн байдлаар олон улсын зах зээлд гараад байгаа ихэнх вакцины үр дүн 70-аас дээш хувьтай байна.

-Хятад улс одоогоор дотооддоо дөрвөн вакциныг бүртгэн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад ашиглаж байгаа. Үүнээс одоогоор Монгол Улсад ашиглагдаж байгаа “Синофарм” вакцины үр дүн, хийсэн арга технологи, туршилтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хятад улсаас зөвхөн "Синофарм" үйлдвэрийн үйлдвэрлэсэн вакциныг Монгол Улсад тусламжаар илгээж мөн экспортлоод байна. Синофарм нь идэвхгүйжүүлсэн вакцин. Энэ нь идэвхгүй болсон эмгэг төрүүлэгчээр бүтээж, гол нь эдгээр идэвхгүй болсон эмгэг төрүүлэгчийн эсрэгтөрөгчөөр дамжуулан эсэд дархлаа тогтоодог гэсэн үг. Идэвхгүйжүүлсэн вакцин бол вакцины нэг төрлийн сонгодог хэлбэр юм. Энэ нь биеийн гадна үржүүлсэн Covid-19 вирусийг “үхүүлэн” цэвэршүүлэхийг хэлэх бөгөөд идэвхгүй болсон вирус өвчин үүсгэх чадваргүй болж, бие махбодын дархлааны хариу урвалыг өдөөж, биед эсрэг биет үүсгэдэг. Идэвхгүйжүүлсэн вакцин нь маш аюулгүй бөгөөд үр дүнтэй. Энэ аргыг бусад вирусийн эсрэг вакцин бүтээхэд өргөнөөр хэрэглэж байна.

Вакцины үр дүнгийн тухайд, улс орнуудад хийгдсэн туршилтаар гаргаж байгаа үр дүн хоорондоо харилцан адилгүй. Тухайлбал, "Синовак"-ийн вакцины гурван шатны клиник туршилт дөрвөн улсад явагдсан. Улс орнуудын туршилтын үр дүнгийн ялгаа харьцангуй өндөр байсан бөгөөд үр дүн нь 50-90 хувийн хооронд гарсан. Гэхдээ бүгд ДЭМБ-ын 50 хувиас дээш гэсэн шаардлагад хүрсэн.

"МОНГОЛ УЛСЫН ЗАХИАЛСАН 600 МЯНГАН ТУН ВАКЦИНЫГ ЯАРАЛТАЙ НИЙЛҮҮЛЭХ ТАЛААР АЖИЛЛАЖ БАЙНА"

-ДЭМБ Хятадын вакцинуудыг хэдийгээр бүртгэх төлөвтэй байна вэ? Одоо хүртэл бүртгээгүй байгаа бодит шалтгаан нь юу вэ?

-ДЭМБ-ын Гэрээ хэлэлцээр болон нөхцөл болзлыг урьдчилан хянах газрын дарга Родерио Гаспар дөрөвдүгээр сарын 9-нд хэлэхдээ, ДЭМБ техникийн зөвлөлийн багийг бүрдүүлэн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр "Синофарм" болон "Синовак"-ийн хоёр төрлийн хятад вакцины дор хаяж нэгд нь үнэлгээ хийнэ; цаг хугацааны хувьд боломж бүрдвэл тавдугаар сарын 3-ны долоо хоногт техникийн зөвлөлийн багийг дахин хуралдуулна; Хятадын хоёр төрлийн вакцины сүүлчийн үнэлгээний дүгнэлтийг дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэнд танилцуулна гэж тооцоолж байна гэсэн.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөлийн мэргэжлийн баг гуравдугаар сарын 31-нд, Хятадын "Синофарм" групп болон "Синовак "компанийн илгээсэн хоёр төрлийн вакцины тухай холбогдох баримтаас харахад эдгээр вакцинуудын хамгаалах чадвар ДЭМБ-ын шаардлагад нийцэж байна, хүний биед хор хөнөөл учруулахгүй гэсэн юм.

-Монголд ашиглагдаж байгаа “Синофарм”-ын вакцины тун хоорондын зай ямар байх талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Тун хоорондын зай удаан байх тусам илүү сайн дархлаа тогтооно гэсэн мэдээлэл гараад байна?

-“Синофарм”-ын вакцин нь хоёр тунг тарих ёстой, тун хоорондын зайг 3-8 долоо хоног дотор байлгавал хамгийн сайн. Дархлаа тогтох тухайд эхний тунг тарьснаас хойш долоо хоногийн дараа дархлаа тогтож эхлэх ба хоёр дахь тунг тарьснаас хойш 28 хоногийн дараа саармагжуулах эсрэг биетийн түвшин 100 хувьд хүрнэ. Дархлаажуулалтын стандартад зааснаар вакцины 2 тун тариулснаас хойш 28 хоногийн дараа ихэнх хүний биед Covid-19-г эсэргүүцэх хангалттай хэмжээний эсрэг бие тогтоно.

БЭЛТГЭСЭН: Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж