Зөвлөлдөх цахим уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх цахим уулзалт боллоо

Зөвлөлдөх цахим уулзалт боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.04.14/ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт боллоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, БСШУ-ны Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамүра Эрико, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэрүүлэх ажилтан  Б.Сэржав , Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах, “Оюунтүлхүүр” сангийн тэргүүн Д.Оюунтүлхүүр нарын зэрэг хүмүүс оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх цахим уулзалтыг нээж үг хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэн амилуулах нөр их ажил парламентад өрнөж байна. Эхнээсээ бодит ажил хэрэг болж шүүхийн шударга ёс, хараат бус байдал, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангасан томоохон хуулиуд батлагдаж, Монголын нийгмийг хувьсган өөрчлөх хувьсгалт үйл явц амжилттай үргэлжилж байна. Монголын парламент Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын  гэсэн “Гурван хувьсгал”-ын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нийгмийн бодлогын хувьсгал буюу эрүүл мэнд, боловсролын салбарт хийх өөрчлөлт шинэчлэлт эрчимжиж байна хэмээн онцлов. Мөн Эдийн засгийн хувьсгалын хүрээнд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хөгжлийн бодлогыг шинэчлэн томъёолох, Монгол загвар бий болгох нь нэн чухал зорилт болоод байна. Тиймээс энэ сэдвээр мэргэжлийн, туршлагатай хүмүүсийн санал бодлыг сонсож, хэлэлцэн зөвлөлдөх зорилгоор энэхүү Зөвлөлдөх цахим уулзалтыг зохион байгуулж байна гэж дурдлаа.

Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Энх-Амгалан боловсролын реформыг цаг алдалгүй хийх нийгмийн шаардлага байна. Удахгүй Боловсролын багц хуулийг УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа. Хаврын чуулганаар уг багц хуулиудыг хэлэлцүүлнэ гэлээ. Энэ хуулиуд батлагдсанаар боловсролын хөтөлбөрүүд хамгийн багадаа 10 жилээр тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоо руу шилжих үндэс суурь бүрдэнэ гэдгийг онцоллоо.

"Япон лугаа адил хөгжье" санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан тус цахим уулзалтад Японы хөгжлийн загвар, туршлага, Монголд хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар оролцогчид өөрсдийн санал бодлыг илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ өнгөрсөн 30 жилд Монгол Улсад  үндэсний үйлдвэрлэл уналтад орж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай, өөр хоорондоо уялдаагүй олон бодлого загварыг гаднаас хуулбарлаж хэрэгжүүлсэн нь тогтолцоо болж төлөвшсөнгүй, идээшиж нутагшсангүй.

Бүх улс оронд тохирох хөгжлийн нэг жор гэж үгүй. Улс үндэстний онцлог, боломж нөөц, нөхцөл байдалд тохирсон нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, систем тогтолцоог бий болгож чадсан улс орнууд амжилтад хүрдэг. Хөгжлийн бодлогыг уялдаа холбоонд нь, дэс дараатай, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэхгүй бол сайн гэсэн болгоныг хуулбарлах нь амжилтад хүрэхгүй нь тодорхой байна. Цэгцгүй зүйлс эмх замбараагүй байдаг. Иймээс  системээр нь цэгцлэх хэрэгтэй гэлээ. Тэрбээр улс орнуудын амжилтад хүрсэн хөгжлийн загваруудаас танилцуулж, сайн болон муу туршлагуудыг дурдаад, Японы хөгжлийн загварын талаар онцолж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр Улсын Их Хурлаас ойрын үед хэрэгжүүлэх зорилтын талаар танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Үндсэн хуулийн өөрчлөлт ба боловсролын хөгжил” сэдвээр илтгэл тавьсан бол ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Тамүра Эрико Японы орчин үеийн шинэчлэлтийн талаарх цуврал 7 бүлэг танилцуулгыг хийлээ.

Олон улс судлалын хүрээлэнгийн академийн ахлах мэргэжилтэн доктор Б.Сэржав “Сурагчдад ёс зүйн боловсрол олгоход Японы туршлагаас суралцах нь” сэдэвт илтгэл тавилаа. Япон улсын бага, дунд боловсролын бодлогод хүүхдэд мэдлэг олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх нь эн тэнцүү тавигдаж хэрэгждэг туршлагыг өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэх нь ирээдүйн иргэдэд ёс суртахууны зөв төлөвшил олгоход үр дүнгээ өгөхийг дурдлаа. Японд орчин үеийн боловсролын тогтолцоо үүссэн цагаас “Ёс зүйн хичээл”-ийн хөтөлбөрийг тогтвортой баримталж, гэр бүл, сургууль, нийгмийн орчинд нэгдмэл байдлаар тусгаж ирсэн гэдгийг онцлов. “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Ж.Галбадрах Япон хэв шинжийн сургуулийг Монголд нэвтрүүлсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.

Үүний дараа Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Койзүми Тайга “Үндэсний хөгжлийн стратеги Японы туршлага болон “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн талаарх танилцуулга хийсэн бол “Оюунтүлхүүр” сангийн тэргүүн Д.Оюунтүлхүүр “Японы боловсролын арга барилаас нэвтрүүлэх нь” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар зөвлөлдөх цахим уулзалт өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж