Хятадын цахим орчныг зохицуулагч нар эрх баригч Коммунист намын 100 жилийн ойг угтан намыг болон БНХАУ-ын тухай шүүмжлэгчдийг нууцаар шууд мэдээлэх шугам нээжээ. Коммунист нам, эрх баригчид, засгийн газрын бодлого, үндэсний баатрууд, социалист нийгмийн амжилтыг шүүмжилж байгааг сонссон хэн ч шинэ шугамаар албаныхантай холбогдон "алтан хошуу" өргөх боломжтой болжээ.
Цахим орчны зохицуулагч нар “Ард түмэн алхам тутамдаа эх оронч сэтгэлээр Коммунист нам болон Хятад улсын ариун түүхийг өмгөөлөн хамгаалж байх учиртай” хэмээн мэдэгджээ. Шинэ шугам нь энэ оны долдугаар сард болох Коммунист намын 100 жилийн ойг угтан аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Дээрхээс гадна Хятадын засгийн газар үе шаттайгаар цахим орчин дахь гадаад мэдээллүүдийг хязгаарлаж эхэлсэн аж. Эрх баригчдын мэдээлж байгаагаар эдгээр алхамууд нь ойн баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд, улс төрийн уулзалтууд, спорт арга хэмжээ зэргийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж. Учир нь, Бээжин намын бодлогыг эсэргүүцэгч, шүүмжлэгчдийг Хятад орны нэр хүндэд ноцтой халтай хэмээн үздэг байна.
Тиймээс хувийн мессеж, олон нийтийн цахим сүлжээ зэрэгт Хятадын түүх, бодлого, Коммунист намын тухай шүүмжлэлтэй зүйл хэлж, ярьсан, бичсэн нь нотлогдвол шоронд хорих зэрэг шийтгэл оноодог аж. Түүнээс гадна тэдгээр “буруутнууд” хар жагсаалтад бичигдсэнээр ажилд орох зээл авах зэрэгт хүндрэл үүснэ.
Шүүмжлэлт сэтгэлгээнээсээ болж шийтгэл амсаж байсан хэргүүд өмнө нь ч хэд хэд гарч байсан юм. Жишээлбэл өнгөрсөн долоо хоногт нэгэн иргэн 1937 оны Японы эзлэн түрэмгийллийн тухай үзэл бодлоо илэрхийлснээсээ болж шийтгүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд цар тахлын тухай хамгийн түрүүнд бусдад мэдээлэн сануулсан нүдний эмч Ли Венлиан агсан албаныхнаас түрүүлж дур мэдэн мэдээлэл задруулснаасаа болж шийтгүүлж байв. Бас 2017 онд нэгэн иргэн Ши Жиньпинг “бууз шиг царайтай” хэмээн хэлснийхээ төлөө хоёр жил хорих ял сонссон гэдэг.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ