ОХУ-ын Гамалейн нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг Энэтхэг улс дархлаажуулалтдаа ашиглахаар албан ёсоор бүртгэжээ.
Халдвар авсан хүний тоогоор Бразилыг гүйцэж, АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаад буй Энэтхэг улс өдгөө 105 сая иргэнээ вакцинжуулаад байгаа юм.
“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.
Энэтхэг улс урьдчилсан байдлаар 750 сая “Sputnik V” вакцин захиалаад байгаа аж. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан “AstraZeneca”-гийн вакцины экспортыг түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ