Их Британийн “The Guardian” сонин дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох фейсбүүкийн нийтлэлийн бодлогын “цоорхой”-г дэлхийн улстөрчид овжиноор ашиглаж, хэрхэн ард иргэдээ төөрөгдүүлж, хууран мэхэлдэгийг баримтжуулжээ. Фейсбүүкийн зүгээс ч нийтлэлийн бодлогыг зөрчсөн улс төрийн агуулга бүхий төөрөгдүүлсэн мэдээлэлд арга хэмжээ авахдаа дэлхийн улс орнуудад ялгавартай ханддаг болохыг тус сонины эрэн сурвалжлах багийнхан дурдсан байна.
"Фэйсбүүк" компани 25 улсад бүртгэгдсэн улс төрийн шинжтэй, нийтлэлийн бодлогыг зөрчсөн 30 гаруй хэргийг хэрхэн шийдвэрлэсэн болохыг харуулсан баримтуудад “Guardian” дүн шинжилгээ хийжээ. Ингээд үзэхэд тус компани нь баян чинээлэг орнуудын асуудлыг илүү хурдан шуурхай шийдэж, ядуу буурай орнуудын зөрчлүүдэд хариу арга хэмжээ авахдаа удаан ханддаг нь нотлогдсон байна.
Тухайлбал, АНУ, Тайвань, Өмнөд Солонгос, Польш зэрэг өндөр хөгжилтэй барууны орнуудад гарсан асуудалд шуурхай ажиллаж, зохистой хариу арга хэмжээ авсан бол Монгол, Афганистан, Ирак, Мексик, Латин Америкийн хөгжил буурай орнуудын асуудлыг шийдвэрлэхдээ хойрго ханджээ.
Эдгээр хөгжил тааруу улс орнуудын улстөрчдийн фэйсбүүк сүлжээн дэх нийгмийг төөрөгдүүлсэн болон өрсөлдөгчдөө гутаан доромжлох зорилго агуулсан нийтлэлүүдийг зарим үед хэрэгсэхгүй орхиж байгааг илрүүлсэн байна.
2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын эрх баригчид олон мянган хуурамч хаяг ашиглан сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх асуудал фэйсбүүкийн энэхүү цоорхойг олны анхаарлын төвд аваачиж, улмаар тус компани ийм төрлийн улс төрийн бохир аргуудтай тэмцэхээ мэдэгдэж байв. Гэхдээ л өдийг хүртэл үүнийг хангалттай шийдвэрлэж чадаагүй хэвээр байгаа юм.
Улстөрчид олон дагагчтай хаягаас нийтэлсэн постууд илүү хүртээмжтэй, олон давтамжтай харагддаг фэйсбүүкийн онцлог алгоритмыг ашиглан нийгмийг төөрөгдүүлэх, өрсөлдөгчдөө "харлуулах” ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хуурамч хаягууд үүсгэж, хуурамч дагагчид цуглуулах байдлаар цахим орчныг ёс бусаар ашиглаж байгааг фэйсбүүкт ажиллаж байсан хүмүүс ч нотолсон байна. Гэтэл ийм зөрчлүүдийг шийдвэрлэхдээ хайхрамжгүй ханддаг. Энэ нь дэлхийн хэмжээнд фэйсбүүк сүлжээг улс төрийн зорилготой, гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараах хэрэгсэл болгон ашигладаг байдлыг улам өөхшүүлдэг гэдгийг зарим ажилчид нь ярьжээ.
Тухайлбал, 2018 оны наймдугаар сард Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесын фэйсбүүк хаягийн олон мянган дагагч болон түүний нийтлэсэн постуудад хариу үзүүлж буй нийт хэрэглэгчдийн 90 хувь нь хуурамч хаягууд байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн түүний фэйсбүүк хаягийг хөтөлдөг админуудын нэг нь өөрийн оруулсан постод лайк дарах, шейр хийх, сэтгэгдэл бичих зэрэг яг нэг үйлдлээ зэрэг хийдэг хэдэн мянган хуурамч пэйжүүдтэй байсныг илрүүлжээ.
Фэйсбүүк нь хэрэглэгчийн хаяг жинхэнэ эсэхийг шалгаж, нэг хүн олон хаягтай байхыг хянадаг ч пэйжийн хувьд ийм зохицуулалт дутмаг байдаг нь маш том “цоорхой” болж өгдөг байна.
Үүний тод жишээ бол Азербайжаны эрх баригч Шинэ Азербайжан нам олон мянган хуурамч хаяг ашиглан өөрсдийг нь шүүмжлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сөрөг хүчний улстөрчдийн эсрэг олон сая давтамжтай сөрөг сэтгэгдлүүдийг өдөр бүр бичдэг байна. “Azad Soz” гэх нэртэй фэйсбүүк хуудас 2021 оны гуравдугаар сарын 4-нд эрх баригчдыг шүүмжилсэн идэвхтнүүдийг найман сар хорьсон талаар пост оруулжээ. Гэтэл энд 1.5 мянган хүн сэтгэгдэл бичсэний дийлэнх нь Засгийн газрыг дэмжсэн сэтгэгдэл байв. Үүнээс хамгийн их хандалт авсан сэтгэгдлийг “Zeyneb Babayeva” гэх хаягаас бичсэн байх бөгөөд уг хаяг руу орж үзэхэд дөнгөж хоёр долоо хоногийн өмнө нээсэн хаяг байсан бөгөөд хувийн хаяг бус кофе шопын зориулалтаар нээсэн пэйж байжээ. Мөн тус постны доор бичигдсэн сэтгэгдлүүдээс хамгийн их хандалт авсан 301 хаягийн 294 нь хувь хүний хаяг бус пэйж байсан гэнэ.
Харин “Фэйсбүүк” компани Гондурасын Ерөнхийлөгчийн хуурамч хаяг ашиглан хандалт авдаг зөрчлийг арилгахын тулд бараг нэг жил зарцуулсан бол Азербайжан улсад гарсан асуудлыг 14 сарын дараа шийдвэрлэсэн байна.
Энэ мэт үйлдэл Монгол, Албани, Мексик, Аргентин, Итали, Филиппин, Афганистан, Өмнөд Солонгос, Болив, Эквадор, Ирак, Тунис, Турк, Тайвань, Парагвай, Эль Сальвадор, Энэтхэг, Доминикан, Индонез, Украин, Польш зэрэг орнуудад ихээхэн ажиглагддаг бөгөөд эдгээр улс орнуудад гарсан зөрчил маш удаан шийдвэрлэгддэгийг фэйсбүүкийн ажилтнууд ярьжээ.
Гэтэл Польшид гарсан нийтлэлийн бодлого зөрчсөн үйлдлийг нэг өдөр, АНУ болон Филиппинд долоо хоног, Тайванийн асуудлыг 11 хоногийн дотор шийдвэрлэсэн байна. Зарим ядуу буурай улс орнуудад гарсан ийм улс төрийн шинжтэй зөрчлүүдийг фэйсбүүк компани шийдвэрлэлгүй нэг жил гаруй болох нь элбэг байдаг гэнэ. Энэ мэт хайхрамжгүй байдал нь улстөрчид фэйсбүүк дээр өөрсдийн "бохир пи-ар"-аа хэрэгжүүлэх завшаан болсоор байгааг "Guardian" онцолжээ.
Эх сурвалж: The Guardian