ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

ЭМЯ: 20 настай залуу Сovid-19-өөр нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.13) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2021.04.12) Covid-19-ийн 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16.603 боллоо. Нийт 13100 хүнд шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 24 цагт Covid-19 цар тахалд өртсөн хоёр хүн нас барсан байна. Насны хувьд 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй аж.

Шинээр батлагдсан 885 тохиолдлоос 884 нь дотоодод бүртгэгджээ. Харин нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар болохыг ЭМЯ-наас мэдээлэв.

Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт нийт 836, орон нутагт 48 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлыг аймгаар нь задалбал:

  • Архангай – 8
  • Сэлэнгэ – 6
  • Булган – 4
  • Ховд – 6
  • Өвөрхангай – 1
  • Төв аймаг – 4
  • Хэнтий – 1
  • Сүхбаатар – 5
  • Орхон – 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Говь-Алтайд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

ДОЛОО ХОНОГТ 10 НАС БАРАЛТ БҮРТГЭГДЖЭЭ

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2667 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас 1910 нь биеийн байдал нь хөнгөн байгаа бол хүндэвтэр 610, хүнд 127 хүн байна. Мөн биеийн байдал нь маш хүнд 20 хүн байна. ЭМЯ-наас хөнгөн өвчтөнүүд 71.6 хувийг эзэлж, өдрөөс өдөрт энэ тоо буурч байгааг хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдийн тоо нэмэгдэж буйтай холбон тайлбарлав.

Цар тахал хүрээгээ тэлэхийн хэрээр хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа нь нас баралтын эрсдэл дагуулж буй юм. Сүүлийн долоо хоногт Covid-19-өөр 10 гаруй хүн нас баржээ. Дийлэнх нь хавсарсан өвчний оноштой байсан аж.

Нөгөө талаас Covid-19 цар тахалд өртсөнөө оройтож мэдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа цаг алдсанаас болж өвчнөө хүндрүүлэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр онцлов. Тэрбээр “Covid-19-ийн 885 тохиолдол бүртгэгдсэн нь хатуу хөл хорихоос өмнө батлагдсан гэдгийг хэлье. Хатуу хөл хорионы үр дүн хамгийн багадаа долоо хоногийн дараа бидэнд мэдэгдэнэ” гэлээ.

Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Covid-19-ийн тохиолдол гурван оронтой тооноос буурахгүй байна. Хөл хорио үр дүнтэй байгаа эсэх талаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өгөв.

ХӨЛ ХОРИОГ 28 ХОНОГООР ТОГТООХ НЬ ҮР ДҮНТЭЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй.

Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна. Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна.

Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй. Хүн амын дунд дархлал тогтоц 70 хувьтай байхад цар тахлын дэгдэлтийг бууруулж, долдугаар сарын эхээр гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо маш багаар буюу 10-аас доош хоёр оронтой болно. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа тул өнөөдөр хийсэн тооцоолол маргааш өөрчлөгдөж болно.

"COVID-19 ЦАР ТАХАЛД ӨРТСӨНӨӨ МЭДЭХГҮЙ, ГЭРТЭЭ НАС БАРСАН ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДСЭН"

Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хэчнээн хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн бэ. Биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол бий юу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар 0-18 насны 3318 хүүхэд Covid-19 цар тахалд өртсөн. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Тэдний 2869 буюу 86 хувь нийслэлд бүртгэгдсэн бол 427 нь орон нутагт, 20 тохиолдол зөөвөрлөгдсөн. Одоогоор эмчлүүлж буй хүүхдүүдийн тоог хэлэх боломжгүй, аав ээжтэйгээ эмчлүүлж байна.

-Хүүхдүүдээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч байгаа юу. Аль эсвэл өөр арга хэлбэрээр оношилж байна уу?

Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байна. Тухайн хүүхэд гэр бүлийн ойрын хавьтал болсон тохиолдолд шинжилгээг заавал авна. Гэхдээ 0-1 хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг. Ихэнх тохиолдолд нярай, бага насны хүүхдүүдээс сорьц авахгүй байхыг хичээж байна. Харин 1-ээс дээш насны хүүхдүүдээс амны хөндийн буюу залгиурын сорьц авч байна.

Covid-19 цар тахалд өртөж, гэртээ нас барсан тохиолдлууд бий юу. Халдварын улмаас нас барсан хүмүүсийг хэрхэн хөдөөлүүлж байна вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо эрс нэмэгдэж, гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Нийслэлийн онцгой комисс, "Буян" ХХК-тай гэрээ байгуулсан. Эмнэлгийн гадуурх нас баралтад “Буян” компанитай гэрээ байгуулж, нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд битүүмжлэн, тус компанийн зориулалтын цогцос хадгалах байрт хадгалж, оршуулгын зан үйл үйлдэж байна. Оршуулгад ар гэрийнхнээс нь аль болох цөөн тоогоор буюу 30 хүртэл хүнийг хамруулсан, гар хүрэхгүй байдлаар салах ёс гүйцэтгэх зэргээр нутаглуулах зан үйлийг хийж байна. Ер нь эмнэлэгт нас барсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу эмнэлгийн мооргт цогцсыг хадгалж, зориулалтын дагуу битүүмжилж чандарлах болон уламжлалт зан үйлээр оршуулж болно.

-Хөл хорио тогтоосноос хойш хэд хоногийн дараа халдварын тохиолдол буурах вэ. Дахин хөл хорьсон нь үр дүнгээ өгөх үү. Хугацааны хувьд хөл хорио тогтоох тохиромжтой цаг нь мөн үү. ХӨСҮТ-өөс 15 хоногийн хөл хорио сунгах санал өгсөн үү. Аль эсвэл өөр арга хэмжээ авах санал гаргасан уу?

Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөл цаашид буурах уу, аль эсвэл бага хэмжээгээр саарах нөлөөлөл нь гарна. Мэдээллийн эхэнд дурдсанаар 15 хоногийн хөл хорионы дараа өвчлөл ялимгүй буурах дүр зураг харагдаж байна. Өвчлөл буурсны дараа дахин халдварын давалгаа харагдаж байна. Улмаар өвчлөлийн дэгдэлт долдугаар сарын сүүлээр буурахаар ажиглагдаж байна. Хэрэв 28 хоногийн хөл хорио тогтоож, дархлаа тогтоц 70 хувьтай байвал долдугаар сард халдварын тохиолдол эрс буурахаар байгаа юм. Дунджаар тавдугаар сарын 8-нд халдварын тохиолдол эрс буурах тооцоолол харагдаж байна. ХӨСҮТ-өөс аль болох урт хугацааны хөл хорио тогтоох санал гаргаж байна. Бид өвчлөлийн тоогоо түр зуур бууруулах уу, аль эсвэл эрүүл мэндийн салбараа амьсгаа авах хэмжээнд барих уу гэдэг хоёр л дүр зураг харагдаж байна. Тэгэхээр хөл хориог урт хугацаанд тогтоох тусам үр дүнтэй.

-Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын хэчнээн эмч, ажилтан Covid-19 цар тахалд өртөөд байна вэ. Ялангуяа төрөх эмнэлгүүдийн эмч, ажилчид халдварт өртсөн тухай мэдээлэл байна уу?

-Халдварын нөхцөл байдлыг долоо хоног бүрээр тоймлон гаргадаг. Хамгийн сүүлийн нөхцөл байдлыг дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан. Тухайн өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3791 эрүүл мэндийн ажилтан халдварт өртсөн байна. Эдгээр хүмүүсийн 60.7 хувь нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдварт өртсөн. Бусад 124 нь буюу 31.2 хувь нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд, эмнэлгийн бус орчноос халдварт өртсөн. Эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн төрлөөр авч үзвэл 60 хувь нь сувилагч, эмч нар. Халдварт өртсөн сувилагчид 33 хувь, эмч нар 28 хувийг тус тус эзэлж байна.

Covid-19-ийн хөнгөн болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс вирусийн эсрэг эм уух шаардлагагүй. Гэрээр тусгаарлагдсан иргэд дархлаа дэмжих витамин С, D тодорхой тунгаар уух хэрэгтэй. Хэрэв хүнд болон хүндэвтэр тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Биеийн байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эмчилгээ уулгах, эсвэл тарих уу гэдгийг эмнэлзүйч эмч нь хариуцна. Маш хүнд өвчтөнүүдэд вирусийн эсрэг болон гормоны эмчилгээг тариагаар, мөн антибиотик эмчилгээг хавсарч өгч байгаа юм.

Covid-19 цар тахалд өртөж эмчлүүлсэн иргэд эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас гарсан ч эргээд сөрөг үр дагавар гарах уу. Энэ талаар судалгаа бий юу?

-Халдвараар хөнгөн болон шинж тэмдэггүй өвчилсөн иргэдэд эргээд гарах сөрөг үр дагавар нь харьцангуй бага гэсэн судалгаа байна. Сүүлийн үед дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанд, хүнд болон маш хүнд өвдсөн хүмүүст уушгины сорвижилт үүсэх, сэтгэл гутрал, удаан хугацаанд ядрах шинж тэмдэг илэрч байна. Монгол Улсын хувьд эмчлүүлж гарсан хүмүүсийн хувьд эмнэлзүйн явц ямар байсан, ямар эмчилгээ хийсэн талаар судалгаа хийхээр өвчний түүхээ цуглуулж, судалгаануудыг эхлүүлсэн байна. Цаашид эмчлүүлээд гарсны дараа ямар үр дагавар гарах талаар судалгаа одоогоор хийгдээгүй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, April 12, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж