Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Прокурорын газрын мэдээллээр 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулсан байна.
Тодруулбал, нийслэлд 4, орон нутагт 8 хүнд дээрх шийтгэл оногдуулснаас 1 хүнд шүүхээс тогтоосон ялын хугацаа дуусчээ.
Прокуророос Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 1 ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тус ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд сонголттойгоор оногдуулахаар заасан байдаг аж. Харин “хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй юм.
ДЭЭРЭМ ХИЙСЭН ТАГНУУЛЫН АЖИЛТНААС 14 САЯ ТӨГРӨГ ХУРААЖЭЭ
Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан байна.
Түүнчлэн бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн тагнуулын алба хаагч Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, Оросын ОХУ-ын иргэн Г, Монгол Улсын иргэн М нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 ам.доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага хамтран шалгаж эхэлсэн байдаг.
УИД-ИЙН 24 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ ГАЛЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Улсын их дэлгүүрт өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 7-нд гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж гэмтээн, нийт 24.023.847.554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан юм. Жил гаруйн хугацаанд шалгагдсан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Улсын их дэлгүүр” ХК-тай тус дэлгүүрийн зургадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
Тухайлбал, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж зэргийг өгөөгүйн улмаас гал гарсан гэж прокуророос дүгнэжээ. Хэргийг эргэн сануулахад, 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошуу ашиглаж, элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж, наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна.
НПГ-аас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
МӨНГӨ УГААСАН, МАНСУУРУУЛАХ БОДИС ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Б.Баттүвшин нарт холбогдох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй эрүүгийн хэрэгт 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй…” хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ НИЙСЛЭЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ
2020 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил төвшинд байна. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол нийслэлд 3.6, Баян-Өлгий аймагт 3.0 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.
Холбоотой мэдээ