Ерөнхийлөгчийн сонгууль: ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БЭ!

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль: ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БЭ!

Ерөнхийлөгчийн сонгууль: ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БЭ!

Хуульд товлосноор зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана гэвэл ердөө сар гаруй хугацааны дараа монголчууд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Гэвч, Монголын улс төр зуун задгай,  парламентад суудалтай  зарим нэг нам сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй, заримд нь  нэр дэвшигч олдож, зарим нь нэр дэвшигчээр өлдөж, С.Ганбаатартай адил “Нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөлтэй горилогч олон байна.  Монгол Улсын төрийн тэргүүнээр зургаан жил ажиллах зургаа дахь Ерөнхийлөгч хэн байх вэ гэсэн зураглалыг сонирхуулъя.

Ялагдах эрхгүй МАН

Одоогоор сонгуульд оролцох нь гарцаагүй, нэр дэвшигч нь тодорхой болсон ганц нам бол МАН.

Ардын намын генсек Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвшүүлэх боломжтой таван хүний нэрийг цохож хэлсэн ердөө өнгөлөн далдлалт байв. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Шадар сайд асан Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын хэн нь ч биш, үндсэндээ, сүүлийн гурван удаагийн сонгуульд АН-д алдсан ялалтаа эргүүлэн авчрах,  зуун жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох гэсэн МАН-д У.Хүрэлсүхээс өөр хувилбар “Бодоод бодоод ёстой бодын шийр дөрөв”.  Арай боломжтой нэгнийг нь Х.Баттулга адгын луйварчин болгочихсон.

“Ялахын төлөө тогло”.  Ялахгүй бол МАН-ынхан АН-ынхны араас хуугаараа шоронд сууна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, С.Батболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарыг М.Энхсайхан, С.Баярцогтын үзсэн зовлон, туулсан тавилан хүлээж байж мэдэх.

Өрсөлдөгчөө, захиалгаар намнадаг улс төрийг У.Хүрэлсүх өөрөө “илчилсэн” хүний хувьд хэрэвзээ МАН ялагдвал юу болохыг таамаглах  бүү хэл тооцоолж суугаа байлгүй.

Тэр тусмаа У.Хүрэлсүхийг өнөөдөр улдан долоож буй хүний өөрийн  нөхөд нь түүнийг ялагдах цагт ноход болохыг, нүүрээ буруулж, яг М.Энхболд шиг “нүцгэлэх”-ийг тэр сайн мэдэж байгаа биз. Намынх нь тамгыг булааж, улстөрийнх нь карьерыг булшлах хүмүүс хамгийн ойрхон байгаа. Тиймээс У.Хүрэлсүх намаа, өөрийгөө бодсон ч ялахын төлөө бүх бооцоогоо тавьж байна.

Асуудал нь хэвээр АН

Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой атал Ардчилсан нам дотоод хэрүүлээ цэгцлээгүй сууна. Дотоод асуудлаа шийдэж чадаагүй АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь ойлгомжгүй хэвээр. Хоёр тусдаа явуулсан дотоод сунгаагаар хоёр тусдаа шинэ даргаа тодруулсан Ардчилсан намын асуудал шүүх дээр очих нь гарцаагүй болж. Товчхондоо,  АН-ын аль талын шинэ даргыг Улсын дээд шүүх бүртгэж авахаас хэн хаанаас нэр дэвших нь тодорхой болно гэсэн үг.  Ц.Тувааны АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших боломжит хүмүүсээр Х.Баттулга,  З.Энхболд, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нарыг нэрлэжээ. М.Тулгатын АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базааж, ажлын хэсэг байгуулсан.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ ил цагаан зарласан анхны хүн нь Ц.Оюунгэрэл, амбицалж байгаа нь Х.Баттулга. Х.Баттулгын хувьд энэ удаагийн сонгуульд оролцохын тулд амь, амьдралаараа дэнчин тавьж байгаа. Өнгөрсөн 2017 онд М.Энхболд дээр ашигласан хар технологи өөр дээр нь давтагдана гэж тэр төсөөлөөгүй ч биз.  Улс төрд үүрдийн найз, үүрдийн дайсан гэж үгүйг өдий зэрэгтэй улс төрд явсныхаа хувьд төсөөлөөгүй гэхээр Х.Баттулга бас л “балчир” байна.

Түүний  хувьд нэр дэвших боломж хазгаарлагдмал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгочихоод өөрийгөө О.Цогтгэрэлээр нэрлүүлж суугаа хүн бол З.Энхболд.   Бие нь жижигхэн ч бэлчээр томтой улстөрч.

Эрэлд мордсон ХҮН

Нэр дэвшигчийн эрэлд мордсон ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ хэнийг нэр дэвшүүлэхээ зарлаагүй байна.  Намуудын дайрдаг зовлон ХҮН-ыг тойроогүй, Т.Доржханд намын дарга мөн биш гэх хэрүүлийг том намуудыг сэвж эхлэв.  ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байвал МАН, тэр тусмаа АН бүр ашигтай.

ХҮН-ын зохион байгуулсан “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд 18 мянган иргэн оролцож 141 хүнийг нэрлэжээ. Тэдгээр 141 хүнийг ямар шалгуураар нэр дэвшүүлэх нь тодорхойгүй.

Намын дарга Т.Доржханд нийт монголчуудаа төлөөлөх зөв хүн нэр дэвшүүлнэ гэсэн. ХҮН-ын олж авсан, Монгол үндэстнийг уриалж чаддаг зөв лидер хэн болох нь удахгүй тодорхой болох биз.

Н.Энхбаярыг царайчилсан МАХН

Н.Энхбаярын шийдвэрээс бүх зүйл хамаарна.  МАХН энэ удааргийн сонгуульд МАН-тай эвсэж орох ажлын хэсгийг Ардын намаас Д.Амарбаясгалан, МАХН-аас Б.Тулга хариуцаж буй. Гол нь У.Хүрэлсүхийн тавьсан санал Н.Энхбаярт таалагдах эсэхээс энэ удаагийн сонгуульд МАХН өнжих эсвэл өрсөлдөхөө шийднэ гэсэн үг.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Н.Энхбаяр авлигын хэргээр шүүхээс ял шийтгэл авсан тул өөрөө нэр дэвших боломжгүй. Тиймээс түүнд ашигтай хувилбар нь хүүгээ УИХ-ын гишүүн болгож, өөрөө НҮБ-д суух.

Мэдээж, Н.Энхбаярыг царайчилж суугаа С.Ганбаатарт энэ наймаа таалагдахгүй байгаа. Учир нь тэр өдгөө сексээс өөр юм мөрөөддөг болсон. Тэр нь Монгол Улсын төрийн тэргүүн болох. 2017 онд М.Энхболд, Х.Баттулгатай өрсөлдөж, чамгүй санал зулгаасан түүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтаж буй нь лав. Гэхдээ Н.Энхбаяр зөвшөөрөхгүй бол С.Ганбаатар ёстой л “Их санасан газар есөн шөнө хоосон хонохдэг".

 Ийнхүү зургаа дахь удаагаа төрийн тэргүүнээ сонгохын тулд доороо иргэд нь хэмлэлдэж, дээрээ улстөрчид  нь амь амьдралаараа дэнчин тавин зодолдож сууна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хар пиарыг нь харахад Бурхан Будда нэр дэвшсэн ч монголчууд түүнийг хамгийн муу хүн болгож чадахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж