"Монгол хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ" хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

"Монгол хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ" хэлэлцүүлэг болов

"Монгол хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ" хэлэлцүүлэг болов

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2021 оны дөрөвдүгээр сарын 13-нд "Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ" сэдэвт сар бүрийн уулзалтаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хүндэт илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг, Олон улсын санхүүгийн корпорацын хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа нар оролцов.

Энэхүү уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид болон гадаадын элчин сайдын яамдын төлөөлөл оролцлоо.

АмЧам Монголын Гүйцэтгэх захирал О.Адъяа уулзалтыг нээж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх асуудлаар олон жил ярьсан бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийн ач холбогдол нь богино болон урт хугацаанд бодитой, үр дүнд хүрэхүйц бодлогын арга хэмжээний талаар санал солилцоход оршиж байгаа юм гэв.

Г.Амартүвшин гишүүн өнгөрсөн жил Монгол Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог санаачлан энэ удаагийн чуулганаар албажуулан байгуулахаар ажиллаж байна гэв. Энэ хугацаанд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай олон хэлэлцүүлэг зохион байгуулж “Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад юу нөлөөлөв?” сэдвийг хөндөж дараах чухал асуудлуудыг тодруулсан байна. Үүнд, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийн асуудал, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах нөхцөл (хууль эрх зүйн орчин), шүүхийн хараат бус байдлын асуудал болон татварын ерөнхий хуулийн хэрэгжилт гэх мэт зүйлүүд томоохон нөлөө үзүүлжээ.

Одоо нэн тэргүүнд хийгдэх ёстой чухал ажил бол Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэдгийг онцлов. Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, бусад орнуудтай өрсөлдөхүйц улс болно гэдэгт итгэлтэй байгааг Амартүвшин гишүүн илэрхийллээ.

Мөн "Рио Тинто"-той хийж буй хэлэлцээр нь  засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллаж буйн тод үзүүлэлт байх болно гэв.

ҮХГ-ын дэд дарга Б.Булганчимэг хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, илүү таатай хууль эрх зүйн орчин, нээлттэй зах зээлийг бий болгохоор зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

2010-2020 онуудад Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсэн топ 5 улс бол Канад, Хятад, Нидерланд, Люксенбург болон Сингапур юм. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 70 орчим хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгджээ.

2020 онд Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 тэрбум болж, өмнөх оноос 20%-иар буурсан байна. Тиймээс, ҮХГ нь хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, үйлчилгээний шинэчлэл, цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн чиглэлээр ажиллаж нөхцөл байдлыг сэргээхийг хичээж байна.

ОУСК-гийн зүгээс хэлэхдээ, хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс хэр сонирхол татахуйц харагдаж байгааг тодорхойлох нь чухал байна гэж Жигжидмаа цохон тэмдэглэв. Тиймээс засгийн газар хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл хийх нь чухал бөгөөд үүнд богино болон дунд хугацааны шинэ стратеги, бодлого, боломжууд болон одоо байгаа хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллах саналтай байгааг тодорхойлох хэрэгтэй.

"Оюу Толгой" төсөл нь Монгол Улсын хөрөнгө оруулагчдын жишиг хэмжүүрүүдийн нэг боловч хамтран ажиллах, хөгжүүлэх боломжит бусад салбарууд мөн бий гэдгийг дурдах нь зөв байх.

Засгийн газар макро эдийн засагт анхаарлаа хандуулахаас гадна хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлэх мөн олон улсын шууд хөрөнгө оруулалтын үр дүнд бий болох эерэг эдийн засгийн үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна гэж хэллээ.

2020 оны Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд ГШХО 40% уналттай байна гэсэн төсөөлөл хийсэн бол Ази тивд хамгийн ихээр нөлөөлнө гэж таамаглаж байсан, гэхдээ засгийн газрууд шаардлагатай арга хэмжээг шуурхай авбал бүс нутаг удахгүй сэргэнэ. Жишээлбэл, БНХАУ хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд сайн ажилласан байна нийт 149.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авжээ. Эрх зүйн орчныг шинэчлэн хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталж, урьд өмнө хязгаарлагдмал байсан эдийн засгийн салбар болох автомашины бизнес болон санхүүгийн салбаруудыг нээжээ.

Илтгэгчид оролцогчдын асуултад хариулснаар энэхүү хэлэлцүүлэг өндөрлөв.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж