Цайны данх, шанагатай ЗАМ ЗАСВАР

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

Цайны данх, шанагатай ЗАМ ЗАСВАР

Цайны данх, шанагатай ЗАМ ЗАСВАР

Цайны данх, шанага бариад замын нөхөөсний ажил хийж буй зам засварынхны зураг олон нийтийн сүлжээнд трэнд болов. Энэ зургийг хараад ёгтлох нэгэн байхад ийм байгаадаа харамсах хүн цөөнгүй. Юутай ч гудамж талбайн хөдөлгөөн татарч, сэлүүхэн болсон тул Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын зам засвар арчилгааг эрчимжүүлэхийг үүрэгдсэн.  Хөл хориог ашиглаад замаа засаад авъя гэдэг зөв санаа. Гэвч замчдын ажлын багаж нь ундааны сав, данх, шанага төдийхөн байгаад л иргэд шүүмжлэлтэй хандаж буй юм. Тиймээс жил болгон замын ашиглалтын мөнгө гэж машин болгоноос хурааж авдаг татвар төлбөр, хураамж чухам юунд зарцуулж буйг тайлагнахыг иргэд хотын удирдлагуудаас шаардаж буй нь бас зөв.

Нийслэлийн  10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг эхлүүлжээ. Нийтдээ зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.  Нийт 10 бригад, 140 гаруй инженер техникийн ажилтан, албан хаагч ажиллаж байгаа аж. Тэдний ажлын гол багаж цайны данх, галын сийлтүүр, ундааны савнаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед зам засварын ажлыг цалгардуулалгүй хийж байгаад баярла гэх нь холгүй тайлбарыг албаныхан өгч сууна.

Замын инженерүүдээс замын хагарлыг нөхөхөд ямар төхөөрөмж ашигладаг талаар тодруулахад “Авто замд байнгын хагарал үүсч байдаг. Энэ хагарлыг нөхөхийн тулд битум /замын хар тос/ хайлуулж, гагнаас хийдэг. Хамгийн гол нь замын хагарлыг сайтар цэвэрлэх нь чухал. Өндөр градуст хайлсан битумыг ямар саванд хийх нь сонин биш. Хүмүүс харагдах байдлаас нь шүүмжилж, шоолж байна” гэв.

Тэд  "Бид хувин, будгийн лааз цоолоод замын хагарал нөхдөг. Харин ч цайны данх ашигласан нь боловсон харагдаж байна лээ" хэмээн хошигнож байлаа. Салбараа энэ мэт өмөөрөх нэгэн байхад зарим эрдэмтэн судлаачид үүнийг төсөв мөнгөтэй холбов.

"ДАНХ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨХ ХЭРЭГТЭЙ"

ШУТИС-ийн авто замын салбарын доктор, профессор Б.Болд  “Хүйтэн, дулааны улиралд авто зам агшиж, тэлснээс болоод хагардаг. Дээрээс нь байнгын автомашин явж байдаг. Тэр үүссэн хагарлыг чийг орохоос нь өмнө битумаар бөглөж өгч байгаа гэсэн үг. Замын эвдрэлээсээ хамаарч ямар ч техник технологи ашиглаж болно. Замын хагарал нөхөхдөө өндөр даралтаар шахдаг тоног төхөөрөмж Монголд байдаг. Зарим мэргэжилтнүүд ганцхан Монгол гэлтгүй Япон, Солонгос, АНУ-д ч адил төрлийн данх, сав хэрэглэдэг гэдгийг хэлсэн байна лээ.

Данх гэхээс илүүтэй энд эдийн засгийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Монгол Улсад авто замын засвар, арчлалтын ажилд төсвийг сайн тавьдаггүй. Гэтэл хэрэглэгчид нь чанар шаардаад байдаг. Ийм нөхцөлд гарын доорх материал ашиглаж ажиллаж байна. Заавал үнэтэй тоног төхөөрөмж ашиглах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Нөгөө талдаа замын салбарыг бүгд мэддэг юм шиг ярьцгаадаг. Салбарын хөгжлөөс илүү мөнгөний асуудлыг ярьж, мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсон” гэв.

Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгаад, ирэх сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх гэнэ.

Монголын зам засвар, арчлалтыг техник хэрэгсэл нь данх, шанаганаас хэтрээгүй,  авто машины хураамж, татвараа чухам юунд зарцуулдаг нь тодорхойгүй олон жил ингэж явжээ, бид.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж