ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчид

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчид

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчид

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны /ХЗБХ/  тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 59  хүнийг  тус бүрээр хэлэлцэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд хоёр хүн материалаа дутуу ирүүлсэн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд материалаа ирүүлсэн гурван хүн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй тул ажлын хэсэг бүртгэхээс татгалзсан байна. 

Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Шалгарсан нэр дэвшигч тус бүр дээр ХЗБХ нээлттэй сонсгол хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох юм.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД

ДЭЭРХ ХҮМҮҮСТ ЯМАР ШААРДЛАГА ТАВИВ

ШЕЗ-ийн  шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. 

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй.
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан.
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй.
  • Сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй.
  • Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:

  • Хууль зүйн өндөр мэргэшилтэй.
  • Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан.
  • Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй.
  • Сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.
  • Шүүгчээр ажиллаж байгаагүй.
  • Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа.
  • Шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа
  • Өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа.
  • Прокуророор ажиллахгүй байгаа.
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА

Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр  дэвшигчийн сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарласан. Дээрх хугацаа нь өнөөдөр /2021.04.12/ 17.30 цагт дуусгавар болох юм. Тодруулбал, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн. 

Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулалт зарласан юм.

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж