Өмнөд Солонгосын нисэх хүчин энэ сарын 9-нд дотооддоо үйлдвэрлэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй анхны сөнөөгч онгоцоо танилцуулав. Анх KF-X хөтөлбөр таван жилийн өмнөөс хэрэгжиж, үр дүнд нь ийнхүү Сөүл дотоодын сөнөөгч онгоцтой болж, батлан хамгаалахын чадвараа бэхжүүллээ.
"KF-21 Бурамэ" хэмээн нэрлэсэн тус хос тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцыг Сөүлээс урагш 440 километрт орших Сачон хотод байрлалтай Өмнөд Солонгосын Агаарын үйлдвэрлэлийн удирдах байранд танилцуулжээ.




Онгоцны нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин индэр дээрээс “Бид эцэст нь өөрсдийн гэсэн дуунаас ч хурдан сөнөөгч онгоцтой боллоо. Бид батлан хамгаалахын салбарт шинэ эрин, шинэ түүх эхлүүлж байна” хэмээн ярьжээ.
Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус онгоц АНУ-ын "Lockheed Martin" үйлдвэрийн дөрөвдүгээр үеийн F-16 онгоцноос илүү боловсронгуй ч тавдугаар үеийн F-35 Lightning II онгоцноос удаан юм. БНСУ өдгөө Вьетнамын дайны үед бүтээгдсэн F-4E Phantom, F-5Е tiger сөнөөгч онгоцуудыг ашигладаг бөгөөд дээр дурьдсанчлан 2028 оноос дотоодын сөнөөгчөөрөө сольж эхлэх юм байна.
Эх сурвалж: DEFENCE NEWS