У.Хүрэлсүхийг хорлох Ц.Нямдоржийн улс төр

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг хорлох Ц.Нямдоржийн улс төр

У.Хүрэлсүхийг хорлох Ц.Нямдоржийн улс төр

З.Энхболдыг Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байх үед жинхэнэ Ерөнхийлөгч нь тэгээд хэн юм бэ гэж улс төрийн хүрээнийхэн ёжилдог байв. Магадгүй, З.Энхболдын хэлсэн, зөвлөснөөр Х.Баттулга хийдэг, шийддэг байсан болохоор тэр биз.

Тэгвэл одоо жинхэнэ Ерөнхий сайд нь яг хэн бэ гэсэн асуулт бас тавигдаж байна. Нэрэн дээрээ Л.Оюун-Эрдэнэ боловч надар дээрээ хөшигний араас залуурдаж, удирдаж байгаа хүн бол Ц.Нямдорж гэж хардагдаж бас харагдаж байна.

Үндсэндээ өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Эрдэнэт хотынхон Ц.Нямдоржийг Монголын улс төрөөс явуулсан ч, Ц.Нямдорж Монголын улс төрөөс явсангүй. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэтийн 49 хувь”, С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах улс төр хийсэн Ц.Нямдоржийг улс төрд байх ёсгүй гэж тэд үзсэн хэрэг.

Гэвч, хаалгаар гараад явсан Ц.Нямдорж тооноор орж ирээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “тогоог” хариуцаж сууна.  Бүр болоогүй, хоёр залуухан сайдыг /Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар/ өмнөө бариад хуучин улс төрөө хийж байгааг Б.Хурц шоронд орохынхоо өмнөхөн хатуухан шүүмжилсэн бий.

Уг нь УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээсэн хүмүүсээ албан тушаалд томилж, улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй дүрэм МАН-д үйлчилдэг. Энэ дүрэмд зааснаар Ц.Нямдорж засагт сайд хийх нь бүү хэл намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлынхаа гишүүнээс хөөгдөх ёстой. Гэвч, Ц.Нямдоржид намын дүрэм, Монголын хууль, төрийн хүний ёс зүй хамаагүй.  Тэр зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах төлөө өөрийнх нь хэлснээр сүүлчийн ганц цамцаа урагдтал, сүүлийн таван жил зүтгэж яваа хүн.

ХЭҮК-д эрүүдэн шүүсэн гэх  гомдол 2018 онд 40, 2019 онд 26, 2020 онд 47 ирсэн байна. Гэвч, эдгээр хэргүүдээс зөвхөн хоёр хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг Ц.Нямдорж ярьдаг, одоо бүр улс орны “нэн чухал” асуудал болгоод хувиргачихав.

Тэгэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой, тэднийг суллахаас өөр аргагүй байдалд оруулсан ямар нэг ашиг сонирхол Ц.Нямдоржид байна гэсэн үг. Ашиг сонирхолгүй асуудал дээр тэр дуугардаггүй нь гэм биш зан.

Жишээ нь, Монголын ардын армид онц ноцтой хэрэг он гарсаар цөөнгүй гарсан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа юм.  Армид алба хаахаар явсан олон аавын хүү эрүүдэн шүүлтэд орж амиа алдсан жишээ олон. Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад хилийн цэрэгт алба хааж байсан байлдагч учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарч байв.

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Т.Чимгээгийн эрхийн төлөө шоронд хүртэл очиж уулзсан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцсан салбарт нь хүний амь үрэгдэж,  хилийн цэргүүд даргаа буудаж хөнөөчхөөд байхад таг чимээгүй байгаа шалтгаан юу вэ. Хамгийн түрүүнд “яав, ийв” гээд тайлбар, мэдээлэл өгөөд сууж байх үүрэгтэй хүн шүү дээ, уг нь.

Монголд зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хүн эрүүдэн шүүлтэд өртсөн юм биш,  “Хорих ангиуд, цагдан хорих байр, цэргийн анги нэгтгэл, СЭМҮТ, ахмадуудын асрамжийн газарт эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гардаг” талаар ХҮЭК-ын гишүүн Ж.Хунан баталсан байдаг.

 Дөрөвдүгээр сарын 1-ны өдөр гурван телевизэд ярилцлага өгөхдөө  тэрбээр “Прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой” гэсэн тайлбар өгсөн байдаг.  Эндээс харвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Т.Чимгээ, Б.Содномдараа нарыг суллаж, телевизийн камерын өмнө тэднийг, гэр бүлийнхнийг нь уйлуулж драмд  тоглуулах сценарийг Ц.Нямдорж хэдийнэ найруулчихсан суугаа.  Тэгээд өөрийгөө ардын баатраар төсөөлж ч байж мэднэ.

Хэдийгээр Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргасан гэх боловч, энэ нь зөвхөн Ц.Нямдоржийн улс төрд зориулагдсан улс төр байх магадлал ч өндөр байна. Учир нь,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой гурван хавтаст хэргийн алийг нь төрийн нууцаас бүхэлд гаргаж буйгаа тодорхой тайлбарлаагүй, оньсого таалгуулах мэт жиргээ хийгээд нам жим болсон. Тэрхүү нууцаас бүхэлд нь гаргасан гэх материал нь хэнд, хэзээ нээлттэй болох нь бас ойлгомжгүй.

 Гэвч,  үнэндээ Ц.Нямдоржийн  энэ бүх сценари эцэст нь У.Хүрэлсүхийн холын улс төрийг хорлож мэдэхээр харагдаж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж шоронгоос суллах юм бол өнгөрсөн хугацаанд эрүү шүүлтэд өртөж хэргээ хүлээсэн бүх гэмт хэрэгтнүүдээ Монголын Засгийн газар суллах ёстой болж таарна.   У.Хүрэлсүхийн амалж, ярьж ирсэн шударга ёсны шүүлтүүрээр бол шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
12
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж