Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.04.12) мэдээллээ хийлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, April 11, 2021
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.УУГАНБАЯР:
Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 13591 мянган хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 704 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас барсан байна. Тодруулбал, 73 настай эрэгтэй, 79, 60 настай эмэгтэй хүмүүс Covid-19 өвчнөөр нас барсан. Монгол Улсад Covid-19-ийн улмаас нийт 25 хүн нас бараад байна.
Батлагдсан тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 106 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр орон нутгийн өвчлөлийн тоо 2013 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 13155 болсон. Өнгөрсөн хоногт 357 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийтдээ 9516 хүн эдгэрээд байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15718 боллоо.
Халдварын тархалтыг аймгуудаар нь авч үзвэл,
- Дархан-Уул аймаг- 8
- Орхон – 16
- Дорнод аймаг-1
- Сүхбаатар аймаг- 9
- Дундговь аймаг- 9
- Төв аймаг-28
- Сэлэнгэ аймагт- 8
- Өвөрхангай аймагт- 7
- Баянхонгор аймагт- 6
- Архангай аймаг- 3
- Хөвсгөл аймаг- 3
- Завхан аймаг- 1
- Ховд аймаг- 7 тохиолдол тус бүр батлагдаад байна.
Улсын хэмжээнд 2637 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс,
- 1912 хүний бие хөнгөн
- 585 хүний бие хүндэвтэр
- 118 хүний бие хүнд
- 19 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын гурван цэг ажиллаж байна. Эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалтын ажилд оролцох иргэд “Буянт-Ухаа” спортын ордон, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, Сонгинохайрхан дүүргийн таван шарын “Номин” агуулахын гадна талбайд очиж шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа.
"УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 3091 ХҮҮХЭД COVID-19-ӨӨР ӨВЧИЛСӨН"
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
ЭМЯ-ны газрын дарга Л.ЭНХСАЙХАН:
– Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор вакцины хоёр дахь тунгаа хийлгэж чадаагүй иргэд яах вэ?
-Монгол Улс Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. БНХАУ-ын үйлдвэрийн "Вероцел" вакцинаар дархлаажууллатыг хийж байна. Вакцины давтан тунг зөвлөж буй хугацааны дагуу тариулах нь үр дүнтэй гэдгийг иргэдэд зөвлөе. Нийт хоёр тун хийх тус вакциныг 21-56 хоногийн зайтай хийнэ. Энэ хугацаа нь вакциныг тарьж болох хамгийн бага хугацааг зааж өгсөн ба дээд хугацааг тодорхойлоогүй. Дархлаажуулалтын хувьд нөөцийн хязгаарлагдмал үед аль болох олон хүнд эхний тунг хийх нь илүү олон хүнийг халдвараас хамгаалах боломжийг олгож байгаа гэж ДЭМБ-аас үзэж байгаа. АНУ, Унгар зэрэг улс орны хувьд ч энэ төлөвлөгөөний дагуу нийт иргэдийг дархлаажуулан ажиллаж байгаа гэдгийг иргэд маань ойлгож хүлээцтэй байх хэрэгтэй.
-Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд Covid-19 халдвараар өвчлөөд байна вэ?
-Улсын хэмжээнд нийт 3091 хүүхэд Covid-19-өөр өвчилсөн байна. Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд гардаг. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон үед гэртээ цагийг өнгөрүүлэхийг зөвлөж байна.
-Хөл хорио тогтоосон ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байгаад иргэд бухимдаж байна. Хөл хорио тогтоох нь хэр ашигтай вэ?
-Хүнд хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ингэснээр нас баралт ч нэмэгдэх хандлагатай байна. Ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс хүндэрч байна. Улсын хэмжээнд сэхээний тасгийн нийт 385 ор байгаагаас одоогийн байдлаар 300 орчмыг нь ашиглаж байна. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсартай байж, хөл хорионы хугацаанд халдвар хамгаалалтын дүрэм, журмыг сахих хэрэгтэй.
–ДЭМБ-аас хоёрдугаар сард шинжилгээний хувьд шинж тэмдэг илэрч байгаа иргэдээс л PCR шинжилгээ авах зөвлөмж гаргасан. Монголд шинжилгээний хувьд ямар журмыг баримталж байгаа вэ?
-Монгол Улс ДЭМБ-ын гишүүн орон. Тиймээс зайлшгүй шаардлагагүй иргэд PCR шинжилгээ өгөх хэрэггүй гэдгийг иргэдэд зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, халдвартай нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын иргэд болон хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөн хийж буй хүмүүс шинжилгээ өгнө.
– Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?
-Хөхүүл эх вакцин хийлгэж болно. Ямар нэгэн хориглох заалт байхгүй. Мөн хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.
– Вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?
-Түр хугацаанд тийм шинж тэмдэг өгч болно.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ