Covid-19-ийн халдвар авсан хүн гэртээ, оношлогдохоосоо өмнө нас барсан талаар Эрүүл мэндийн яам өчигдөр /2021.4.13/ мэдээлсэн. Энэ талаар болон цаг үеийн зарим зүйлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрөөс тодрууллаа.
-Энэ хүн оношлогдохоосоо өмнө нас барсан гэхээр тусгаарлалтад ороогүй байсан гэсэн үг үү?
-Бид судалж байна, ямар оноштой байсан, архаг өвчтэй байсан уу гээд. Энэ хүн Covid-19-өөс шалтгаалж нас барсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хүн нь нийтийн газарт байсан. Хувь хүний мэдээллийг хамаагүй дэлгэрэнгүй ярьж болохгүй.
-Өглөө 11.00 цагийн мэдээлэл дээр “Covid-19-өөр хоёр хүн нас барсан. Нэг нь гэртээ оношлогдохоосоо өмнө нас барсан гэж ярьсан болохоор л тодруулж асуугаад байна л даа. Хэдэн хүн эмчилгээ авч чадалгүй гэртээ нас барсан бэ?
-Covid-19 гэж оношлогдсон ч нас барсан шалтгаан нь өөр байж болно. Яг Covid-19-өөр нас барсан үгүйг одоогоор тодруулж байна. Гэртээ нас барсан тохиолдлын шалтгааныг нь тодруулсан тохиолдолд энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж болно. Тухайн нас барсан хүний хувьд Covid-19 илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан ч үүнээс шалтгаалан хатгаа болж хүндрээд нас барах шалтгаан болсон уу, өөр архаг өчинтэй байж байгаад нас барсан уу гэдгийг тодруулалгүйгээр шууд Covid-19-өөр нас барсан гэж хэлж болохгүй. Таны ярьж байгаа тохиолдолд Covid-19 оношлогдсон, илэрсэн байна л гэж үзэж байгаа. Энэ хүн бусад шалтгаанаар ч нас барсан байж болно.
-Гэртээ нас барсан хүмүүс яагаад хүндэртлээ оношлуулалгүй явсан бэ. Магадгүй шинжилгээ авахгүй байсантай холбоотой юу?
-Бие нь муудвал аль ч эрүүл мэндийн салбарт очих боломжтой. Шинжилгээний хариу гартал биеэ өвтгөөд гэртээ байгаад байж болохгүй. Ямар ч шалтгаантайгаар өвдсөн байж болно. Энэ тохиолдолд харьяа эрүүл мэндийн төвүүд дээр очоод яаралтай тусламж авч болно.
-Гэхдээ ХӨСҮТ халдвар авсан хүнийг хянах ёстой байх. Энэ хүмүүст яагаад тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, хүндрүүлээд байна вэ?
-PCR өгсөн ч, өгөөгүй ч ноцтой шинж тэмдэг илрэх юм бол аль ч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй. Шинжилгээний хариуг хүлээж, гэртээ биеийн байдлаа хүндрүүлж болохгүй шүү л гэдэг зөвлөмжийг өгч байгаа юм. Амьсгал давчдах, халуурах зэрэг тохиолдолд аль ч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, анхны тусламж авах ёстой.
-Хавьтагч болсон хүн яаралтай шинжилгээ өгөх гэхээр шинжилгээ өгөх цаг нь олдохгүй байснаас, ойрын хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авахгүй, тоолгүй орхисноос халдварын тархалт ийм өндөр болсон уу?
-ХӨСҮТ бүх асуудлыг шийддэг биш. Бид УОК, НЭМГ, ЭМЯ гээд бид баг болон ажиллаж байгаа. Хоёрт, ойрын хавьтал болсон ч огт шинж тэмдэг илрэхгүй, халдвар аваагүй байж болно. ДЭМБ-аас PCR шинжилгээг шинж тэмдэг илэрсэн хүнд хийх зөвлөмж өгч байгаа. Нөгөө талаас, ХӨСҮТ-ийн тандалтын баг батлагдсан тохиолдлоос асуумж авч, гэр бүлийнхнийг нь олж, шинжилгээ авч байгаа. Ажил болон найз нөхдийн хүрээнд хавьтагч болсон тохиолдлууд дээр НЭМГ-ын тандалтын баг ажиллаж, шинжилгээ авч байгаа. Цаг захиалсан хүний 50 хувь нь цагтаа очдоггүй, шинжилгээ өгдөггүйгээс хоосон хүлээгдэл үүсч байгаа.
-Халдвараар оношлогдсон хүмүүсийн хэдэн хувь нь вакцин хийлгэсэн хүмүүс вэ. Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс хэр хүндэрч байна вэ?
-Вакцинд хамрагдагсдын 0.23 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсны дараа халдвар авсан байсан. Вакцин хийлгэсэн, халдвар авсан хүмүүст хүндрэл бага, нас баралт нь бага байх магадлалтай. Гэхдээ бүгд нэгдүгээр тунгаа хийлгэсэн, дархлаа бүрэн тогтоогүй хүмүүс байгаа. Үүнтэй холбоотойгоор дагах судалгааг хийж байгаа. Судалгаагаар эдгээр хүмүүс хөнгөн өвчилж байна уу, хүндэрч байна уу, нас баралт гарсан уу гээд бүх мэдээлэл нэгтгэгдэнэ. Удахгүй вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүсийн хэд нь хүнд, хэд нь гэрийн тусгаарлалтад, хэд нь эмнэлэгт байгаа гээд дэлгэрэнгүй мэдээлдэг болно.
-Халдвар авсан хүүхдүүд хүндрэх тохиолдол гарч байна уу, хүүхэд эмнэлэгт хэвтвэл сахиуртай байх уу?
-Халдвартай хүмүүсийн 1/5 нь 17-гоос доош насныхан. Хүүхдүүдийн олонх нь гэрийнхнээсээ халдвар авсан байдаг. Энэ тохиолдолд бага насны хүүхдүүд нь ээжтэйгээ, эсвэл аавтайгаа тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа. Хүүхдүүдийн хүндрэлийн хувьд харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ бага залуу настай л бол яах ч үгүй гэж ойлгож болохгүй.