Covid-19-ийн улмаас 2020 онд хөл хорио тогтоосноос хойш цагдаагийн байгууллагад цахимаар мөрийтэй тоглох, лайваар азтан шалгаруулах зэрэг гэмт хэргийн улмаас хохирогч болсон 4000 гаруй хүн ханджээ.
2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Үүний 2.1 сая нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог хэрэглэгчид. Гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог бөгөөд 15-34 насны хүмүүсийн 80 хувь нь нь фэйсбүүкчид. Тиймдээ ч хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах зөрчил ихээр гарах болжээ.
Хамгийн сүүлд гэхэд өчигдөр (2021.04.12) орой Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Д, М, М, Б, М нарын таван этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас “Иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл юм. Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг энд анхааруулъя.
Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг. Өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа. Зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй.
Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж буй нь өөрөө хууль бус ажиллагаа юм. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлан, азтан шалгаруулдаг байсан бол сүүлдээ байр, машины хонжвортой явагддаг. Олон хүнтэй группт лайвуудаа шэйр хийн, данс байршуулж, иргэдээс мөнгө хураадаг. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөн хэдэн зуугаараа оролцоод луйвардуулдаг. Цахим орчинд лайваар азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг хянах боломжгүй. Мөн онлайнаар бараа зарна гэж урьдчилгаа мөнгө аваад алга болсон олон тохиолдол бүртгэгдсэн” хэмээн хэлж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ. 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах
- Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Холбоотой мэдээ