Улсын начин Э.Энхбат эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн Даваа гаригт "Hunnu air" компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон билээ. Түүнтэй хамт ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж явсан. Тэгвэл сүүлд гарсан мэдээллээр начинтай хамт Солонгосыг зорьсон эмч, сувилагч нар эх орондоо эргэн ирж, Э.Энхбат начин эхний ээлжийн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж, түүний ар гэрийнхэн тусгаарлалтанд орсон байна. Харин начны биед хүнд гэмтэл учруулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар хоёр удаагийн мэдүүлэг өгөөд байгаа аж. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулаад буй.
Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардалд хандив цуглуулах аян бөхийн болон спортын хүрээнийхэн дунд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд 43 сая төгрөг цуглуулж чаджээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн юм.
Хэргийг эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм.
Холбоотой мэдээ