Санал хүргүүлэх тухай

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Санал хүргүүлэх тухай

ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН Таны амрыг эрэхийн зэрэгцээ улс орон даяар үүсээд байгаа цар тахлаас ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, дэмжин ажиллах нөр их үйлсэд нь манай барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүн компаниуд болон өөрийн зүгээс амжилт хүсье.

Манай МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүд, нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн  зарим чиг үүргийг гүйцэтгэдэг мэргэжлийн манлайлагч төрийн бус байгууллага юм.

“Ковид-19” халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2021 оны 04 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ.

Үүний дагуу “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/265 дугаар захирамжийн 2-р заалтаар: “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан…”, 2.9 дүгээр заалтаар: “Эрчим хүч, инженерийн байгууламж, уул уурхай, зам, барилга, газар тариалан эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тухайн объект, ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ажлын тусгай горимоор ажиллуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн холбогдох газар, алба, төслүүдийн удирдагч, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Иймээс тус заалтуудын дагуу барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд нь бэлтгэл, зохион байгуулалтаа урьдчилан сайтар хангасны үндсэн дээр тухайн объект, ажлын байранд тогтоосон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан ажилчдаа хөл хорионы хугацаанд төслийн талбайд байнга байрлуулж (ажил, гэрийн хооронд явуулахгүйгээр), ажилчдын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүйгээр онцгой горимоор аливаа үүсэх эрсдэлээс хариуцлагаа өөрсдөө бүрэн дүүрэн хүлээн орон нутагт ч, нийслэлд ч үргэлжлүүлэн ажиллах боломжтой байна гэж ойлгогдож байгаа тул уг заалтыг баримтлан компаниуд объект дээрээ байрлан ажиллаж байна.

Барилга угсралтын үед задгай агаартай, ил талбайд ажиллах болон барилгын засал чимэглэлийн ажлын үед хүн хоорондын зай хангалттай хол ажиллах боломжтой бөгөөд халдвар тархах магадлал нь ч харьцангуй бага байдаг нөхцөл байдалтай байдаг, мөн түүнчлэн MNS: ISO/PAS 45005:2021 "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа"  стандартыг баримтлан үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулах боломжтой тул барилга бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байгаа энэ цаг үед барилгын ажлыг зогсоохгүй, эрчийг нь сааруулахгүй явуулах нь цаг хугацаандаа бүтээн байгуулалтыг явуулах, цаашлаад эдийн засгийн идэвхжилийг бууруулахгүй байх нь өөрийн чухал нөлөөгөө үзүүлэх ач холбогдолтой билээ.

Барилгын идэвхтэй улирал богино байдаг манай орны хувьд, бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байгаа энэ цаг үед бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулахад нэн шаардлагатай байгаа дараах асуудлын хүрээнд яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсэж байгааг хүлээн авна уу. Үүнд:

  1. Барилгын үйл ажиллагааг онцгой горимоор явуулах MNS: ISO/PAS 45005:2021 "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандарт батлагдсан тул уг стандартыг компаниуд мөрдөн ажиллаж, ажилчдаа байрлуулан ажиллаж байгаа хэдий ч барилга угсралтын ажлыг тасралтгүй явуулахад нэн шаардлагатай байгаа барилгын гол нэрийн материал болох арматур, цемент, бетон зуурмаг, хөөсөнцөр, дулаалгын материалын ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй явуулах боломжоор хангаж өгөх,
  2. Барилгын материалын хомсдолоос урьдчилан сэргийлэх үүднээс барилгын гол нэрийн материал болох арматур, бетон, цемент, дулаалгын материалын ханган нийлүүлэлт болон үйлдвэрлэлийг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан үргэлжлүүлэхийг зөвшөөрөх,
  3. Замын үүд, Алтан булгийн хилийн боомтууд хаагдаж, ид барилгын ажлын энэ үед барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосноос шалтгаалж барилгын гол нэрийн материал болох арматур, бетон, цемент, дулаалгын материалын нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүсэж, үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсэж байгаагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч өгөх зэрэг болно.

Манай барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, МБҮА ТББ-ын нийт гишүүн компаниуд Улсын онцгой комиссыг уг нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, бидний дээр дурдагдсан саналуудыг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэн хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж