Covid-19: Вакцин хийлгэсэн 3 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Covid-19: Вакцин хийлгэсэн 3 хүн нас баржээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, April 13, 2021

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.4.14/ Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.


Монгол Улсад сүүлийн 24 цагт 10724 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 17823 болсон байна. Covid-19 халдварын улмаас 49, 44 настай хоёр эрэгтэй нас баржээ.

Мөн сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрч гарснаар нийт халдварын 53 хувь нь эдгэрээд байгаа юм. Нас барсан 49 настай эрэгтэй нь дөрөвдүгээр сарын 13-нд халдвартай болох нь батлагджээ. Харин 44 настай эрэгтэй нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Covid-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингээд Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 29 болжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын 1028 нь дотоодынх бөгөөд 1094 нь Улаанбаатарт, 114 нь орон нутагт, хоёр нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 10 нь зөөвөрлөгдсөн тохиолдол аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2804 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд байна. Мөн 3568 хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж.

Сүүлийн 24 цагт дэлхийд шинээр 567849 тохиолдол бүртгэгдэж 136 сая гаруй хүн өвчилсөн байна. Мөн сүүлийн 24 цагт нас баралт 9524 бүртгэгдсэн бол 6427 хүн эдгэрчээ.

Л.БАТТӨР: ТАВАН ХҮН ГЭРТЭЭ НАС БАРСАН 

Мэдээллийн дараа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр дараах асуултад хариулт өглөө.

-Хөл хориог 15 эсвэл 28 хоног тогтооход үр дүн нь ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЭМЯ, ХӨСҮТ анхнаасаа 28 хоног хөл хорих нь илүү үр дүнтэй гэдэг байр суурь барьж байсан. Одоогоор 15 хоног хөл хорио тогтоосон ч  ойрын хавьтал болсон хүмүүсийн илрүүлэлт, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Хөл хорионы төгсгөл үед халдварын нас баралт нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нөхцөл байдлыг иргэдэд хэлэх нь зөв гэж бодож байна. Магадгүй халдварын тохиолдол буурахгүй, нас баралт нэмэгдвэл дахиж хөл хорих шаардлага гарна.

-Хатуу хөл хорио тогтоосон байхад 1220 тохиолдол илэрсэн.  Энэ нь юутай холбоотой вэ?

-Хатуу хөл хорио тогтоосны дараа, нууц үеийн 4-5 хоногийн дараа илэрч байгаа тохиолдлууд. Хөл хориотой байгаа ч гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдол хэвээр байгаа.

-Вакцины тун хоорондын зайг 56 хоног болгон сунгасан. Дархлаажуулалтын үр дүн буурах уу?  

-Синофармын вакциныг 21-28  хоногт хийх заавартай ирсэн. Гэхдээ 21-56 хоногт хийхэд дархлаа тогтолтод нөлөөлөхгүй гэдгийг БНХАУ-ын зүгээс мэдээлсэн. Тиймээс иргэд санаа зовох хэрэггүй. Зарим нэг шалтгаанаар вакцины татан авалт түр хойшилсон. АстраЗенека вакциныг 8-12 дахь долоо хоногт нь хийж болно.

-Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан 20 настай залуугийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өвчтөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд мэдээлэх нь тохиромжгүй. Шинжилгээгээр Covid-19 илэрсэн. Гэхдээ яг юунаас шалтгаалаад нас барсныг бид тодруулж байна. Covid-19 нь хүндрээд нас барсан уу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай. Тухайн хүн нь тодорхой суурь өвчинтэй байсан. Үүнээс болоод нас барсан байж ч болно. Уг хүн нь нийтийн асрамжийн газар байрлаж байсан. Асрамжийн газар, нийтийн байр зэрэг газрууд нь халдварт өртөх өндөр эрсдэлтэй.

-Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хэд байна. Эдгээр иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүйгээс халдвараа хүндрүүлэх тохиолдол их байх шиг? 

-Гэрийн тусгаарлалтад нийт 3172 хүн байгаа. Гэрийн тусгаарлалтад байгаа хүний тоо өдөр бүр өөрчлөгддөг. Зарим нь эмнэлэгт  шилжиж, шинээр халдвар авсан хүн гэртээ тусгаарлагдах хүсэлт гаргаж байгаа. Тусгаарлалтад байгаа хүн бүр өөрт ойр байгаа эрүүл мэндийн төвд хандах боломжтой. Шинжилгээний хариуг хүлээлгүйгээр аль ч эмнэлэг дээр очоод эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болно.

-Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч нар халдвар авсан гэх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид дөрөвдүгээр сарын 9-нд Нэгдүгээр төрөх эмнэлэгт шинжилгээ хийхэд эмнэлгийн хоёр ажилтанд Covid-19 илэрсэн, дахин шинжилгээ хийхэд нэмээд дөрвөн эмч халдвар авсан нь тогтоогдсон. Тандалт судалгаа үргэлжилж байна.

-ХӨСҮТ дээр нөхцөл байдал ямар байна вэ. Эмч нар нь гэртээ харилгүй олон сар болж байгаа гэж үнэн үү?

-Халдвар гараад удаагүй байхад олон сараар гэртээ харилгүй ажиллах тохиолдол гарсан. Түүнээс хойш хөдөлмөрийн зохицуулалт хийсэн. Одоо эрүүл мэндийн ажилчид болон чартар нислэгээр ирж байгаа хүмүүсийг 14 хоног тугсаарлаж байгаа.

-Шинжилгээ авч байгаа цэг алга. Гэтэл хэнээс шинжилгээ аваад 1220 тохиолдол илрүүлсэн бэ гэж олон нийт асууж байна?

-Шинжилгээний цэгийн тоо буурсан ч шинжилгээний цэгүүд ажиллаж, хавьтагч нарт шинжилгээ хийгээд явж байгаа. Шинжилгээний цэг дээр нэг зүйлд анхаарах шаардлагатай байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө 400 мянга орчим иргэн шинжилгээ хийлгэхээр цаг захиалсан ч 50 хувь нь л шинжилгээ хийлгэсэн байсан.

-Вакцин хийлгээд халдвар авсан хэдэн хүн байна вэ. Хүндрэл хэр гарч байна?

-Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүний тоо 2304 болсон байна. Энэ нь вакцин хийлгэсэн хүний 0.37 хувийг эзэлж байгаа юм. Нэгдүгээр тунг хийлгэсэн хүнд л халдвар илэрч байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүсээс гурав нь нас барсан. Тэдний хоёр нь синофарм, нэг нь файзер вакцин хийлгэсэн байсан. Вакцин хийлгэснээс хойш 7-10 хонож байсан хүмүүс. Вакцин хийлгээд халдвар авсан эдгээр хүмүүсийн олонх нь вакцин хийлгэснээс 21 хоногт халдвар авсан.

-Хавдартай хүнд Файзер вакцин хийх ёстой байтал хятад вакцин хийсэн гэх асуултад хариулт өгөхгүй юу?  

-ДЭМБ-аас эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон нас барах эрсдэлтэй хүнийг вакцинжуулах заавар өгч байгаа. Хавдартай хүнд аль ч вакциныг хийх боломжтой. Гэхдээ өвчний хурц үе байна уу сэдрэл байна уу гэдгээс шалтгаалаад эмч хяналтдаа авч байгаа.

-Вакцины урвалаас болж нас барсан тохиолдол байна уу?

-Вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан вэбсайт гарсан. Энэ сайт руу ороод өөрт ирж байгаа урвалыг бүртгүүлэх хэрэгтэй. Одоогоор вакцинаас шалтгаалаад нас барсан тохиолдол байхгүй. Халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг л илэрч байна.

-Хэдэн хүн гэртээ нас барсан бэ?  

-Нийт таван тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ яг юунаас болж нас барсныг судалж байна. Архаг өвчин байна уу гээд. Үүнд олон шалтгаан байна. Иргэн өөрийн шинжилгээнд итгэхгүй, эмнэлгийн тусламж авалгүй удах зэрэг тохиолдлууд байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж