Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг өнөөдөр /2021.04.12/ зохион байгуулж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас тодруулахад "Өнөөдрөөс /2021.04.12/ эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Ингэхдээ Засгийн газраас тогтоосон хатуу хөл хорионы журмыг харгалзан вакцинжуулалтын цэгүүдэд олгосон тус бүр гурван автобусаар вакцинд хамрагдах ахмадуудыг зөөвөрлөж, цэгүүд дээр авч ирж дархлаажуулах юм. Сүхбаатар дүүргийн хувьд 11 дүгээр сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настанг вакцинжуулна. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулна" гэв.
Дүүрэг бүрт ажиллах вакцинжуулалтын цэгүүд:
- Баянзүрх дүүрэг -113 дугаар сургууль
- Баянгол дүүрэг -20 дугаар сургууль
- Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг – Есдүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль,
- Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
- Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн, дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулахыг албаныхан мэдээллээ.
С.УНДАРМАА
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ