Богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг “TikTok” сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2019 онд нэг тэрбум давжээ. Гэвч сүүлийн үед олон улсад TikTok сүлжээг ашиглан бусдыг амиа хорлоход уриалах, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж буй үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл үүсч байгаа аж.
Манай улсын хүүхэд залуусын дунд TikTok сүлжээний хэрэглээ нэмэгдэж, өргөнөөр ашиглах болсон. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг Эрүүгийн Цагдаагийн албанаас сануулжээ.
Хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж буй эцэг, эхчүүдийг Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлэхийг албаныхан санал болгосон байна. Ингэснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болох аж.
Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно. Мөн тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”-ыг идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг байна.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ