УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг өөрчлөх хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тус намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбат ажилладаг. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутаг төдийгүй ойрын хүн нь ч гэж яригддаг. Гэвч тэрбээр “гологдож”, албыг нь УИХ-ын гишүүн Н.Батсуурьт шилжүүлж мэдэшгүй нь.
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн ч 11 гишүүн сонгогдсоноор парламентад бүлэг байгуулах эрх үүссэн юм. Тухайн үед УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар Д.Ганбат гишүүнээс гадна Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар хийх боломжтой тухай яриа гарсан ч Ерөнхийлөгчийн хүн гэдгээрээ тэрбээр нам дотроо ногоон гэрлээр дэмжлэг авсан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг “амьгүй албат” шиг ажиллаж байна гэх шүүмжлэлийг олонтаа сонссон.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын даргаар М.Тулгатыг батламжилсан ээлжит бус XI их хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцсон нь төрийн тэргүүний дургүйг хүргэж, өөрчлөх асуудлыг хөндөж эхэлсэн байх талтай аж.
Дээр нь УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийг танилцуулах үеэр тэрбээр иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг зөв зүйтэй арга хэмжээ гэх зэргээр дэмжиж байр сууриа илэрхийлсэн нь эрх баригчдын талд дуугарлаа гэх хатуу үг сонсоход ч хүргэсэн гэх.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нь инженер, эрх зүйч мэргэжилтэй. Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулснаар анх удаа парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Харин хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдоход нь Ардчилсан намын бүлгийн дарга болгосон ч Ерөнхийлөгч Х.Баттулгын сөргөлдөгч тал болсон С.Эрдэнэ нар руу “хандарсан” гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөж мэдэх нь ээ.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ