Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөнд тусгаснаар хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж экспортолдог. Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн 150-200 жижиг цех үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолдог.
Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг.
Ноолууран ширхэгт нь байгалиас нано бүтэцтэй учраас дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй үзүүлэлтээрээ ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшингийн дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байна.