Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас хөл хорионы үед гарч буй гэмт хэрэг зөрчлийн талаар өнөөдөр (2021.04.13) мэдээллээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.БАТТУЛГА:
-Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд 5677 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оноос 29.1 хувиар буусан байна. Харин хүний бие хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг өсчээ. Тухайлбал, хүнд хохирол учруулах гэмт хэрэг 60 хувь, хүндэвтэр нь 27.4 хувиар өссөн. Энэ нь хардалт, архидалт зэрэг ахуйн хүрээнд болж, нэгэндээ гэмтэл учруулж, амь насыг нь хохироох хүртэл зөрчил гарч байна.
- Хөл хорио тогтоосон эхний гурав хоногт гэмт хэргийн дуудлага 23.2 хувиар, зөрчлийн дуудлага 13.2 хувиар буурсан байна. Мөн хулгайлах гэмт хэрэг 60 гаруй хувь, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 38.3 хувиар буурсан.
- Мөн хөл хорионы эхний өдөр 198 хүн эрүүлжүүлэгдэж, хоёр дахь өдөр нь 161, гурав дахь өдөр нь 133 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
- Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсч, 429 болжээ. Тухайлбал, хөл хорионы эхний өдөр 107, хоёр дахь өдөр 140, гурав дахь өдөр 182 тохиолдол бүртгэгдсэн байна.
- Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг мөн өссөн.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 17 ХУВЬ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.ЭНХБАТ:
-Улаанбаатарт 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Үүнтэй холбоотойгоор гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргадаг. Одоогоор хөдөлгөөний эрчим долоо орчим хувьтай буюу нийт тээврийн хэрэгслийн долоон хувь нь хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Сүүлийн 24 цагт 17 хувь нь хөдөлгөөнд оролцсон байна.
Хөл хорионы үед ажил үүргээ явуулах 15 чиглэлийн байгууллага тодорхой байгаа. Нэг эргэлзээтэй зүйл байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчид байгууллагын логотой машинаар явж болно. Харин хувийн машинаар явах бол дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Мөн иргэд салхинд гарах гэдгийг ууланд гарах, хэсэг бүлгээрээ салхинд гарах гэж ойлгоод байна. Тийм биш, гэрийнхээ ойролцоо байгаа талбай дээр спортоор хичээллэх боломж олгож байгаа юм.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцож байгаа бол маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно. Мөн энэ хязгаарлалт 24 цагийн турш хотын бүх нутаг дэвсгэрт үйлчилнэ.
Дугаарын хязгаарлалтад орохгүй автомашины тухайд:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний машин
- Хүнс түгээлтийн машин. Тухайн байгууллагын нэр дээр байдаг, хөргүүр, бүхээгтэй машин байх бөгөөд хувийн машинаар түгээлт хийхгүй.
- Буяны үйл ажиллагаанд оролцож байгаа автомашин. Мөн буяны үйл ажиллагаанд оролцох бичгээ үзүүлээд явж болно.
- Тийзийг үндэслэн гадаадаас ирж байгаа хүнийг тосч авах, хүргэхэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
- Төрийн байгууллагын ажилчид 08.00 цагт ажилдаа очсон байх ёстой. Орой 17.00 цаг хүртэл гадуур явж болохгүй.
- Зорилгогүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд хариуцлага тооцно.
Түүнчлэн цагдаа нарын харилцаа, хандлагатай холбоотой асуудлыг 126 тусгай дугаарын утсанд өгөх боломжтой юм.
Шууд дамжуулалт: Гэмт хэрэг, зөрчлийн талаар
Posted by Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв on Tuesday, April 13, 2021
Холбоотой мэдээ