"Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өвчтөнийг сахих гээд орж байгаа хүн бүрээс тус бүр 82 мянган төгрөг хурааж PCR шинжилгээ авч байна. Хэрэв 72 цаг нь дуусвал дахиад мөнгө төлж шинжилгээ хийлгэнэ. Зайлшгүй салах ёс хийх ёстой хүнд өвчтөн дээр ар гэр, хамаатан садан гээд 10-аад хүн ороход нийт 800 гаруй мянган төгрөг төлнө гэнэ. Зүгээр л бизнес хийж байна. Уучлаарай та нар хүний эрүүл мэндээр бизнес хийхээ зогсоо" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэл нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа юм. Тиймээс энэ мэдээлэл үнэн эсэхийг хоёр талаас тодруулахыг зорилоо.
Анх мэдээлэл өгсөн сахиураас дээрх мэдээллээр тайлбар авахыг хүссэн ч татгалзсан юм. Учир нь, одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Мөн тус эмнэлгийн зүгээс сахиурыг "Өөрийн сайн дураар шинжилгээ өгсөн" гээд хэлчих гэж шаардаад байгаа гэх тайлбарыг өгсөн юм.
САХИУР ГЭЖ ХЭЛСЭН БОЛ, ТӨЛБӨРТЭЙ ШИНЖИЛГЭЭ ӨГЬЕ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БОЛ ТӨЛБӨР АВАХГҮЙ БАЙСАН
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс дээрх асуудлыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Гантулгаас тодрууллаа.
-Танай эмнэлэг сахиур бүрээс төлбөртэй шинжилгээ авч байгаа юм уу?
-Товчхондоо, манайх сахиуруудаас PCR шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүнд өвчтөн сахих, яаралтай тусламжаар ирж байгаа хүмүүс, эмчийн заалтаар ажилбарт орох зэрэг хүмүүст үнэ төлбөргүй PCR шинжилгээ хийж байгаа. Мөн өвчтөн сахиж байгаа хүн нь гадуур шинжилгээ өгсөн байсан ч хүлээж авч байгаа. Уг шинжилгээний бичиг нь 72 цагийн дотор хүчинтэй. Сахиур нь гадуур шинжилгээ өгөх боломжгүй байна, танайд шинжилгээ өгье гэвэл хүсэлтийнх нь дагуу төлбөргүй шинжилгээ хийнэ.
-Танай эмнэлгийг сахиуруудаас 82 мянган төгрөгөөр PCR шинжилгээ авч байгаа талаар мэдээлсэн хүнийг "Сайн дураараа шинжилгээ өгсөн" гээд хэлчих гэж шаардаад байна гэсэн. Яагаад дарамт үзүүлээд байгаа юм бэ?
-Цахим орчинд тарсан асуудалтай холбоотойгоор бид цахим бүртгэлээс мэдээллийг шүүсэн. Бүртгэлийн ажилтанд тухайн иргэн нь “Би төлбөртэйгөөр PCR шинжилгээ өгөх гэсэн юм” гэж хэлээд, төлбөрөө картаар хийсэн байсан. Сахиур эсвэл хэвтэн эмчлүүлж байгаа хүн гэж огт хэлээгүй байсан. Манай эмнэлгийн зүгээс таны хэлсэн зүйлийг хэлэхийг шаардсан, тухайн хүнтэй холбогдсон зүйл байхгүй.
-Одоо ч танай эмнэлэгт өвчтөн сахиж байгаа гэсэн?
-Тэрийг мэдээгүй юм байна. Одоо нэлээд орой болсон байгаа тул маргааш шалгаж үзээд сахиур мөн эсэхийг хэлж, бас төлбөр төлж, шинжилгээ хийлгэсэн тухайн хүнтэй өөртэй нь холбож өгч болно. Сахиур гэж хэлсэн бол, төлбөртэй шинжилгээ өгье гэж хэлээгүй бол төлбөр авахгүй байсан.
-Журмын дагуу танайх ямар тохиолдолд PCR шинжилгээг төлбөртэй хийдэг юм бэ?
-Эрүүл мэндийн сайд болон Шадар сайд нарын А/12 тоот тушаал 2021 оны нэгдүгээр сарын 12-нд гарсан. Тушаалд зааснаар Covid-19-ийн шинжилгээг хэнд төлбөртэй хийх, хэнд төлбөргүй хийх тохиолдол болон үнэ, орлогын зарцуулалт зэргийг баталсан байгаа. Тушаалын дагуу дөрвөн тохиолдолд төлбөртэй шинжилгээ хийж болно. Нэгдүгээрт, иргэний хүсэлтээр буюу тухайн хүн шинжилгээ яаралтай хийлгэх шаардлагатай байна, төлбөрийг нь төлөөд шинжилгээ хийлгэе гэж хүссэн тохиолдолд төлбөртэй хийлгэж болно. Хоёрт, аж ахуйн нэгж, албан байгууллага ажилтнуудаа шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан тохиолдолд төлбөртэй шинжилгээ авч болно. Гуравт, гадаадын харьяат иргэнд, дөрөвт, гэрийн тусгаарлалт, тусгаарлалтын байрнаас зөвшөөрөлгүй гарсан, журам зөрчсөн хүнээс төлбөртэй шинжилгээ авч болно.
Төлбөргүй шинжилгээ хийх хүмүүст хүүхэд, жирэмсэн эмэгтэй, амаржсан эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 60-аас дээш насны иргэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн зэрэг нь багтаж байгаа.
-Түрүүн та төлбөртэй шинжилгээ авах тохиолдлуудын талаар дурдсан. Энэ үнийг хэрхэн тогтоосон бэ. Хэр үндэслэлтэй вэ?
-Төлбөрийг дээр дурдсан тушаалын дагуу л тогтоосон. Уг тушаалд PCR шинжилгээ хийхэд ийм хэмжээний зардал гардаг тул 82370 төгрөгийн төлбөртэй хийж болно гэж заасан байгаа.
-Төлбөртэй шинжилгээнээс төвлөрсөн мөнгийг юунд зарцуулах вэ?
-Дээр дурдсан тушаалын дагуу төлбөртэй шинжилгээнээс төвлөрсөн мөнгөөр шинжилгээний урвалж оношлуурыг худалдан авч байна. Одоогоор тун цөөн хүнд төлбөртэй шинжилгээ хийсэн.
-Танайх лабораторидоо өдөрт хэдэн хүнд шинжилгээ хийх чадамжтай вэ. Өвчтөн, сахиур зэрэг шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст бүгдэд нь үйлчилж чадаж байна уу?
-Одоогоор манайд PCR шинжилгээний нэг л машин байна. “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ний үед орон нутгаас дөрвөн ийм аппарат авчраад нийт таван машинаар өдөрт 5000 орчим хүнд шинжилгээ хийж байсан. Одоо дөрвийг нь буцаасан, өөрийн нэг аппаратаараа 24 цагт 600-800 хүнд шинжилгээ хийх боломжтой.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүн, яаралтай тусламж авч байгаа бүх хүн, сахиурууд, ажилбарт орж байгаа хүмүүсээс шинжилгээ авахаас гадна тандалтын шинжилгээ авах зорилгоор хэвтэн эмчлүүлж байгаа хүний 3-5 дахь хоног дээр нь, эмнэлгээс гарахынх нь өмнө шинжилгээ авч байгаа. Мөн манайх 500 гаруй ажилтантай эдгээр хүмүүсээс тав хоног тутамд шинжилгээ авч байна.
PCR шинжилгээг төлбөртэй болон төлбөргүй авах талаарх Эрүүл мэндийн сайд болон, Шадар сайд нарын А/12 тушаал
Холбоотой мэдээ