Эгэл баатар ойн Жамсран

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Эгэл баатар ойн Жамсран

Эгэл баатар ойн Жамсран

Сибирийн их тайгын төгсгөл Хэнтий нурууны салбар уулсын баруун хойгуур Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт 46.5 мянган га талбайг хамарсан их нарсан ой үргэлжилдэг. Элсэрхэг хөрснөөс цогцлон ургасан энэхүү ойд нарснаас өөр мод ургаагүйгээс Тужийн нарс хэмээн нэрлэжээ. Нарс байгалийнхаа жамаар 200-300 наслах чадвартай бөгөөд гурав, дөрвөн давхар байшинтай дүйцэхүйц ургаж, мөнх ногоон өнгө, өтгөн шилмүүсээрээ ойд үзэсгэлэн нэмдэг. Харамсалтай нь, Монгол орны бахархал болсон үзэсгэлэнт шилмүүст ойн цогцолбор байгалийн хуулиар бус хүмүүсийн оролцоотойгоор тужийн тал болтолоо хяргуулж байсан гашуун түүх саяхан. Харин энэ бараан явдалд цэг хатгаж, Тужийн нарсан ой дахин бүрэлдэх эхийг тавьсан гавьяатан бол Б.Жамсран юм.

Түүнийг ЗХУ-ын Ленинградын Ойн академи төгсөн ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйд хуваарилсан бөгөөд тэр цагаас хойш 50 гаруй жилийг ойг нөхөн сэргээхийн төлөөх нөр их ажилд зүтгэжээ. Тужийн нарс их сүйдээгүй байсан ч нөхөн сэргээх ажил 1973 оноос эхэлсэн байна. Түүний дараа 1985, 1989, 1996 оны гурван удаагийн түймэрт тужийн нарс бүхлээрээ өртсөн. Харамсалтай нь, ихэнх түймэр хайхрамжгүй нэгний татсан тамхины галаас эхлээд самарчид, хулгайн анчдын тавьсан гал байжээ. Yүнээс гадна түймэрт өртсөн ойг цэвэрлэх, түлшинд хэрэглэж болно гэсэн хуулийн заалтаас болоод намар түлэх модоо бэлтгэхийн тулд хавар нь түймэр тавих явдал ч байсан гэдэг. Мөн улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нарснуудын ихэнх нь "хядуулж" мод бэлтгэлд Хятад руу хүртэл ачигддаг байжээ.

Ойжуулах ажлынхаа тухай Б.Жамсран “Тухайн үед би ганцаараа дийлэхээргүй болоод 1998 онд аймгийн удирдлагуудад хандахад Засаг дарга Н.Алтангэрэл дэмжсэнээр ойг нөхөн сэргээх ажил эрчимтэй эхэлсэн. Ойжуулах ажил хийж байгаа газруудыг татан оролцуулаад тухайн үед нэг мөр тайрч аваад шинээр ургуулья гэсэн санал тавьсан юм. Ингээд ойжуулах ажилд  “Бугант” групп гээд мод бэлддэг том аж ахуйг татаж оролцуулан 13 жил ноцолдож байж Тужийн нарсыг босгож ирсэн. Тужийн нарс их олон хүний хүчээр боссон юм. Үр дүнд нь асар богино хугацаанд зориудын аргаар нөхөн сэргээх шаардлагатай нийт 14.3 мянган га талбайг ойжуулж чадсан. Манай “Ой, ан төв” 7.7 мянган га талбайд 22 сая, “Бугант групп” 6.7 мянган га-д 18 сая таримал модыг улсын санд хүлээлгэн өгч байсан тайлан бий. Ойн нөхөн сэргээлтэд бид аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэдийг өргөнөөр татан оролцуулж байсан юм. Одоо Тужийн нарс унаган төрхөндөө орсон. Энэ бол олон хүний, сэтгэл, итгэл, зүтгэл, хөдөлмөр шингэсэн юм шүү” гэлээ.

Хожим ч гэлээ нарсан ойг хамгаалах Засгийн газрын тогтоол 2002 онд гарч тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ойн ангийн даргаар 40 гаруй жил ажилласан. Ойг нөхөн сэргээх, унаган төрхөөр нь байлгахын төлөө амьдралаа зориулсан түүнийг “Ойн Жамсран” хэмээн нутгийнхан нь авгайлдаг. Түүнээс олон залуус үлгэр дуурайлал авч мод тарих эрхэм үйлд сэтгэл зүрхээ зориулж яваа. Тэрбээр “1960 онд Тужийн нарс үнэхээр сайхан байгальтай газар байсан юм. Би та нарт тэрхүү унаган төрхөнд оруулан үлдээлээ шүү. Тужийн нарсын таримал ойгоо хамгаалж яваарай” гэж захиж байлаа.

Монгол оронд шилмүүст үйлдвэрийн шинэст, нарст, гацуур, жодоо, хуш гэх мэтийн таван төрлийн мод ургадаг байна. Жилийн дөрвөн улиралд мөнх ногоон байдгаараа байгальдаа ч, хот суурин газарт ч, айл гэрийн хашаанд ч хамгийн сайхан үзэсгэлэнтэй тохирох мод гэнэ.Агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээг дарж, хорт хийг багасгадаг чухал ач холбогдолтой ногоон байгууламжийг хот суурин газруудад байгуулах, нэмэгдүүлэх нь туйлын чухал байгаа билээ. Гэр хорооллын айл бүхэн хашаандаа мод тарьж, айлын хашааны газрыг чөлөөлж өндөр барилга барьдаг бус мод тарьж, зүлэгжүүлвэл бидний амьдрах орчин эрүүл, цэвэр тохитой болно.

Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Нэг мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг бол нэг га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая метр куб агаарыг цэвэрлэдэг гайхалтай шидтэй. Монгол орны хамгийн хөгшин мод нь Завхан аймгийн Их уул суманд байдаг бөгөөд аварга шинэс нь 700 гаруй жилийн настай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж