"Харшлаас covid-19-ийн гол ялгаа нь халуурч, булчин өвдөх"

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

"Харшлаас covid-19-ийн гол ялгаа нь халуурч, булчин өвдөх"

"Харшлаас covid-19-ийн гол ялгаа нь халуурч, булчин өвдөх"

Монголын харшил судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар хүмүүс хотын суурьшмал  амьдрал руу шилжихийн хэрээр харшил ихэсч байгааг тодорхойлжээ. Тухайлбал хөдөө суманд амьдардаг иргэдийн дунд харшлын өвчин харьцангуй ховор. Гэтэл нийслэлчүүдийн дунд харшил, астмын өвчлөл орон нутгийн иргэдээс 3-5 дахин их тохиолдож байгааг тогтоосон байдаг. Тиймээс харшлын өвлчлөлийн талаар Анагаах ухааны доктор,  Х.Алтанзултай ярилцлаа.


-Хотжилтыг дагасан тоосжилт харшлын өвчин үүсэхэд хамгийн их нөлөөтэй гэх нь ч бий. Харшил ихэсч байгааг та хувьдаа хэрхэн тодорхойлох бол?

-Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр суурьшмал хотын амьдралд шилжиж байна.Үйлдвэржилт, барилга, орчны бохирдолт, олон төрлийн химийн бодис, органик бус хоол хүнс, бордоо, химийн бодисоор бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээний бодис, тоос шороо гээд маш олон төрлийн бодистой бие организм учирч байна. Нөгөө талаар хүн эрүүл ахуйн хэм хэмжээ сайн хангагдсан орчинд амьдрахын хэрээр дархлаа тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварт өөрчлөлт орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварын зүйлээр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй.  Тухайлбал, хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс болох  нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасахаар  хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж халдварын биш ургамлын тоос, амьтан, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшлаар өвчилдөг болчихоод байгаа юм. Харшил гэхээр зөвхөн нүд улайж загатнах, хамар битүүрэх, нус гоожих, эсвэл арьсан дээр тууралтаар илэрдэг гэж ойлгож болохгүй. Харшлын өвчиний үед олон эрхтэн системийг хамарч тэр дундаа амьсгалын зам, арьс, хоол боловсруулах замын эрхтэнгүүд, цус, үе мөч, зүрх судасны систем хамрагдаж болно.

-Монгол Улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай гэгддэг. Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилтай гэх тоон судалгаа ч бий. Өдийд ургамлын харшил идэвхждэг. Яг ямар ургамлын харшил эхэлж байгаа вэ?

-Хаврын улиралд цаг агаар хуурай, тоос шороо ихтэй болдог. Түүнчлэн ургамал ногоо, мод бутны цэцэглэлт тоосжилт эхэлдэг. Хавар ургамлын харшилаас гадна нарнаас хамааралт арьсны харшлын өвчнүүд мөн сэдэрдэг. Ургамлын харшилтай хүмүүс ихэнхи тохиолдолд 2-3, 5-7 төрлийн харшилтөрөгчинд харшилдаг. Тавдугаар сарын эхээр модны цэцэглэлт тоосжилт,  дараа нь үет ургамлын цэцэглэлт эхэлдэг. Удахгүй ерхөг, согоовор, биелэг зэрэг үет ургамлын тоосжилт эхэлнэ. Үүний дараа хөл газрын ургамал буюу шарилж луулийн цэцэглэлтийн үе эхэлдэг. Хөл газрын ургамлын тоосжилт цэцэглэлтийн хугацааны хувьд  долдугаар сарын 10-аас наймдугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг.  Агаарт тархах ургамлын тоос нь хүний амьсгалын зам хамрын хөндийгөөр орж, нүдний талст дээр бууж өвчлүүлдэг. Ургамлын тоос харьцангуй овор томтой учраас хамрын хөндийд шүүгдэж амьсгалын дээд замын харшлын шинж тэмдэг нусгайг үүсгэдэг. Харин гэрийн тоос, нүдэнд үл үзэгдэх хачигны гаралтай жижиг тоосонцорууд амьсгалын доод зам хүртэл нэвтрэн орж астма үүсгэнэ. Энэ нь улирал хамааралгүй байдаг.

-Нөгөөтэйгүүр харшлын үеийн  амьсгалын замын шинж тэмдэг нь Covid-19 халдвартай төстэй шүү дээ. Тухайлбал, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, нус гоожих, найтаах ханиалгах зэргээр илэрдэг. Тэгэхээр харшил болон Covid-19 халдварыг хооронд нь хэрхэн ялгах вэ?

-Харшлын шинж тэмдэг дийлэнхдээ хамар битүүрэх, найтаах, нүд болон арьс загатнах, толгой өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Харин Covid-19 халдварын үед өндөр халуурах, амархан ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ерөнхийдөө харшлын үед халуурахгүй, бүх бие янгинахгүй, булчин өвдөхгүй ханиалга бараг байдаггүй.

Иргэдийн дунд нэг буруу хандлага бий. Энэ нь хамар нь битүүрч, нүд нь улайж, найтайлгаад л эхэлбэл харшил гээд эм ууж, дусаалга хэрэглэдэг. Уг нь харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тодорхой болгож л эм уух ёстой байх  л даа?

-Тийм ээ. Иргэдийн дунд дур мэдэн эмийн сангаас хамар, нүдний тусаалга, эм уугаад л зүгээр болчихно гэсэн хандлага бий. Олонх иргэд нүд загтнаж, хамар битүүрэхээр ургамлын харшил гэж ойлгодог. Гэтэл үнэхээр харшилтай эсэх, харшил нь ургамлаас, тоосноос, эсвэл өөр төрлийх байна уу гэдгийг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид зайлшгүй хандах ёстой. Ямар төрлийн ургамлаас харшилтай байгаа, тэр нь хэдээс хэдэн сарын хооронд үргэлжлэх, үүний тулд ямар эм тан хэрэглэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэхгүй удвал харшил хэрхэн хүндэрч болохыг мэргэжлийн эмчид хандсанаар мэдэх боломжтой.

Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам ууж болохгүй гэдэг. Үүний шалтгааныг тайлбарлавал?

-Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух юм бол харшил нь сэдэрч хүндэрдэг. Тухайн хүн ямар харшилтөрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнсийг хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоочихсон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Наранцэцгийн харшилтай хүн майонез, гич идэж болохгүй. Энэ үед ам, уруулын салст хавагнах, загатнах, хоолой боох, арьсан дээр тууралт гарах, Квинкийн хаван үүсэх зэрэг шинж тэмдэг илрэнэ.   Хүнсний харшилтай хүмүүст амь насанд аюултай дархлааны хүчтэй урвал анафилаксийн шок үүсэж болохыг анхаарах хэрэгтэй.  Харшилтай хүнд хориглох хүнсийг  мэргэжлийн эмч зөвлөнө. Харшилтай гээд мах гурилаас бусдыг хориглож хүнс тэжээлийн дутагдалд оруулж болохгүй.

-Харин арьсны харшлын талаар 

-Хүмүүсийн ихэнх нь арьсан дээр гарсан тууралт болгоныг харшил гэж ойлгоод байдаг, тийм дээ ч харшлын сорил өгөөд хамаг учир шалтгаанаа мэдчихнэ гэж буруу бодох тал бий. Гэтэл арьсны зарим өвчин нь л харшлын шалтгаантай байдаг, жишээ нь атопийн дерматитийн зарим хэлбэр, чонон хөрвөс, пруриго гээд. Харшлын гаралтай арьсны өвчнүүд нь мөн ялгаагүй амаар орж ирж буй хоол хүнс, эм тариа, амьсгалж буй агаарт байгаа тоос шороо, ахуйн тоосны хачиг, амьтан шавьжны эд, үс ноос, мөөгөнцөр, гэр ахуйн болон ариун цэвэр, косметикийн бодис зэрэг  хүрэлцэж буй орчны бодисууд мэдрэгшүүлдэг.

-Харшил удамшдаг өвчин үү. Эцэг, эхчүүд “Миний хүүхэд намайг дуурайгаад харшилтай’’ гэх юм?

Харшлын өвчин нь өөрөө удамшина гэхээс илүү харшламтгай байдал, дархлааны системийн онцлог удамшдаг. Эцэг эх арьсны харшилтай байхад хүүхэд нь амьсгалын замын харшилтай байж болно. Хүүхэд багадаа харшилгүй байсан ч насанд хүрээд ямар нэг зүйлээс харшилтай болох магадлал өндөр болдог.

-Тэгвэл харшилтай хүнд ямар эмчилгээ хийвэл  зовиур, шинж тэмдэггүй  сайхан амьдарч болох вэ?

-Харшил төрөгчөөс зайлсхийх гэдэг бол эмчилгээний хамгийн гол зам. Яг юунд харшилтай вэ гэдгээ оношлуулж шалтгаанаа мэдэх нь чухал. Үүнийг эмч тодорхой шинжилгээнүүд хийж тодорхойлно. Харшлын шалтгааныг илрүүлэх цусны шинжилэгээ, арьсны сорилын аргууд байдаг. Харшлын шалтгаанаа найдвартай мэдрэг сайн аргаар тогтоолговол эмчилгээ хийхэд үр дүн сайтай байдаг.   Энэ арга нь урт хугацаанд хийгддэг учраас  эмч, үйлчлүүлэгч хоёроос их тэвчээр шаарддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж