Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан аймшигт ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Уран нь байгальд буй байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг цацраг идэвхт элемент билээ. Ураны дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт, цаашдын чиг хандлагыг авч үзвэл 2030 он хүртэл өсөх төлөв ажиглагдаж байгаа аж. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа ураны сэргэлтийн мэдээллийг онцолж байна.
“Mining”-д мэдээлснээр, 2021 онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.доллар давав. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлсэн, мөн олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлжээ.
“BMO Capital Markets”, “Morgan Stanley” ураны өнөөгийн үнэ хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
Зарим шинжээчид цэвэр эрчим хүчний шилжилтийг атомын энергийн оролцоогүйгээр хийх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Европын Холбооноос атомын энергийг эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр тодорхойлж буй нь ураны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
БНХАУ өнгөрсөн гуравдугаар сард XIV жилийн төлөвлөгөөгөө танилцуулж, ураны салбарыг дэмжих зорилт тусгаснаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, тус улс цөмийн эрчим хүчний өнөөгийн 48ГВт хүчин чадлыг 2025 он гэхэд 70ГВт хүргэхээр төлөвлөжээ.
Дэлхийн ураны компаниуд арилжааны зах зээл дэх бэлэн ураныг стратегийн зорилгоор худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Тухайлбал, Канадын “Denison” корпораци арилжааны зах зээл дэх 962 тонн ураныг урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авахаар болжээ. АНУ-ын “Uranium Energy Corp” 200 тонныг худалдан авах гэрээ байгуулсан байна. Их Британид бүртгэлтэй “Yellow Cake plc” компани “Казатомпром”-той хийсэн гэрээний хүрээнд цаашид худалдан авалт хийхээ зарлажээ.
“Denison” корпорацийн 90 хувийг эзэмшдэг “Wheeler River” ураны төсөлдөө урт хугацааны хөрөнгө оруулалт, бэлэн түүхий эдийн нөөц үүсгэх хүрээнд 75 сая ам.долларын үнэ бүхий шар нунтаг худалдан авахаар “Cantor Fitzgerald Canada Corporation” компанитай стратегийн санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.
Тус компани уг гэрээг байгуулснаар ирээдүйн үйлчлүүлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулах, нийлүүлэлтийн үүргээ биелүүлэх уян хатан байдлыг нэмэгдүүлж, “Wheeler River” ураны ордыг ашиглалтад оруулах тохиолдолд уурхайгаас гарах бүтээгдэхүүнтэй хамт борлуулах боломжтой гэж үзэж буй аж.
“Uranium Energy Corp” (UEC) олборлолтын зардлаас доогуур үнээр шар нунтаг худалдан авах онцгой боломжийг ашиглан, 10.9 сая ам.долларын 200 тонн (400 мянган фунт) шар нунтаг худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэхүү худалдан авалтын үр дүнд ураны үнэ өсөхөд “UEC” компанийн балансыг бэхжүүлэх, ирээдүйн маркетингийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор стратегийн нөөцийг бүрдүүлэх, Техас муж дахь Вайоминг төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.
“Yellow Cake plc” компаниас 2021 онд 100 сая ам.долларын шар нунтгийг Казахстаны “Казатомпром” компаниас худалдан авч, энэ оны 4-8 дугаар сард 1750 тонныг Канадын Онтариод хүргүүлэх болсноо зарлажээ.
2021 оны гуравдугаар сарын байдлаар “Yellow Cake plc” компани 220 тонн шар нунтгийг 12 сая ам.доллараар худалдан авсан байна (1 кг U3O8-ыг 54.5 ам.доллар буюу аржилжааны зах зээлийн гуравдугаар сарын дундаж үнээс доогуур худалдан авалт хийжээ).
Австрали Улсад бүртгэлтэй “Boss Resources” компани 1 кг-ыг нь дунджаар 66.55 ам.доллараар бодон, 625 тонн шар нунтгийг (нийт 60 сая австрали доллар) арилжааны зах зээл дээрээс худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэ нь Өмнөд Австрали дахь “Honeymoon” уурхайг ашиглалтад оруулахад (газрын дор уусган олборлох аргаар) компанийн санхүүгийн байдлыг бэхжүүлэх, санхүүжилтийг уян хатан болгох, ирээдүйн нийлүүлэлтэд үүсч болох эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой гэжээ.
“Uranium Royalty Corp (URC)” компани дөрөвдүгээр сар гэхэд нийт 10 сая ам.долларын үнэ бүхий 174 тонн шар нунтгийг 63.42 ам.доллар/кг нэгж үнээр худалдан авахаар гэрээ байгуулжээ. Энэхүү нэгж бүтээгдэхүүний үнэ нь арилжааны зах зээл дээрх үнээс даруй 5 ам.доллараар хямд аж.
Дээрх компаниуд нь түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, уурхайгаа ашиглалтад оруулах үед нийлүүлэлтийн тогтмол байдлыг хангах, гэрээний үүргээ биелүүлэх, төсөл санхүүжүүлэх уян хатан байх зэрэг нийтлэг стратегийн зорилгын хүрээнд арилжааны зах зээл дээрээс хямд үнээр шар нунтаг худалдан авч буй аж.
Тэртээ 1789 онд Германы химич Мартин Клопорт Гэгээн Жоахимштал уурхайгаас авч ирсэн чулуулгийн хэсгийг судалж байхдаа ураныг нээсэн гэдэг. Харин ураны цацраг идэвхит шинж чанарыг 1896 онд Францын эрдэмтэн Хэнри нээж, уранаас нүдэнд үл үзэгдэх цацраг аажим ялгарч, фото зургийн хавтанд аяндаа нөлөөлж байхыг ажигласан гэдэг. Энэ нь тухайн цаг үе хүртэл хүн төрөлхтний огт мэддэггүй байсан байгалийн цацраг идэвхийн илрэл байсан аж.
УРАН ОЛБОРЛОХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ
Манай улс дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд 50 гаруй жилийн өмнөөс энэхүү салбарыг судалж, Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ураны хайгуулын лиценз олгож эхэлсэн байна. Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга давсан эрдэсжсэн цэг байдаг аж.
Өөрсдөө уран олборлож байгаа нөхцөлд хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэсэн үг. Манай улсад Дорнодын Мардайн ордоос урагшаа Дорноговь хүртэл ураны илрэлийн судлууд, мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Архангай аймагт тус тус илрэлүүд байдаг байна. Ураны хүдрээс гадна тэнд буй нүүрс нь уран агуулсан байдаг аж.
Сүхбаатар аймгийн Бумбатын нүүрсний ордоос уран илэрч байжээ. “Дорнод”, “Мардайн гол”, Гурван булаг”-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд бөгөөд нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн аж.
Дорноговь аймагт хэд хэдэн ураны ордууд байдгаас хамгийн их нөөцтэй нь Дулаан уулын орд бөгөөд ураны хүдэр нь тунамал чулуулагт хуримтлагдсан роллфронт төрлийн орд юм байна.
Уран олборлож, тэр ч байтугай атомын цахилгаан станц барих нь бидний ирээдүй гэж нотолдог хүн олон байдаг ажээ.
Монголд уран олборлох нь ажлын байр бий болгох, экспортод бүтээгдэхүүн гаргахаас эхлээд эдийн засгийн үр ашигтай. Гагцхүү экологийн эрсдлийг тооцох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэвч мэргэжилтнүүд газрын гүн рүү хүхрийн хүчил хоолойгоор хийж уран олборлолоо гэхэд хөрсний ус бохирдох аюултай байж болно. Иймээс олборлолтыг зөв явуулах нь чухлыг онцолж байна. Монголд ураны ордуудыг илрүүлэх судалгаа 1973 оноос эхэлжээ.
Арав гаруй жилийн өмнө кг нь 10-90 ам.доллараар үнэлэгдэж байсан уран дэлхийн зах зээл дээр цаашид ч өсөх төлөвтэй байгааг судлаачид өгүүлж буй юм.
Өдгөө “цөмийн эрчим хүч-цэвэр эрчим хүч” хэмээх ойлголтыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх болсон. Өөрөөр хэлбэл, ураныг олборлож, боловсруулж ашиглах нь эдийн засаг, экологи, технологийн асуудал болсон билээ.
Эх сурвалж: MINING, TRADING ECONOMICS
Холбоотой мэдээ