Шадар сайдын ажлын алба өнөөдөр /2021.04.12/ Сонгинохайрхан дүүрэгт шинээр ашиглалтад орж буй Жишиг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Жишиг нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Мөн Covid-19 болон уушгины замын хүнд болон маш хүнд оноштой иргэдэд үйлчлэх хиймэл амьсгалын нийт 20 аппарат ажиллаж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Нийт амбулатори нь 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, өдрийн эмчилгээ хийх хэсэгтэй. Тус эмнэлгийн ажилчдын зүгээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед тасгаас тасагт эмнэлгийн багаж, техник хэрэгслийг зөөвөрлөхгүй байвал зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.
Мөн өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийдэг. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гурван нэгдсэн хагалгааны өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй.
Тус эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдөр 58 хүүхэд, сахиуртай хэвтэн эмчлүүлж байна. Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж ажиллаж байгаа ч зөөврийн рентгенийг тасаг тус бүрт шилжүүлэх нь эрсдэлтэй гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн Жишиг эмнэлэгт одоогоор Covid-19 халдвараар өвчилсөн 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээрээс 15 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд долоон хүн байна. Эдгээрийн зургааг нь Эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа бол нэг хүнийг Сэхээний тасагт эрчимт эмчилгээг хийн эмчилж байна. Хэрэв шаардлагатай тохиолдолд шинэ эмнэлгийн байранд яаралтай хүмүүсийг хүлээн авах орнуудыг гаргасан гэдгийг мэдээллээ.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус эмнэлэгт Covid-19-тэй өвчтөн тусгаарлах 100 орыг Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт нэмэлтээр гаргасан байна. Мөн шаардлагатай эмч, эмнэлгийн ажилтнуудын тоог нэмэх хэрэгцээтэй байгааг салбарын сайд яриандаа онцлов. Одоогийн байдлаар тус дүүргийн Жишиг эмнэлгийн 20-30 хувь үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт тус эмнэлэгтэй ижил жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.
Холбоотой мэдээ