Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Автобусаа зохицуулж чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцал!

Covid-19-ийг хяналтад оруулах зорилгоор Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон нь өнөөдөр дөрөв дэх өдрөө хэрэгжиж байгаа ч зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллаас сэргийлэн зорчих боломж алга.

Автобус нь зорчигчдоо багтааж ядан үйлчилгээ үзүүлж байгаа ч зохицуулалт хийх үүрэг хүлээсэн Нийслэлийн тээврийн газар нь “Зөвшөөрөгдөөгүй салбарынхан нийтийн тээврээр үйлчлүүлснээр ачаалал үүсгэж байна” гэж бухав.

Гэрээс гараад тав алхангуут л цагдаа нар “Хаашаа ямар зорилгоор явж байна. Бичиг баримтаа үзүүл” гэж шаардан шалгалт хийж байна. Дээр нь буудал бүр дээр “Хяналтын ажилтан” гэсэн хөх хантааз өмссөн автобус баазын ажилтнууд зогсч, давхар хяналт тавьж байхад ажиллах зөвшөөрөлгүй салбарынхан автобус дүүртэл чихэлдээд явах боломжгүй.

Халдвар ч хаа сайгүй тарснаас онцын шаардлагагүй бол иргэд гэрээс гарахаас эмээж, хөдөлгөөн хийхээс зайлсхийж буй.

Харин Нийслэлийн тээврийн газрынхны тайлбараар иргэд хатуу хөл хориог үл тоон хэсч байгаа аж. Уг нь энэ тохиолдол үнэн бол Нийслэлийн тээврийн газрынхан ядаж өдөрт хэдэн хүн энэ төрлийн зөрчил гаргаж, автобусаар зорчив гэдэг мэдээллийг дэлгэх ёстой юм. Гэтэл тийм баримт гаргаж ирсэнгүй. Эцэстээ өдөрт 300 автобус үйлчилгээнд гаргасан нь хаанаа ч хүрэлцэхгүй болохыг  хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс автобусны тоог 600-д хүргэв. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ.

Угаасаа өмнөх хөл хориогоор 13 салбар чиглэлийн байгууллагынхан ажиллаж байхад, мөн хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох боломжтой үед өдөрт 600 автобус үйлчилгээнд гаргахад зорчигчид хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх боломжгүй нь харагдсан атал энэ удаад 15 салбар чиглэл болгож өргөжүүлсэн. Дээр нь зөвшөөрөгдсөн салбарынхан хувийн автомашинаараа зорчих бол дугаарын хязгаарлалт мөрдөх шаардлага тавигдсан атал автобусныхаа тоог хоёр дахин бууруулж, 300 болгосон нь ажлаа мэддэггүй хүмүүс энэ салбарт байгааг л харуулсан.

Хэдийгээр Нийслэлийн тээврийн газар өдөрт үйлчлэх автобусны тоог 600-д хүргэсэн нь зөв боловч оргил цагууд буюу ажил эхлэх, тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, зорчигчид аль болох чихэлдэхгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэх зохицуулалт хийхгүй бол үр дүнгүй. Өмнөх алдаагаа л давтана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүн явахгүй цагаар автобус үйлчилгээнд гаргаж, шатахууныг нь шатаачихаад “Хөл хорионы үеэр өдөрт 600 автобус үйлчилгээнд гаргаснаас алдагдлыг улам ихэсгэж байна” гэдэг зовлонгоо тоочихоос хэтрэхгүй зохицуулалт болж хувирна гэсэн үг.

Уг нь энэ удаагийн хөл хорио анхных биш. Өмнө нь хоёр ч удаа хатуу хөл хорио тавигдаж байсан тул Нийслэлийн онцгой комиссынхны хувьд энэхүү хөл хориог иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохицуулаад явах бүрэн боломж байсан.

Гэвч гаргасан журам нь амьдралд нийцэхгүй нь олон байна. Тухайлбал, зөвшөөрөгдсөн 15 салбарынхан хувийн автомашинаараа зорчих бол дугаарын хязгаарлалтыг мөрдөж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай болсон.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, дөрөвдүгээр сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам мөрдөгдөж буй.

Нэг ёсны дээрх зохицуулалтаас болж, иргэд хувийн автомашинаараа зорчих боломж бага болсноос автобусанд суухаас аргагүйд хүрч буй тохиолдол олон байна. Жишээ татвал, ээлжийн ажилтай хүн өнөөдөр нь автомашинаа бариад ажилдаа ирж байгаа ч маргааш нь дугаарын хязгаарлалтад орж, унаагаа ажлынхаа гадаа тавихаас аргагүй болж, автобусаар хөл дүүжлэн гэртээ харих болов.  Энэхүү жишээг нийгмийн сүлжээнд "Харуул хамгаалалтын ажилтан ээлж гарах өдөрөө зөвшөөрөлтэй машинаа бариад ажилдаа ирэв. Маргааш нь ээлж буугаад харих гэтэл тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцно гээд нийтийн тээврээр гэртээ харив. Маргааш нь гарах ээлж нь болоод нийтийн тээврээр ажилдаа ирэв. Бас маргааш нь ээлж буугаад ажил дээрээ үлдээсэн машинтайгаа явах гэтэл тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцно гэв. Ажилтан хэзээ машинаа авч гэрлүүгээ явах вэ?" хошин бодлого тайлбартайгаар ч тавиад байна.

Уг нь дэлхийн улс орнууд Covid-19-өөс сэргийлэхийн тулд иргэддээ хувийн унаагаараа зорчих боломж олгож байгаа бол Монголд эсрэгээрээ, нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлэх журам гаргаж, иргэдээ чирэгдүүлж буй юм.

Хатуу хөл хорио 15 хоногийн хугацаатай хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хөл хорио хэрэгжиж дуусахад арав гаруй хоногийн хугацаа байна.

Иймээс Нийслэлийн онцгой комисс халдвар улам бүр эрчээ авч, нөхцөл байдал хүндэрч буйг бодолцож, иргэдийг аль болох халдвар хамгааллын дэглэм сахих боломжоор хангахын тулд нийтийн тээврийн үйлчилгээгээ оновчтой болгоход анхаар, чадахгүй бол дугаарын хязгаарлалтаа цуцалж, хувийн автомашинаараа зорчих боломжоор хангаж өгнө үү.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж