Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг өнөөдөр /2021.04.12/ зохион байгуулж байна.
Энэ талаар нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.БЯМБАДОРЖ:
-Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 500 гаруй мянган хүнийг дархлаажуулаад байгаа. Засгийн газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зорилтот бүлгийн буюу ахмад настнуудыг дүүрэг бүрт байрлаж буй цэгүүдээр вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн. Үүнээс одоогийн байдлаар “Вероселл” вакцины нэгдүгээр тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж байна.
Ахмад настан буюу 60-аас дээш насны эрүүл мэндийн дөрөвдүгээр бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран дүүргүүдийн эрүүл мэндийн төв, бусад нэгжийн тусламжтайгаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эдгээр иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг учир нэрс нь тодорхой байдаг. Тиймээс дархлаажуулалтыг олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулж байгаа. Тухайлбал, Геронтологийн үндэсний төвийн хяналтад байдаг зорилтот бүлгийн 6892 хүн байдаг. Тэдгээр иргэд хороо, хэсгийн эмч, нийгмийн ажилтнуудад урьдчилж хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эдгээр вакцинжуулалтад хамрагдахыг зөвшөөрсөн ахмадуудыг бид эхний ээлжинд 20, 20-иор нь автобусаар зөөвөрлөн тусгай цэгт авч ирж, вакцинжуулж байгаа. Үүний дараагаар хэвтрийн хүмүүсийг гэрээр очиж вакцинжуулах ажлыг зохион байгуулна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ