Хөл хорионд өөрийгөө хөгжүүлэх аргуудыг туршаад үзээрэй

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Хөл хорионд өөрийгөө хөгжүүлэх аргуудыг туршаад үзээрэй

Хөл хорионд өөрийгөө хөгжүүлэх аргуудыг туршаад үзээрэй

Халдварын тархалт өдөр ирэх бүр нэмэгдэж, аливаад хэт мэдрэмтгий болж, сэтгэл санаа тавгүйтэх зүйл тохиолдож байгаа биздээ. Тэгвэл энэ удаад та бүхэнд хөл хориог гэртээ хөнгөхөн даваад гарах боломжтой зөвлөмжүүдийг багцлан хүргэж байна. Сэтгэл амгалан байвал хөл хорионы энэ үеийг өнгөрүүлэхэд хамгийн чухал болохыг сэтгэлзүйчид зөвлөж байгаа юм.

ЭХНИЙ АЛХАМ БОЛ ЭЕРЭГ ӨНЦГИЙГ БАРИМТЛАХ

Сошиал сүлжээнд болон нийгмийн харилцаанд өрнөж буй олон үйл явдлаас зөвхөн бараан талыг нь барьж аваад байвал хандлага сөрөг болно. Тиймээс цар тахлын нөхцөл байдалд дархлаагаа дэмжиж, шаардлагагүй ихэвчлэн сөрөг контент хүргэдэг сувгийг хувийн цахим хуудсаараа дагахаас татгалзах нь зүйтэй юм. Мэдээж олон нийтийн сүлжээн дэх бүх мэдээлэл бодит биш гэдгийг иргэд мэддэг болсон байх. Дэлгэц ширтэхээс гадна гэрээ цэвэрлэх, тавилгынхаа байршлыг солих гээд хүн бүхэн боддог ч хэрэгжүүлэхээс залхуурдаг зүйлсээ одоо л туршихад тохиромжтой биш гэж үү. Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу гэртээ агаар сэлгэлт хийхдээ ч тоос, шороогоо цэвэрлэж, дуртай дуу, шинэ подкаст сонсож яагаад болохгүй гэж. Хүний идэвх суларч, дархлаа буурсан энэ цагт та өөрийгөө л хайрлах нь сэтгэл санаагаа тордож буй нэг хэлбэр. Дахиж урт хугацаанд гэрээсээ ажиллах, өөртөө дүгнэлт хийх үе хэзээ ч тохиолдох юм билээ. Одоо л өөрсдийгөө хөгжүүлж, стрессгүй амьдралын хэвшилтэй болцгооё.

Хэрэв танд сэтгэлзүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах зайлшгүй хэрэгцээ үүсвэл сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжлийн эмч нартай 1800-2000 дугаарын утсаар холбогдох боломжтой. Үүнээс гадна мэргэжлийн сэтгэлзүйчид цахимаар шууд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа аж.

ЭРЧ ХҮЧ ДУТАГДАЖ, ЭМОРЧ ГУНИГЛАН СУУГАА ХУГАЦААНД ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЧУХАЛ

Зөв цагтаа хооллож, эрт унтах хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай болох нь өнөө цагт ихэнх хүний мөрөөдөл болжээ. Сэтгэлээ тогтоож барьж сурсан бол дасгал хөдөлгөөнийг ч хэвшил болгох боломжтой. Дадал зуршилтай болоход давтамж бас давтамж чухал байдаг. Тиймээс та олон нийтийн төрөл бүрийн сүлжээг ашигладаг бол идэвхтэй, бусдыг уриалж буй хэлбэр нь таныг дотроос тань зоригжуулж чаддаг багшийг олж болно. Мэдээж төлбөртэй эсвэл үнэгүй хичээл сонголт таны эрх. Хамгийн гол нь та хэн нэгнээс мотиваци авдаг бол түүнийг л бодох хэрэгтэй. Заавал олны танил хэн нэгэн байх албагүй. Тэр урам зориг авдаг хүн хэн ч байж болно. Магадгүй та гэр бүлийнхээ хайртай хүмүүсийнхээ төлөө сэргэг байж, өглөө бүр гүйдэг, эрүүл хооллолтын дэглэмтэй, иогоор хичээллэж идэвхтэй хөдөлгөөн хийхийг хүсч байгаа л бол арга зам нь амархан олдоно.

ГАДААД ХЭЛЭЭ ДАВТАЯ

Хэлтэй хүн хөлтэй гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой. Дэлхий ертөнцөд бидний олж хараагүй хачин сонин зүйлс, сурч мэдээгүй өргөн уудам мэдлэг байна. Гэтэл хүмүүс гадаад хэлний мэдлэг дулимаг байгаагаас олон боломжоос татгалздаг. Албан байгууллага, амин хувийн хэрэгцээнд ашиглах наад захын англи хэлний үгсийн сангаа 14 хоногт нэмэх боломж гарч ирж байна. Өдөрт тогтмол цаг зарцуулж чадвал өөр биднээс шаардах зүйл бараг үгүй. Үнэ төлбөргүй онлайнаар суралцах боломжтой сайтууд нэрлэвэл зөндөө бий. Үүнээс сонирхуулахад:

  • Duolingo сайт болон аппликейшн. Сурахыг хүссэн гадаад хэл дээрх үгсийг зааж өгдөг. Гэхдээ зөвхөн үг заагаад зогсохгүй. Энгийн өгүүлбэрт тухайн үгсийг ашиглаж нүд, чихэнд дасал болгодог давуу талтай.
  • Drops аппликейшн. Нэвтэрч орсны дараа зургууд гарч ирэх бөгөөд хэрэв та үгсийн сангаа баялаг болгохыг хүсвэл маш тохиромжтой гэдгийг онцолъё.
  • Харин хүмүүстэй харилцан ярилцаж хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсч байвал “Hello talk” аппликейшнийг санал болгож байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй та интернетээр холбогдож аудио болон видеогоор ярилцах давуу талтай. Харин хүнтэй харилцахад итгэлгүй байвал танд “Andy” хэмээх автомат хариулагчтай аппликейшнийг зөвлөж байна. Эдгээрээс гадна хэрэглэхэд хялбар, сонирхолтой вэб олон бий.

ГЭР БҮЛИЙН КИНО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Гэртээ байнга хамт байдаг ч харилцааны уур амьсгалаа халуун дулаан болгохыг хүсч буй гэр бүлд энэ аргыг санал болгож байна. Долоо хоногт хэдэн ч удаа кино үзэж болно. Гагцхүү нэгэн цагт цуглаж хамтаараа үзэх л хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ санал хураалт явуулж байгаад нэг кино үзэхээр тохиролцож болно. Киногоо дуусгаад шууд өрөө, өрөөндөө орж, утсаа барьж авахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Мөн олон ангит киноноос татгалзаарай. Нэг ангитай кино байвал илүү сонирхолтой. Учир нь амьд харилцааг бий болгох гэж байгаа учраас багахан хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ нь зөвхөн кино үзээд төрсөн мэдрэмж сонсоно гэхээс илүүтэй хайртай дотны хүнийхээ үзэл бодлыг хуваалцах, танин мэдэхүй, гоо зүйн хувьд ч чухал арга гэдгийг сэтгэлзүйчид онцолсон байна.

ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД ХҮССЭН НЭГ НОМОО УНШААРАЙ

Тархи унших тусам сэтгэдэг гэдэг. Тиймээс боломжгүй, завгүй гэдэг үгнүүдээ хойш тавиад нэг ном унших хангалттай хугацааг ашиглаарай. Найз нөхөд эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй ном уншилтын марафон зохиож туршиж яагаад болохгүй гэж. Эсвэл кино болон тухайн зохиолын номыг уншаад харьцуулалт хийж, мэдрэмжээ бусдад хуваалцаж ч болно. Цар тахлын тархалт нэмэгдэж, хөл хорионд орчихлоо гэдэг бодлоос илүү би ийм олон зүйлийг богино хугацаанд амжуулчихсан байна шдээ гэж уулга алдах ч юм билүү. Магадгүй хөл хорионы хугацааг сунгачихвал эдгээр өдрүүдийг хүн зүгээр сууж өнгөрүүлсэндээ харамсах нь лавтай.

ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАЖ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛ

Авьяасгүй хүн гэж байхгүй билээ. Гарын ур дүй, урлагийн торгон мэдрэмж, тэмдэглэл бичих, подкаст хийх, хөгжим тоглох гээд хүн бүхэнд нууц авьяас байдаг. Тэгвэл авьяасаа тордох үе болсон байна. Эсвэл шинэ чадвар эзэмшиж, хөгжмийн зэмсэг тоглож сурах, бүжгээр хичээллэх, бийрэн бичлэг туршиж үзэх ч боломжтой. Дотроо бодож явдаг мөрөөдлөө биелүүлж өөрийгөө хөгжүүлэх олон боломжоос шүүрээд авч чадвал хөл хорионы энэ үеийг хүн бүхэн халдварт ач холбогдол өгөхгүйгээр давах боломжтой. Гэхдээ энэ нь халдвар хамгаалалтын дүрэм журмыг баримтлахгүй бай гэсэн үг биш. Хамгийн чухал нь дархлаагаа дэмжиж өөрийгөө хөгжүүлж чадвал өвөө, эмээ болсон ч ярих дурсамжтай жилүүд өнгөрч байна гэдгийг хүлээж авах нь чухал билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж