"20 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг нь ташаа"

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

"20 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг нь ташаа"

"20 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг нь ташаа"

Covid-19 халдварын тархалтыг хумих зорилгоор дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоосон ч дахин 13 хоногоор сунгах нь үр дүнтэй талаар өчигдөр /2021.04.13/ Эрүүл мэндийн яамны ээлжит хурлаар мэдээлсэн. Энэ талаар болон гэрийн ажиглалтад байгаа хүмүүс хэрхэх талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодрууллаа.

Өчигдөр Covid-19-өөр өвчилсөн 20 настай залуу нас барсан. Гэрийн нөхцөлд тухайн хүнд эмнэлгийн яаралтай тусламж очиж чадаагүй гэдэг мэдээлэл үнэн үү?

– Тухайн хүний хувьд эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүй гэдэг бол худал мэдээлэл. Суурь өвчинтэй байсан учраас оношийг тодруулахаар ажиллаж байгаа. Энэ хүн Covid-19-өөс шалтгаалж нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Нөхцөл байдлыг тодруулж байж мэдээлэл өгөх боломжтой. Сүүлийн өдрүүдэд нас баралт огцом нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 11 хүн халдвар, хавсарсан өвчлөлөөр нас барсан бол гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 23 хүн нас бараад байна.

-Хатуу хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг хумьж, дараагийн давалгаанаас сэргийлж чадах уу?

-Халдвар авсан хүмүүс өдөр ирэх бүр нэмэгдэж байна. 4-5 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл ч өнөөдөр бүртгэгдэж, онош батлагдаж байгаа юм. Мэдээж 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо тодорхой хэмжээнд буурах хэдий ч хөл хорионы дараа дахин нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлд хүн амын дунд гарч буй халдвар өргөн тархсан гэж үнэлж байгаа. Тиймээс энэ шатанд хэрэгжүүлэх хамгийн гол арга хэмжээ бол хөл хорио юм. Одоогийн байдлаар долдугаар сарын дундуур өвчлөлийн тоо буурах тооцоолол гарсан.

-Халдвар цаашид энэ хэвээр нэмэгдвэл ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх вэ?

-ДЭМБ-ын зөвлөмж болон олон улсын туршлагаас үзэхэд Covid-19 халдварын нөхцөл байдлын хариу арга хэмжээ нийтийн эрүүл мэндийн болон нийгмийн хариу арга хэмжээг тухайн халдварын тархалтын шатаас хамаарч хэрэгжүүлдэг. Тархалтын дөрвөн шатыг ангилаад дэлхий нийтэд хэрэгжүүлээд явж байна. Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй орнууд, хоёрдугаарт зөөвөрлөгдсөн буюу гадаад, дотоодоос зорчин очсон, гуравдугаар шат нь халдварын голомтолсон буюу тухайн байршлууд дээр голомтлон бүртгэгдсэн байршлууд. Харин дөрөвдүгээр шат нь хүн амын дунд өргөн тархсан шат байна. Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд өргөн тархсан халдварын тохиолдолтой гэж үнэлж байгаа. Энэ шатанд хамгийн гол авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио юм. Бидний хийсэн тооцооллоор 15 хоногийн хөл хорио тогтоогоод дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байхад хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна. Гэхдээ буцаад нэмэгдэж өсөхөөр дүр зураг харагдаж байгаа. Хэрэв бид 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод дархлаажуулалтын ажлаа үр дүнтэй явуулж чадвал дэгдэлтийг бууруулж, долдугаар сарын эхэн үе гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош болж, нас баралтгүй байх боломжтой гэж харж байна. Хөл хорионы үр дүн өнөө, маргаашдаа гарах зүйл биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Гэртээ нас барсан тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Одоогийн байдлаар нийт хэчнээн хүн гэртээ нас барсан бэ?

-Гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа хүмүүсээс нас баралтын таван тохиолдол бүртгэгдсэн. Иргэд өөрийгөө хянаж байгаа үед өрхийн эмнэлэг болон шуурхай зөвөлгөө, мэдээлэл авах байгууллагуудтай холбоотой байх нь зөв. Гэрийн тусгаарлалтын хувьд хөнгөн хэлбэрийнх бол дархлааг дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна.

Гэрээр тусгаарлагдаж буй иргэд өөртөө хяналт тавина

Гэрээр тусгаарлагдан ажиглалтанд байгаа иргэдэд ямар зөвлөмж өгч буй талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаагаас  тодруулсан юм.

-Одоогийн байдлаар нийт 6581 иргэн хяналтад байна. Тэдний 3100 гаруй нь гэрийн ажиглалт тусгаарлалтад бий. Өдөр бүр энэ тоо хэлбэлздэг.

Эрүүл мэндийн сайдын А.101 Түр заавар шинэчлэн батлах тухай, 2021 оны гуравдугаар сарын 18-ны А.140 Covid-19 халдварын оношилгоо, эмчилгээний түр заавар зэрэг тушаалд үндэслэн тусгаарлагдсан иргэд өөрийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, эмч эмнэлгийн ажилчдын зааврыг мөрдөх зөвлөмжийг өгч байгаа. Тухайлбал, Covid-19 халдвар хөнгөн тохиолдолд бусдад халдвар тараахгүй байх, халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөнө. Мөн биеийн байдалдаа тогтмол хяналт тавьж ханиалгах, амьсгалын тоо олшрох, чээж давчдах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах ёстойг зөвлөж байгаа. Үүнээс гадна халдвар илэрснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд бусдад халдварлуулах, өвчлөл хүндрэх эрсдэл өндөр учир хүчилтөрөгчийн дутагдлын шинжийг байнга хянах шаардлагатай. Чихрийн шижин, зүрхний дутагдал, цусны даралт ихсэх, хорт хавдартай, бөөрний архаг хууч өвчтэй хүмүүс гэрийн ажиглалтад байх хугацаанд онцгой анхаарал хэрэгтэй болж байгаа.

Э.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж