"Covid-19-өөр нас барсан хүний чандартай салах ёс хийж болно"

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

"Covid-19-өөр нас барсан хүний чандартай салах ёс хийж болно"

Монгол Улсад Covid-19-өөр 33 хүн нас бараад буй бөгөөд цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа юм. Уг халдвараар нас барсан хүнийг оршуулах үйл ажиллагааг "Улаанбаатар буян" ХХК зохион байгуулж байна. Цар тахлаар нас барсан хүнийг хэрхэн оршуулж байгаа талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаны менежер Н.Түвшинбаяраас тодрууллаа.


-Covid-19-өөр нас барсан хүнийг танай байгууллага хэрхэн оршуулж байна вэ. Халдварт өвчин гэдэг утгаараа бусад чандарлах үйл ажиллагаанаас илүү ажиллагаа шаарддаг байх? 

-Дэлхийн улс орнууд, тэр дундаа Азийн орнууд халдвараас үүдэлтэй нас баралтыг чандарлах зан үйлээр шийдэж байна. Харин Европын зарим улс орнууд оршуулах ёслол зохион байгуулахгүй байхыг ар гэрийнхэнд нь зөвлөж, эмнэлгийн байгууллагууд газарт булж оршуулах ажиллагааг өөрсдөө гардан гүйцэтгэж байна. Халдвараар нас барж буй энэ нөхцөлд хамгийн тохиромжтой оршуулах хэлбэр нь чандарлах юм. Дэлхий нийтэд энэ хугацаанд чандарлах оршуулгын тоо өсч байхад манай улсын хувьд энэ тоо буурах хандлагатай байна.

Эрүүл мэндийн сайдын А/412 түр заавар буюу Covid-19 батлагдсан болон сэжигтэй хүний цогцсыг оршуулахад баримтлах түр зааврыг үндэслэн, энэхүү гоц халдварт вирусийн улмаас нас барагсдыг Хятад, Солонгос зэрэг улсад чандарлах явцад баримталж байгаа зөвлөмж, мөн олон улсын гоц халдварт өвчний үед баримтлах дэгийн дагуу Улаанбаатар хотын баруун болон зүүн бүсэд байрлах Чандарлах цогцолборт, чандарлах зуухыг тусгаарлан, гурван бүсээр ялгасан орчинд, тусгай цагийн хуваарийн дагуу мэргэжлийн байгууллагын хяналт дор, халдвар хамгааллын журмын дагуу чандарлан оршуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Европын зарим улс орнуудад Covid-19-өөр нас барсан иргэдийг нийтээр нь оршуулж байгаа бодит байдал

-Covid-19-өөр нас барагсдын тоо өсвөл танай ачаалал нэмэгдэж, ачааллаа дийлэхгүйд хүрэх магадлалтай юу? 

-Дээр дурдсан цогцолборууд нь Европын холбоо болон Монгол Улсын MNS5606 стандарт шаардлагыг бүрэн хангасан, тусгай удирдлага бүхий 100 хувь автомат ажиллагаатай долоон ширхэг эко чандарлах зуухаар тоноглогдсон. Уг зуух нь 8500C-10000C температурт шарилыг 40-60 минут чандарладаг. Одоогоор бүрэн хүчин чадлынхаа дөнгөж 17 хувийг ашиглаж байна.

-Халдвараар нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь хэрхэн салах ёс гүйцэтгэх вэ? 

-Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, нас барсан иргэнийг хүн ёсоор хөдөөлүүлэх, ар гэрт нь салах ёс үйлдэх нөхцөл бололцоог бүрдүүлж үйлчилгээ үзүүлж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан талийгаачийн шарилтай бус, чандарлах ажиллагаа, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийгдсэний дараа чандартай салах ёс хийх боломж олгож байна.

-Чандар буюу үнсийг нь гэрийнхэнд нь буцааж өгөх юм байна, тийм үү. Чандрыг ямар байдлаар залах боломжтой вэ?

-Маш өндөр температурт шарилыг чандарладаг, дараа нь дахин халдваргүйжүүлэлт хийдэг болохоор халдвар дамжих эрсдэлгүй. Ар гэрийнхэн нь чандрыг хөрсөнд, суварганд, хүндэтгэлийн хананд гээд аль ч хэлбэрээр залж болно.

Монголчуудын оршуулгын зан үйл шашинтай салшгүй холбоотой. Covid-19-өөр нас барсан хүнийг чандарлах процессын хувьд энгийн нас баралтаас илүү ажиллагаатай. Дараалал, цаг хугацааны хувьд өөр байдаг тул оршуулах үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага ч гэсэн тухайн нөхцөлд зохицуулан ажиллах шаардлага үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж