Токиогийн олимпийн талаар улс орнууд ямар байр суурьтай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн олимпийн талаар улс орнууд ямар байр суурьтай байна вэ?

Токиогийн олимпийн талаар улс орнууд ямар байр суурьтай байна вэ?

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хүрэхгүй хоног үлдлээ. Ирэх долдугаар сарын 23-ны өдөр дэлхийн 205 улсын 10 мянга гаруй тамирчид Япон улсын нийслэл Токио хотод хуран чуулах төлөвтэй байна. Тэгвэл олимп ойртсон энэ үед Япон улс, гадаадын улс орнууд болон олон улсын олимпийн хороо ямар байр суурьтай байна вэ?


ЯПОН 

Өчигдөр/2021.04.14/ олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр Токио хотын захирагч Юрико Коикэ “Нүдэнд үл үзэгдэх covid-19 хэмээх дайсны улмаас олимп маань нэг жилээр хойшилсон. Энэ нь хүн төрөлхтний хувьд томоохон сорилт болсон. Өнөөдрөөс яг 100 хоногийн турш олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын тулд хүн бүхэнтэй хамтран ажиллаж, олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн Япон болон хилийн чинадаас ирэх гайхалтай тамирчдыг харахыг хүсч байна. Токиогийн олимп covid-19-ийг ялж чадсан хүн төрөлхтний мартагдашгүй арга хэмжээ байх болно” гэв.

Гэвч тус улсын ард иргэд өөр бодолтой байгааг “Kyodo News” агентлагаас гаргасан судалгаа харуулсан. Тус судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь зөв гэж үзэж байгаа бол 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжжээ. Хамгийн гол нь судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Учир нь олимп наадам эхлэхэд 100 хүрэхгүй өдөр үлдэж байхад Япон улс нийт хүн амынхаа 1 хувийг ч вакцинжуулж чадаагүй байна. Одоогоор 126 сая Япончуудын ердөө 1.1 сая нь вакцинжуулалтад хамрагдаж, 0.4 хувь нь хоёрдахь тунгаа тариулсан гэнэ.

Токиогийн олимпийн зохион байгуулагчид CNN сайтад өгсөн мэдэгдэлдээ “Вакцинтай, вакцингүй аюулгүй найдвартай олимпийн наадам зохион байгуулна. Нөгөө талдаа, бид вакцины ажлыг эрчимжүүлж, халдварын тархалтыг бүрэн бууруулж чадна гэдэгтээ итгэж байна” хэмээжээ.

БУСАД УЛС ОРНУУДЫН БАЙР СУУРЬ

Хойд Солонгос covid-19-ийн улмаас баг тамирчдаа Токиогийн олимпод оролцуулахгүй гэсэн нь хачирхалтай шийдвэр болсон. Одоогоор Хойд Солонгосоос өөр баг тамирчдаа олимпод оролцуулахгүй гэсэн улс алга. Өөрөөр хэлбэл, улс орон бүр Токиогийн олимпод баг тамирчдаа илгээнэ. Монгол улс ч аль хэдийнэ бэлтгэл ажлаа хангаад баг тамирчид болон албаны хүмүүсээ вакцинд хамруулчихсан.

Британийн олимпийн холбооны дарга Сир Хью Робертсон BBC радиод өгсөн ярилцлагадаа “Токио руу явахаасаа өмнө тамирчдаа вакцинжуулах зорилготой байгаа. Засгийн газраас ч долдугаар сарын төгсгөл гэхэд бүх насанд хүрсэн иргэдээ вакцинжуулах зорилготой гэдгээ хэлсэн. Бид үүнд итгэлтэй байгаа” гэв. Одоогоор Латви, Литви, Унгар, Серби, Израил, Шинэ Зеаланд тэргүүтэй улс орнууд баг тамирчдаа вакцинжуулах ажлаа эрчимжүүлээд байна. Харин Герман, Канад, Их Британи, Итали, ОХУ зэрэг улсууд тамирчдаа сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө хүсэлтээр вакцинд хамрагдахыг уриалж байгаа.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн улсынхаа тамирчдыг олимпийн наадамд оролцох гэж байгаа л бол заавал вакцинд хамрагдах ёстой гэв.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ БАЙР СУУРЬ

Олон улсын олимпийн хороо Токиогийн олимпийг амжилттай, аюулгүй зохион байгуулахын тулд бүхнээ дайчилна гэдгээ мэдэгдсэн. Олон улсын олимпийн хорооны гишүүн Жон Коутс “Эргэлзэх зүйлгүй олимпийн наадам зохион байгуулагдана. Байж болох хамгийн аюулгүй олимп нээлтээ хийнэ. Бид Япон улсын нийгмийн аюулгүй байдал, тамирчид болон бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах болно” гэв.

Тус хорооны зүгээс олимпийн үеэр тамирчдын мөрдөх журмыг танилцуулсан. Энэхүү журманд зааснаар хилийн чинадаас Япон улсад айлчлах баг тамирчид юун түрүүнд эх орондоо шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан байх ёстой ажээ. Мөн Япон улсад ирснээсээ хойш 14 хоногийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохион байгуулагчдад гаргаж өгнө.

Олон улсын баг тамирчид, албаны хүмүүс Япон улсад ирээд, зөвшөөрөлгүй нийтийн тээврээр зорчих, зоогийн газар дэлгүүрүүдээр явахыг хориглож байгаа бөгөөд албан тушаал, гүйцэтгэж буй үүргээс нь хамаарч covid-19-ийн шинжилгээнд шат дараалалтай хамрагдана гэж дээрх журамд заажээ. Хэрэв тамирчдаас халдвар илэрвэл Япон улсын дүрэм журмын дагуу тусгаарлагдах аж.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өнгөрөгч гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ “Токиогийн олимп зохион байгуулагдах уу гэдэг асуулт биш. Харин хэрхэн зохион байгуулагдах вэ гэдэг л асуудал" хэмээн ярьсан. Үүнээс харахад олимпийн наадам ирэх зун хуваарийн дагуу асуудалгүй зохион байгуулагдана. Хамгийн гол нь ямар зохион байгуулалттай явагдах вэ гэдэг нь л анхаарал татаж байна. Томас Бахын хэлснээр вакцин бол олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулах түлхүүр биш гэсэн. Япон улсын байдлыг харахад ч олимп хүртэл хүн амынхаа хангалттай хувийг вакцинжуулна гэдэг бүтэшгүй мэт байна. Тиймээс дэлхийн 200 гаруй улсын 10 мянга гаруй тамирчдаас л сахилга бат шаардах хэрэгтэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж