Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Нацизм ба фашизм

Нацизм

Германы Үндэсний Социалист ажилчдын нам, түүний удирдагчид, эдийн засгийн бодлого, идеологийг нь улс төр-эдийн засгийн спектрумын баруун жигүүрт оруулж тооцдог нь нийгмийн ухааны салбар социалистуудаар хахсаны бас нэгэн баталгаа мөн билээ. 1933 оны Райхстагын түймрээр далимдуулж тухайн үеийн Германы ерөнхийлөгч Пауль фон Хинденбургээр онц байдал зарлуулж маш их эрх мэдэлтэй болсон, Хинденбургийг үхсэний дараа ерөнхийлөгчийн албан тушаалыг өөртөө давхар авсан Хитлерийн болон түүний намын эдийн засгийн арга хэмжээнүүдтэй танилцъя.

Хомсдолтой тэмцэх социалистуудын шалгарсан арга нь мөнгө хэвлэх. Засгийн эрхэнд гарсныхаа дараачаас Германы армийг дахин зэвсэглэж эхэлсэн нацистууд энэхүү зэвсэглэлтэй холбоотой зарцуулалтаа өрнийн орнуудаас нуухын тулд гүйлгээгээ мефо-вексель гэгчээр хийв. Засгийн газартай гэрээ байгуулсан компаниуд төлбөрөө мефо-векселиэр авч, түүнийгээ Германы Төв банканд аваачиж өгөх ба Төв банк оронд нь мөнгө хэвлэж өгнө. 1938 он гэхэд 12 тэрбум райхсмарктай дүйцэх хэмжээний мефо-вексель гаргасан байдаг бөгөөд үүнээс үүдэж бүх зүйлийн үнэ өсөв. Төрийн зарцуулалтаа мөнгө хэвлэж шийдсэн учир инфляци гаарах нь эдийн засгийн хууль. Өөрсдийнхөө бүтээсэн асуудлыг 1936 онд Үнийн комиссариатыг байгуулан шийдэх гэж оролдсон агаад үнэ, цалинг нэмэхийг хориглов. Ингэснээр бизнесүүд дампуурч, бараанууд улам ч хомсдов. Жижиг дэлгүүрүүд зарж буй бараандаа нэг нь албан ёсны, нэг нь жинхэнэ хоёр үнэ тавьдаг үзэгдэл бий болжээ.

Бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэх автаркигийн бодлого баримталсан нацист төр импорт, экспортыг бүхэлд нь хянана. Үйлдвэрлэл нь импорт, экспортоос хамааралтай бизнесмен өөрт шаардлагатай бүтээгдэхүүн, түүхий эдийг гаднаас авахын тулд Гадаад валютын комиссариатаас зөвшөөрөл авах ёстой. Хэрвээ зөвшөөрлөө авсан тохиолдолд Райхсбанк буюу Германы Төв банкнаас гадаад валют авна. Цаг үрсэн, олон шат дамжлагатай хүнд суртал болон өөр бусад шалтгаанаар тухайн зүйлийнх нь үнэ өсвөл бизнесмен Үнийн комиссариатад яагаад өртөг нь өссөнийг мэдэгдэж, үнээ өсгөх зөвшөөрөл гуйна. Төрийн зорилтот хөтөлбөрүүдэд л түүхий эдийг ашиглах ба үүний үр дүнд хэрэглээний барааны импорт бүхэлдээ устав.

Нацистууд үйлдвэрчний эвлэл бүрийг хүчээр хааж түүнийгээ Германы Хөдөлмөрийн фронт гэгчээр сольсон байна. Хөдөлмөрийн фронт төрийн шууд удирдлагад байх учир дахин хэзээ ч ажил хаялт болохгүй. 1935 оны 2-р сард ажил эрхлэлттэй холбоотой бүх асуудал төрд шилжсэн бөгөөд төр хэн, хаана ажиллахыг зааж эхлэв. Энэ шийдвэрийн дагуу үйлдвэрийн эзэн төрийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч ажилд авч, халж чадахгүй. 1938 оны 6-р сарын 23-ны өдөр хөдөлмөрийн насны хүн бүр албадан хөдөлмөр эрхлэх тушаал гарлаа. Үүнээс хойш ажилгүй хүн шоронд ордог болж. Кейнсч эдийн засагч Жоан Робинсон "Кейнс ажилгүйдэл яагаад бий болдгийг тайлбарлахаас аль өмнө Хитлер тус асуудлыг бүрэн шийдчихсэн байлаа" гэж хэлж байсан нь ийм учиртай. 1933 оноос хэрэгжиж эхэлсэн Албадан картелийн хуулиар бүх бизнесүүд картельд орох ёстой. Компани 200 мянган америк долларын үндсэн хөрөнгөтэй байж үйл ажиллагаа явуулна, 40 мянган доллараас доош үндсэн хөрөнгөтэй бол татан буугдана гэх тогтоол 1937 онд гарсан бөгөөд ингэснээр нийт компанийн 20% үгүй болов. Энэ нь бизнесүүдийг хянах явдлыг хялбар болгож буй юм. Нацистууд төрийн мэдлийн зарим үйлдвэрийг хувьчилсан гэж яригддаг. Тэдгээр нь хувьчлагдсан нэртэй ч үнэндээ нацист намын доторх байгууллагуудад очсон гэдгийг Испанийн эдийн засагч Герма Бел бичжээ. Ерөөс төр бүх зүйлийг хянаж, зохицуулж, шийдэж байхад хувьчлал гэдэг бол хуурамч. Нацист намын хүнд сурталтнуудыг хязгааргүй эрх мэдэлтэй болгосон эдгээр бодлогуудын үр дүнд хахууль дээд цэгт хүрсэн аж. Бизнесмений хувьд өөрт хэрэгтэй зүйлсээ олж авах цорын ганц арга нь эрх мэдэлтнийг авилгадах. Гюнтер Райманн гэх нэрээр бичдэг байсан Германы эдийн засагч Ханс Штайникегийн нацист Германы эдийн засгийн бодлогын талаарх, тухайн цаг үеийн бизнесменүүдийн захиа, яриа зэргийг багтаасан "Вампир эдийн засаг" гэж ном бий. Тэрээр Германаас зугтааж гарсныхаа дараагаар 1939 онд тус номоо хэвлүүлжээ. Түүний номонд орсон нэгэн харилцан яриагаар Германы авлигын тогтолцоог харуулъя. Хоёр бизнесмен галт тэргэнд ярилцах ба нэг нь нөгөөгөөсөө асууна. "Би Түүхий эд хуваарилалтын зөвлөл рүү явж байгаа юм. Намын гишүүнтэй учраа ололцохын тулд хэр ихийг төлөв ёстой вэ? Нөгөөх нь хариулна. Намын гишүүн ямар хүн байхаас л хамаарна. Националь социализмд итгэхээ больсон хүн таарвал 100 марк, итгэсээр байгаа бол 500 марк, фанатик бол 1000 марк." Тухайн цагт Германы бизнесменүүдэд ямар хэцүү байсныг дээрх номонд орсон захианы "Зарим бизнесмен одоогийн эдийн засгийн системийг ойлгохын тулд марксист онолуудыг судалж эхэлсэн" гэх өгүүлбэрээс харж болно. Нацист эдийн засгийн социалист мөн чанарыг эдийн засагч Людвиг фон Мизес дараах үгээр хураангуйлав. "Нацист Германд бизнесменүүдийг үйлдвэрийн удирдагч (betriebsführer) гэдэг байв. Төр тэдгээр бизнес эрхлэгч сэтэртэй хүмүүст юуг яаж үйлдвэрлэхийг, ямар үнээр хэнээс худалдаж авахыг, ямар үнээр хэнд зарахыг хэлнэ. Ажилчид хэнд ямар цалингаар ажиллах, мөн капиталистууд өөрсдийн хөрөнгөө ямар нөхцөлийн дор хадгалахыг төр шийднэ. Зах зээлийн арилжаа гэдэг бол хуурамч дүр эсгэлт. Бүхий л үнэ, цалин, зээлийн хүүг төрийн эрх мэдэлтнүүд тогтоодог учир үнэ, цалин, зээлийн хүү бол ердөө л хэлбэр төдий зүйл юм. Үнэн хэрэгтээ тэдгээр нь ердөө л төрийн захиргаан дoорх иргэн бүрийн орлого, хэрэглээ, амьдралын түвшинг тодорхойлсон тоон дүн. Хэрэглэгчид бус эрх мэдэлтэн үйлдвэрлэл аль чиглэлээр явахыг тогтооно. Үйлдвэрлэлийн менежментийн төв зөвлөл бол бүхнийг мэдэгч. Иргэн бoл зүгээр л төрийн албан хаагчаас өөр юу ч биш. Энэ бол капитализмын багийг урдаа наасан социализм. Капиталист эдийн засгийн зарим нэг элемент хэвээр байх хэдий ч тэдгээр нь зах зээлийн эдийн засагт хэрэглэгддэгээсээ тэс өөр ойлголтыг илэрхийлнэ"

Нацизм нь улс төрийн баруун жигүүрийн үзэл биш, харин бүр хэт зүүний үзэл гэдгийг ойлгох нь чухал. Германы националь социалистууд Германы интернациональ социалистуудтай тэмцэлдсэн нь аль алиныг нь либерал болгохгүй. Жүүд Маркс үзэл санааных нь эцэг байгаагүй нь нацистуудын анти-капиталист сэтгэлгээг үгүй хийхгүй. Хитлер, Штрассер, Геббельс, Геринг, Химмлер гэх зэрэг нацист намын лидер бүрийн амнаас гарсан социализмыг магтсан үгсийг зүүнтнүүд "нацизм бол баруун жигүүрийн үзэл" гэж хэлснээрээ түүхээс арчиж чадахгүй. Нацист Германд социализм тогтсон байсан нь нийгмийг нь тоталитари болгосон шалтгаан юм. Германы Үндэсний Социалист ажилчдын нам социалист нам байлаа.

Фашизм

Фашизмыг судлахын тулд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Италид юу болж байсныг мэдэх нь зүйтэй. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн гэхэд социализм дэлхийг оюун санааны хувьд ноёрхож эхлэв. Хүн төрөлхтний хөгжлийг ганцхан зууны дотор асар ихээр урагшлуулсан өрнийн соёл иргэншлийн суурь болох капитализм ард түмний дунд хүчгүйджээ. 1917 оны 2-р сард хувьсгалаар хаанаа авч хаясан оросууд 10-р сарын хувьсгалаар большевикуудын удирдлагад оров. Большевикуудын хувьсгал өрнийн бусад улсад суух социалистуудад сэдэл өгчээ. Тэдгээр орны тоонд Итали ч мөн багтана.

 Үзэл баримтлалын хувьд Ленин болон Гуравдугаар Интернационалийг дагагч Италийн Социалист нам 1919 онд болсон 16-р их хурлаараа "Хөрөнгөтнүүдийг богино хугацаанд нухчих хувьсгалт тэмцлийг эхлүүлнэ, ингэхдээ ажилчдаас бүрдсэн зэвсэгт хүчнийг зохион байгуулж хүчирхийллээр пролетарийн диктатур тогтооно" гэж байв. Тухайн жилд болсон сонгуулиар хамгийн олон буюу 156 суудал эзэлж, парламентын 30%-ийг бүрдүүлэх болсон тэдний “Аванти” сонин "Удахгүй бүх нам арчигдах болно" хэмээн бичиж байлаа.

Социалист хөдөө аж ахуйн холбоо болох Федертеррагийн гишүүдийн тоо 1920 он гэхэд нэг саяд хүрсэн агаад тэдний зорилго нь фермийн газрыг бүгдийг нь нийгэмчлэх.1920 оны 7 сард Италийн Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл болох Хөдөлмөрийн ерөнхий эвлэлийн төлөөлөгчид Москватай гэрээ байгуулан социалист хувьсгал хийхээ зарласан бол, 9 сард нь Милан, Турин, Женоа хотод үйлдвэрүүдийг ажилчид булаан авчээ.

1919-1920 оны энэхүү социалист анархизмын үеийг Биеннио Россо гэж нэрлэдэг ба үүнийг махчлан орчуулбал "Хоёр улаан жил" гэнэ. Итали дахь цөөн хэдэн либералын нэг асан, эдийн засагч Антонио де Вити де Марко Биеннио Россог "Төр зэрлэгүүдэд зай тавьж өгсөн, бүрэн анархизмд автсан аймшиг үе.  Төмөр зам, шуудангийн ажилчид өөрсдийгөө нийтийн үйлчилгээний дарга гэж бодно, олон нийтийг айлгахын тулд үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяна, орон гэргүйчүүд иргэдийн гэрт дураараа сууна, дэлгүүрүүд цагдаагийн нүдний өмнө тонуулна, ажилчид үйлдвэрийг гартаа авна, газар тариалангийн ажилчид газрыг булаана" хэмээн дүрсэлжээ.

Өөр нэгэн Италийн эдийн засагч Вилфредо Парето социалистуудын хүчирхийллийн талаар "Ажил хаялт зарлагчид ажил хаях эрх чөлөөг ямар ч шийтгэл хүлээхгүйгээр ажиллах хүсэлтэй ажилчдын тархийг гоожуулах, үйлдвэрүүдийг шатаах эрх чөлөө болгочихлоо" гэв.Фашистуудын түүх энэ үеэс эхэлнэ. Орост болсныг Италид давтах гэсэн социалистуудтай хийх тэмцлийг өмнө нь марксист явсан, Италийн Социалист Намын гишүүн асан, Аванти сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан Бенито Муссолини толгойлно. Италийн хөдөө нутгуудаар фашист хөдөлгөөн тарж, фашист бүлгүүд байгуулагдаж эхлэв. Өнөөдөр хүн бүрийн үзэн яддаг нэршил болох фашист хөдөлгөөний анхны гишүүд нь чухам хэн байв?Дундаж давхаргын эрчүүд, оюутнууд, худалдаачид, төрийн албаныхан, бизнесменүүд, фермерүүд. Энэ бол төр нь хамгаалж чадаагүй учраас өөрсдөө орон гэр, ферм, дэлгүүр, үйлдвэрээ социалистуудаас хамгаалахын тулд нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тэдний тэмцэл амжилттай болж, олон намд хуваагдан, эв нэгдэлгүй байсан социалистуудыг институцийнх нь хувьд няц даржээ. Цааш явсаар 1922 онд Бенито Муссолини эвслийн газрын тэргүүн болов."Их сургууль зэрэг төрийн үйлчилгээнүүдийг хувьд шилжүүлнэ, татварыг багасгана, хүнд сурталтнуудыг цомхотгоно, төрийг Манчестеризмын хэмжээнд аваачина" гэж 1921 оны 6-р сарын 21-нд, "Эдийн засгийн асуудлууд дээр бид сонгодог либералууд" гэж 1921 оны 11-р сарын 8-нд Муссолинигийн хэлж байсныг нь Италийн эдийн засагч Панталеони Маффео "Италийн большевизм" хэмээх 1922 онд хэвлэгдсэн номондоо бичиж байсан аж. Гэсэн ч 1924 оны парламентын сонгуулиар нам нь олонх болж, өөрөө ерөнхий сайдаар томилогдсон Муссолини бүрэн эрх мэдэлтэй болмогцоо либерализмаас шууд татгалзав. Нэрт социалист Жиованни Жентилтэй хамтран бичсэн "Фашизмын номлол"-оо Муссолини 1927 онд дуусган, 1932 онд хэвлүүлжээ. "Либерализм индивидуализмыг илэрхийлэх бол, фашизм төрийг илэрхийлнэ. 19-р зуун индивидуализмын зуун байсан бол, энэ зуун коллективизмын, өөрөөр хэлбэл төрийн зуун гэдэгт бид итгэнэ… Индивидуализмын эсрэг зогсох фашист үзэл нь төрийн ач холбогдлыг чухалчлах бөгөөд сонирхол нь төрийн сонирхолтой нийцсэн үед л хувь хүнийг хүлээн зөвшөөрнө." гэх "Фашизмын номлол"-д багтсан дээрх өгүүлбэрүүд нь Муссолинигийн фашизмын үндсэн санаа.Засагт орохоосоо өмнө либерал эдийн засгийн бодлого баримтална гэж байсан Муссолини засгийн эрхэнд гармагцаа интервенционизм, социализм руу хэрхэн зүглэснийг өгүүлье. 1925 онд эхэлсэн "Үр тарианы төлөөх тулаан" хөтөлбөр нь дотоодын тариаланчдад татаас өгч, гадаадын импортыг хязгаарлан импортын татвар тогтоолоо. Энэ нь цааш даамжран бусад бараанд ч импортын татвар тавьж өрсөлдөөнийг бууруулан, эдийн засагт сөргөөр нөлөөлөв. 1935 онд Италийн Засгийн газар үнийн хяналт, үйлдвэрлэлийн квотыг бий болгож, импортын татварыг улам өсгөсөн аж. Мөн тус онд компаниуд болон иргэдэд гадаадад байгаа хувьцаа, бондоо Италийн Төв банканд тушаахыг үүрэг болгов.1936 онд батлагдсан Банкны хуулиар томоохон банкууд төрд шилжлээ. 1926 оноос эхэлж компаниудыг татаасаар дампуурлаас нь аварч эхэлсэн фашист засаг 1933 онд Аж үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын институтыг (АҮББИ) байгуулсан ба энэ нь Италийн томоохон банк болон үйлдвэрүүдийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. 1934 оны 5-р сарын 26-ны өдөр Муссолини "Италийн эдийн засгийн, аж үйлдвэрийн, газар тариалангийн дөрөвний гурав нь төрийн мэдэлд байна" хэмээн мэдэгдсэн нь ийм учиртай. Ингээд зогсохгүй. 1939 он гэхэд фашист Итали төрийн өмчит үйлдвэрийнхээ тоогоор зөвхөн ЗХУ-ын ард очсон агаад Италийн далайн тээврийн тавны дөрвийг, төмрийн үйлдвэрлэлийн дөрөвний гурвыг, гангийн үйлдвэрлэлийн талыг нь төр өмчилж байлаа. Төр томорсноос үүдэж хүнд сурталтнуудын тоо ч нэмэгдэв. 1934 он гэхэд таван хүний нэг нь төрд ажиллаж байж. Төрийн өрийн тухайд гэвэл Муссолини эвслийн Засгийн газрын ерөнхий сайд болсон эхний жил болох 1922 онд Италийн улсын өр 93 тэрбум лиртэй тэнцэж байв. Цааш даамжирсаар 1934 он гэхэд 149 тэрбум, 1943 онд 406 тэрбумд хүрчээ. Төсвийн алдагдал нь гүүр, суваг, зам, эмнэлэг, сургууль, төмөр замын өртөө, асрамжийн газар зэргийг барихад зарцуулагдсан байна. Мэдээж зэвсэглэл багтана. Америкийн сонгодог либерал, зохиолч Лоуренс Самуэлс өөрийн "Фашист Италийн социалист эдийн засаг" нийтлэлдээ фашист эдийн засгийг "Төвлөрсөн төлөвлөгөө, их хэмжээний төрийн татаас, протекционизм, нийгэмчлэл, өргөн дэлгэрсэн кронизм, маш өндөр төсвийн алдагдал, их хэмжээний төрийн зарцуулалт, банк болон үйлдвэрүүдийг дампуурлаас аврах арга хэмжээнүүд, хүнд сурталтнуудын арми, маш олон нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, солиормоор өндөр улсын өр, инфляци нь фашист эдийн засгийн бүрэлдэхүүнүүд юм" гэж тун зөв тодорхойлжээ.

Өөр нэгэн сонгодог либерал Шелдон Ричман "Социализм зах зээлийн харилцааг шууд халсан бол, фашизм нь эдийн засгийн харилцаа бүрийг төлөвлөхийн хажуугаар зах зээлийн харилцааг өнгөн талд нь үлдээсэн юм. Энтрепренершип гэж үгүй болов. Хэрэглэгчид бус, төрийн яамдууд юуг, ямар нөхцөлөөр үйлдвэрлэхийг мэднэ. Төлөвлөгөөний комисс бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн түвшин, үнэ, цалин, ажиллах нөхцөл, компанийн хэмжээг шийднэ. Хэрэглээний түвшинг төр тогтоох ба иргэд "илүүдэл орлого"-оо нь татварлуулна эсвэл "зээл" болгож төрд өгдөг байж" гэв. Хэт баруун жигүүрийн үзэл хэмээн ташаа ойлгогддог фашизм нь хэт зүүн жигүүрийн үзэл бөгөөд социализмын Итали дахь хэрэгжилт юм.

Х.БИЛГҮҮНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж