Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг "Women In Jazz" олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ. Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон тухай баярт мэдээг дуулгалаа. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдах аж.
Авьяаслаг хөгжимчин Э.Шүтээн хамтлагиийнхантайгаа өмнө нь Герман улсад болсон жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Одоо 22 настай тэрбээр "Элбэрэл", "Гэргий" зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм.
News.mn сайтад өмнө нь өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би өнгөрсөн 2020 оны есдүгээр сард Герман улсын Мюнхен хотын Хөгжим, тайзны урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр Германы эрдмийн солилцооны албаны бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, магистрын зэргээ амжилттай хамгаалсан.
Одоо жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь магистраа удахгүй хамгаалах гэж байна. Өнгөрсөн намраас эхлээд их сургуулиас олгодог хамгийн өндөр зэрэг буюу ахисан түвшний жазз төгөлдөр хуурын мастер класст, бас Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгтэйгээр давхар сурч байна. Энэ зун төгсөлтийн тоглолтоо хийнэ" хэмээн ярьсан билээ.
Холбоотой мэдээ