Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэхийг Цэц хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Цэц дунд суудлын хуралдаанаа Баасан гаригт зарлав. Тодруулбал, нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /маргаан үүсгэсэн заалтууд/:

  • 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг
  • 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
  • 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Нэр бүхий дөрвөн иргэн гомдол гаргахдаа дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдох энэ заалтыг холбогдох хуулиар зохицуулж өгөөгүй гэсэн утгатай мэдээллийг Цэцэд гаргасан.

Яг энэ асуудал Үндсэн хуулийн Цэцийн гэхээс илүү ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгийг тодорхойлох чухал үйл явц. Тиймдээ ч дунд суудлын маргаан үүсгэх эсэх бага суудлын хуралдаан улс төрийн том маргаан үүсгэсэн юм. Дээрх иргэдийн мэдээллийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго хүлээн авч, маргаан үүсгэхээс өмнө талуудаас мэдээлэл цуглуулж байв. Тухайн үед Ерөнхийлөгч өөрийн биеэр Цэц дээр очиж, тайлбар мэдээллээ өгч байсан юм.

Түүний дараа Цэцийн Бага суудлын хуралдаан болсон, болоогүй гэх маргаан үүссэн. Учир нь Бага суудлын хуралдаан хуралдаж,  энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэж гишүүдийн олонх дэмжсэн гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар тус хуралдаан хүчингүй болсон гэдэг маргаан дагуулсан.

Яг үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрх нь дуусгавар болсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын оронд томилогдох нэр дэвшигчийг бүртгэх ажил, УИХ-аар томилох асуудал яаралтайгаар шийдэгдэж, Ш.Цогтоогийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам Цэцийн гишүүний томилгоонд маш идэвхтэй хандаж, томилгоо хийсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал шийдэгдсэн гэж улс төрийн хүрээнд дүгнэж буй.

Ийн үйл явдалтай зэрэгцэн Ерөнхийлөгч Цэцийн шинэ гишүүн Ж.Эрдэнэбулганы томилгоонд хориг тавих, түүний Ш.Цогтоогийн оронд бус Д.Солонгын оронд томилох ёстой хэмээж байв. Гэвч эрэх баригчид олонхоороо асуудлыг шийдэж, Цэцийн гишүүнээ томилчихсон, Ерөнхийлөгчийн хүссэнчлэн Д.Солонгыг бус Ш.Цогтоог нь явуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хөндөв.

Одоогоос хоёр жилийн өмнө болоод өнгөрчихсөн, онгоцны үйлчлэгчийн биед халдсан асуудлаар дуулиан тарьж байсан Цэцийн гишүүн Д.Одбаяраас гэнэт ёс зүй шаардаж байгаа нь ч Ерөнхийлөгчийн захиалга. Хориг тавиад болохгүй бол өнгөрсөн борооны хойноос гэнэт цув нөмөрч, Д.Одбаяраас ёс зүйн хариуцлага нэхэж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн маргаантай холбоотой эрх баригчид, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “зодоон” гэж улс төрийн хүрээнд дүгнэж байгаа.

Бага суудлын хуралдаан хуралдсан, хуралдаагүй гэх маргаан эцэслэгдээгүй байхад Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр дунд суудлын хуралдаанаа зарлав. Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд  одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс нэр дэвших боломжийг хуульд тусгах ёстой гэсэн агуулга бүхий шийдвэр гарах болов уу гэсэн таамаг өрнөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхгүй болгох шийдвэр гарна гэсэн үг.

Үүнийг хамгийн их хүсч байгаа нь эрх баригч нам. Тэд 100 жилийнхээ босгон дээр сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалдаа цэг тавихаар улайрч байгааг нь хэлэх хүмүүс олон бий. Цэцийн дунд суудлын хуралдаанаас ямар шийдвэр гаргахаас УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойлогдоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан Баасан гаригт болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж