Бизнес эрхлэгчдэд 525.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.04.14-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдэд 525.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Бизнес эрхлэгчдэд 525.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.14/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна.

Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1,557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

Товчоор

–       Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн  сайдад даалгав.

–       Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус  сонсов.

–       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–       УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.

–       Covid-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу  арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Засгийн газрын хуралдаан болж байна

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

  • Covid-19 халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
  • Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар,
  • "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлого зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх үү?

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдаж байгаа. Түүнийг чөлөөлөх болсон нь албаны автомашин ашиглан шоудсан үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон гэгдэж буй юм.

Хуулиараа дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаас томилж, чөлөөлдөг. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилсон юм. Монгол Улсын их сургууль, Оксфордын их сургуулийг төгссөн түүнийг дэд сайдаар томилогдоход салбараа мэдэх хүн гэж тодорхойлж байв.

Тэрбээр Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, МАН -ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг албыг хашиж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж