Дуа Липаг залгамжлах дараагийн супер од Грифф

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дуа Липаг залгамжлах дараагийн супер од Грифф

Дуа Липаг залгамжлах дараагийн супер од Грифф

Английн поп хөгжмийн ертөнцөд Дуа Липа хүчтэй өрсөлдөгчтэй болжээ. Учир нь Грифф хэмээх тайзны нэрээрээ олонд танигдаж эхлээд буй дуучин бүсгүйг хүмүүс “Дуа Липаг залгамжлах дараагийн супер од” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд яруу найрагч, ая зохиогч, продюсер, стилист, дизайнер, найруулагч, дуучин гээд “есөн шид нь бүрдсэн” шинэ од Гриффийг онцолж байна.

Грифф анх хэрхэн хөгжим бүтээх талаар "Youtube" сувгуудаас бичлэг үзэн сурж, түүнийгээ ахынхаа “Logic” студи дээр туршсаар хөгжмийн мэдлэгтэй болж, 2019 онд “The Mirror Talk” дуугаа цацан хөгжмийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр орсон байна. Түүнийхээ дараа Грифф “Say It Again”, “Good Stuff” зэрэг дуу бүтээн цацсан нь олонд сайшаагджээ. Зөвхөн дуунаас гадна Гриффийн өвөрмөц төрх, чамин үс засалт зэрэг нь түүнийг алдартай болоход багагүй нөлөөлж байна. Грифф амьдралын үнэн бөгөөд өөдрөг талыг мэдрүүлсэн шүлэг, чадварлаг дуулалтаараа олны анхаарлыг татаж, Диснейн өнгөрсөн оны зул сарын сурталчилгааны ард дуулжээ. Мөн тэрбээр 2021 оны "BBC" агентлагийн "Sound" дуу хөгжмийн шагналд нэр дэвшжээ.

Бага нас ба эцэг, эх

Дуучин Грифф буюу Сара Фэйт Гриффитс 2001 оны нэгдүгээр сарын 21-нд төрж, Их Британийн Хартфордшир хотод өсчээ. Гриффийн аав эртнээс Их Британид ирж суурьшсан Ямайк гэр бүлээс гаралтай хүн гэнэ. Гэхдээ Грифф нагацуудтайгаа илүү ойр өссөн гэнэ. Түүний ээж нь Вьетнамын дайны үед Англид дүрвэн очсон хятад гаралтай хүн аж. Гриффийг бага байхад эцэг, эх нь өнчин хүүхдүүдийг асран хамгаалж, улсаас тэтгэмж авдаг байжээ.

Гриффийн дурссанчлан тэрбээр анх 2008 онд найман настайдаа дуучин Тэйлор Свивтийн “Fearless” цомгийг суулгасан халаасны хөгжим бэлгэнд авснаасаа хойш хөгжимд хайртай болсон гэдэг. Нэгэнт хөгжимд дурласан бяцхан охин ахынхаа зөөврийн компьютероор цахим орчинд нэвтрэн Youtube дээрээс хөгжим хийх заавар бичлэг үзэн анхан шатны мэдлэг авч, дуучин болоход хэрэгтэй бүхнийг өөртөө шинээр заан сургасан аж. Хэдий тийм ч тэрбээр цаашид амжилттай дуучин болж чадна гэдэгтээ итгэлгүй байсан тул сургууль дээрээ хөгжим сурч байгаа талаараа бусдаас аль болох нууцалдаг байжээ. Хожим Грифф энэ талаараа “Хэн ч сургууль дээр “Би дуучин болмоор байна” хэмээн үргэлж хий мөрөөдлөө ярьдаг хүнд дуртай байхгүй шүү дээ” хэмээн дурчээ. Эцэст нь Грифф сургуулиа дүүргэмэгцээ дараагийн түвшний академик сургуульд суралгүй жил өнжиж, тэр хоорондоо хөгжмийн боловсролдоо анхаарч жинхэнээсээ дуучин болжээ. Тэрбээр Грифф нэрээр дуулж эхэлсэн талаараа “Сара Гриффитс гээд дууныхаа өмнө залгавал хөөрхөн харагдахгүй юм шиг санагдсан. Дуучин Сара Гриффитс гэвэл яг л дөрвөн хүүхэдтэй нас тогтсон эмэгтэй шиг сонсогдож байгаа биз дээ” хэмээн тайлбарлажээ.

Урлагийн гараа

2019 оны долдугаар сарын 4-нд Грифф Warner Records компанитай гэрээ байгуулснаа зарлаж, тэр өдөртөө шууд анхны дуу, анхны клип “Mirror Talk”-аа олны хүртээл болгожээ. Хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харахад Грифф тус дууныхаа үгийг нэг цагийн дотор бичсэн аж. Тэр үеийг Грифф сургуулийнхаа төгсөх шалгалтад тэнцээд удаагүй байхдаа цацаж, олны магтаалыг сонсч, олон амжилт ойр ойрхон давтагдсан учир амьдралынх нь хамгийн сайхан үеүүдийн нэг хэмээн тодорхойлжээ.

Гриффийн анхны дууг Billboard “Сэтгэл татам үгтэй, хүчирхэг хоолойтой, шинэ хит” хэмээн тодорхойлсон байна. “Mirror Talk” дуу цацагдсанаас ердөө сарын дараа Грифф дараагийн дуу “Didn’t Break It Enough”-ыг цацсан нь мөн л олны анхаарлыг татсан аж. Эл дууны клип дээрх хувцсыг Грифф өөрөө урласан гэнэ. Түүний дараа удалгүй 2019 оны аравдугаар сард Грифф “Paradise” уран бүтээлээ олны хүртээл болгосноор нэр хүндээ улам өсгөсөн байна.

Түүний дараа 2020 оны хоёрдугаар сарын 7-нд Гриффийн “Good Stuff” дуу хит болжээ. Хүмүүс анх тус дууг сонсоод романтик салалтын тухай дуу хэмээн эндүүрсэн гэнэ. Харин Гриффийн тайлбарласнаар тэрбээр уг дуугаа эцэг, эхийнх нь асардаг байсан өнчин хүүхдүүдэд зориулсан гэнэ. Тухайн үед танихгүй өнчин хүүхэд Гриффийн гэрт ирээд, төрсөн ах, эгч, дүү болтлоо дотносчхоод яваад өгдөг байсан нь түүнд их хүндээр тусдаг байсан аж.

Эх сурвалж: BBC OFFICIALCHARTS VICE COMPLEX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж