Covid-19-ийг хамрын ханиадтай адилтгаж, адууны мах сармисаас эдгээчихнэ гэж "аархаж" суусан монголчуудад аюул яг дэргэд чинь байгааг ЭМЯ-наас өгсөн мэдээ анхааруулга болов. Гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй таван хүн нас барсан харамсалтай мэдээг сонссон хэн бүхэнд айдас, хүйдэс төрсөн байх. Гэвч, яагаад тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнгүй вэ гэх асуулт хөндөгдөж байгаа юм.
Халдвар тохиолдол мянгаас хол давж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүнд өвчтөний тоо улам бүр нэмэгдэж буйг ЭМЯ өдөр бүр анхааруулж, цаашдаа нас баралт нэмэгдэх эрсдэл байгааг сануулсаар.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн гэрээр тусгаарлахаар болсон. Одоогоор 3100 гаруй хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр өөрийгөө эмчлэх явцдаа өвчнөө хүндрүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Олон улсын туршлагаас харахад багтаамжтай заал, том барилгуудыг түр эмчлэх, тусгаарлах байр болгон ашиглаж байна. Манайд ч хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэхэд ашиглах байр талбай бий. Гэхдээ яагаад энэхүү туршлагыг амьдрал дээр авч болохгүй байна вэ. Тэгвэл мэргэжлийн хүмүүс хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлах байр байлаа гэхэд эмч сувилагчид хүрэлцэхгүй байгааг учирлаж сууна.
Харин албаны хүмүүс гэрээр нас барсан халдвараас болсон уу өөр өвчнөөс болсон уу гэдгийг тогтоохоор шинжилгээ хийж байгаа гэв. Тодруулбал, covid-19-өөр нас бараагүй ч байж болно гэсэн утгатай тайлбар хийж сууна.
ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
-Гэртээ нас барсан гэх хүмүүсээс Covid-19 илэрсэн ч, нас баралтын шалтгаан нь цар тахал биш байж болно. Өөр өвчнөөс шалтгаалаад нас барсан байх магадлалтай. Бид үүнийг тогтоохоор ажиллаж байна. Бие нь муудвал аль ч эрүүл мэндийн салбарт очих боломжтой. Шинжилгээний хариу гартал биеэ өвтгөөд гэртээ байгаад байж болохгүй. Ямар ч шалтгаантайгаар өвдсөн байж болно. Энэ тохиолдолд харьяа эрүүл мэндийн төвүүд дээр очоод яаралтай тусламж авч болно. Гэрийн тусгаарлалтыг НЭМГ хариуцаж байгаа" гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас ирэх тавдугаар сард дахин халдварын тоо өсөх тооцооллыг гаргасан. Өдөрт илэрч байгаа халдварын тоо 1000 давж эхэлсэн гээд цар тахал давалгаа буурахгүй байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас шуурхай арга хэмжээ авч, өвчлөлийг бууруулах, халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээнүүдийг авах ёстой. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш таван сар өнгөрч, энэ хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон ч нэмэр болсонгүй. Харин ч халдварын тоо гэрлийн хурдаар өсч байна. Олон арван сая хүнтэй Япон, Солонгост өдөрт хамгийн ихдээ л 500-600 тохиолдол шинээр илэрч байхад 3,3 сая хүнтэй Монгол Улсад 1000 гаруй тохиолдол гэдэг бол цар тахал жинхэнэ утгаараа нүүрлээд байна гэсэн үг.
"ХАЛДВАРЫН ТОО БУУРАХГҮЙ БОЛ ТҮР ТУСГААРЛАХ БАЙРУУДЫГ БАРИХ ХЭРЭГТЭЙ"
Халдварын тархалтыг багасгах гол зэвсэг болсон вакцины хүртээмж, олдоц бидний хүсэл зорилгоос үл хамаарч байгаа энэ үед вакцин ирэхгүй бол яах, одооны арга хэмжээнүүдэд ямар алдаа дутагдал байгааг тооцож, хөл хорио тавигдсаны дараа хэрхэх талаар амьдралд нийцсэн, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан шийдвэр гаргахыг нийгэм даяараа хүлээх боллоо.
Яг үнэндээ асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хариуцлагагүй байгаа нь, халдвар авсан хүмүүсийг гэрээр тусгаарлаж байгаа нь нас баралт улам нэмэгдэхэд хүргэж байгаа юм.
Бусад орны туршлагаас харахад өвчтөнийг хөнгөн хүндээс нь үл хамааран аль болох эмнэлэгт эмчлэхийг зорьдог юм байна. Ингэхдээ түр эмнэлэг байгуулж, халдварыг цааш тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол Улс ч ажиллахгүй байгаа газруудыг түр ашиглан энэ туршлагыг хэрэгжүүлж болмоор. Тухайлбал, халдварыг хэрхэн багасгасан талаарх БНХАУ-ын туршлагаас сонирхъё. Тус улсын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас “Хятад улсын Covid-19 цар тахлын эсрэг явуулсан үйл ажиллагаа” хэмээх цагаан ном гаргасан билээ. Уг номонд, Эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлсэн талаар онцолжээ.
“Улсын хэмжээнд 2000 гаруй эмнэлгийн байгууллага, хүнд өвчнийг анагаах эмнэлгийг бий болгож, 10 мянга гаруй түргэн тусламжийн диспансерийг байгуулсан. Уханьд орны тоог нэмэх, эмнэлгүүдийг заан тогтоох, түр эмнэлгүүд, тусгаарлах цэгүүд зэргийг байгуулах шуурхай цахим сүлжээг байгуулсан. Түүнчлэн, түр эмнэлгүүдийг байгуулсан нь хөнгөн хэлбэрийн халдвар авагсдыг эмчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, халдвартай хүмүүсийг эмчлэхэд хангалттай ороор хангаж байсан юм.
- Хоёрдугаар сарын 3-наас түр эмнэлгийг байгуулах шийдвэр гаргаж
- Мөн сарын 5-ны өдөр хүмүүсээ хүлээн авч эмчилж
- Мөн 16-ны өдөр гэхэд түр эмнэлгийг байгуулж орны тоог 12 мянгад хүргэсэн. Хоёрдугаар сарын 16-ны өдөр гэхэд хоосон орнууд гарч, цар тахлыг бүрэн хяналтдаа авчээ.
- 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр гэхэд эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо оношлогдсон хүний тоотой тэнцэж, эргэлт гарсан” гэж онцолжээ.
Бодит амжилтад хүрсэн ийм сайн жишээ байна. Тиймээс гэрээр эмчилж байгаа аргаа өөрчилж, өөр хувилбарт шилжих цаг болжээ. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос шаардлагатай бол Бөхийн өргөө, Буян-Ухаа спорт заалыг ашиглахаа мэдэгдсэн ч өнөөдөр тэдний ашиглах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Гэвч халдварын тоо нэмэгдэхийн хирээр нас баралт өсөх хандлагатай байгаа судлаачид хэлж байгаа учраас гэрийн тусгаарлалтын эмчилгээнд анхаарлаа хандуулах цаг болсныг 5 хүний амь харуулчихлаа. Тэгэхгүй л бол гэрээр эмчилж байгаа нэрээр (үнэндээ халдвартай иргэдийг зөнд нь орхиж байгаа) нөхцөл байдлыг хүндрүүлж, олон хүний аминд хүрэх эрсдэл дагуулж байна.
ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙСАН ХҮН НАС БАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ
НЭМГ-ын орлогч дарга Л.ЗЭНДМАА:
-Гэртээ нас барсан гэх хүмүүс нь суурь өвчтэй байсан болохоор шууд Covid-19-өөр нас барсан гэж дүгнэж болохгүй. Гэрийн тусгаарлалтад байсан хүн нас барсан тухай мэдээлэл надад ирээгүй. Бид холбогдох журмын дагуу тусгаарлалтын ажлыг зохион байгуулж байгаа.
"ГЭРЭЭР ЭМЧЛЭХЭЭР БОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ"
МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэхээр болсон нь харамсалтай. Учир нь, гэрээр тусгаарлагдаж байгаа тохиолдолд өвчтөн биедээ хайхрамжгүй хандаж хүндрэх эрсдэлтэй. Ингэснээр нас баралтын тоо ихэснэ. Нас баралт манайд 1000 хүнд 2-3 байсан бол одоо дэлхийн жишигт буюу 100 хүнд 2-3 тохиолдол руу нэлээд дөхөх болж байна” гэж онцолсон.
Тэгвэл доктор Т.Бэгзсүрэнгээс өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын тоо болон нас баралт, халдварын тоог багасгах ямар боломж байгааг нэмж тодруулахад “Өчигдөр /2021.4.14/ 1220 гаруй тохиолдол бүртгэгдэж байгааг гайхах хэрэггүй. Учир нь, судалгаанаас харахад өдөрт 800-1200 тохиолдол бүртгэгдэнэ гэж бид өмнө нь хэлж байсан. Өчигдөр 1220 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт гадуур олон хүн бужигналдсаны гор. Халдварын нууц үе ч ингэж таарч байна. Халдварын эрчим нэгээс дээш байгаа тохиолдолд эрсдэл өндөртэйд тооцогддог бол одоогоор 1.4 байгаа. Бид байнга эрсдэлтэй түвшинд амьдарч байна. Энэ удаагийн хөл хорионы хоёр дахь долоо хоног, хөл хорионы дараах 1-2 дахь долоо хоногт халдварын тохиолдол буурах зүй тогтол байна. Харин түүнээс цааш дахиад халдварын тоо нэмэгдэнэ. Вакцинжуулалтаа идэвхтэй хийж чадахгүй байгаа энэ үед халдварын эрчмийг бууруулах боломж нь хөл хорио. Урт хугацааны хөл хорио нь хүмүүсийг залхаадаг тул богино хугацаанд давтамжтай хөл хорих нь үр дүнтэй талаарх тооцоолол байдаг” гэлээ.
Холбоотой мэдээ