Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далан давхрын оршуулгын газарт гал түймэр гарч, алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Галын дуудлага өнөөдөр/2021.04.14/ 14:08 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэй гал түймрийг унтраахаар ажиллаж буйг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Нийслэлд он гарснаас хойш гал түймрийн 28 тохиолдол бүртгэгдсэн. Далан давхар оршуулгын газарт өмнө нь ч гал түймэр гарсан тохиолдол нэг бус удаа бүртгэгдсэн. Ханш нээсэн өдрөөс эхлэн иргэд бурхан болоочдоо эргэхээр арц хүж уугиулж унтраалгүй орхидог. Үүнээс болж шар өвс шатаж, гал алдаж байна. Ялангуяа оршуулгын газарт шар өвс их болохоор гал алдах нь амархан. Хаврын хуурайшилттай, салхитай өдрүүдэд аль болох ил гал гаргахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Нийслэлд он гарснаас хойш гал түймрийн 28 тохиолдол бүртгэгджээ. Хаврын салхитай өдрүүдэд иргэд аль болох өнжмөл шар өвс шатаахгүй, асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, оршуулгын газарт арц, хүж асааж үлдээхгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ