Япон улсын Засгийн газар Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг ослоос сэргийлэхэд ашигласан цацраг идэвхит бодистой нэг сая гаруй тонн усыг Номхон далайд асгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Японы эрх баригчдын энэхүү шийдвэрийг хөрш Хятад, Өмнөд Солонгос, Тайвань улсууд хүчтэй эсэргүүцсэн байна.
Цацраг идэвхит усыг хөрш орнууд болон Олон улсын атомын эрчим хүчний агентлаг IAEA-тай зөвшилцөлгүйгээр далайд асгахгүй байхыг Хятадын Гадаад хэргийн яамнаас уриалаад шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаа илэрхийлжээ.
Мөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам дээрх асуудлаар Сөүл дэхь Япон улсын элчин сайд Койчи Айбошид эсэргүүцлийн нот бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн хортой усаа далайд асгах шийдвэрээ цуцлахыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ Сөүл хотод зохион байгуулагджээ.
Тайванийн Атомын эрчим хүчний зөвлөл мөн Японы засгийн газрын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд цацраг идэвхит бодист хордсон усны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Японы Засгийн газраас шаардсан байна.
Одоогоос 10 жилийн өмнө болсон газар хөдлөлт, цүнамигийн гамшгийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарч, цөмийн реакторыг нь хөргөхөд их хэмжээний ус ашигласан юм. Энэ усыг тусгай саванд хадгалж байгаа бөгөөд цаашид хэрхэх тухай асуудал олон жил тус бүс нутагт маргаан дагуулж байна.
Эх сурвалж: Kyodo News
Холбоотой мэдээ