Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

НЭМЭЛТ: 12:30 ЦАГ

Засгийн газрын Ажлын хэсэг, Оюутолгойн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийн хэлэлцээ үргэлжилж байна. Энэ удаагийн Оюутолгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт Ажлын хэсгийнхэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ЗАСГИЙН ГАЗАР, “РИО ТИНТО”-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭ 11:00 ЦАГТ ЭХЭЛНЭ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр (2021.04.12) 11.00 цагт “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэх юм.

Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хэлэлцээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд, “Рио Тинто” компанийг төлөөлж Монгол Улсад ирээд буй, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.

Ажлын хэсэг нэгд, далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах, хоёрт, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр захирамж гаргаж, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, улмаар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй санал бодлоо солилцсоор ирсэн билээ.

Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж, “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч, 6.75 тэрбум долларт хүрсэн. Далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөндөө тусгасан нь 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг мэдэгдсэний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусахыг эдийн засагчид өгүүлж буй юм.

“Рио Тинто” компанийн хувьд зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбон тайлбарлаж буй.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд эх орондоо ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий. Төслийн зардлын хэтрэлтийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулж байгаа гэдэг утгаараа ашиг нь ялгаа байхгүй хойшлогдсон. Үүний учир шалтгааныг талуудад зөвөөр ойлгуулж, мэдээллийг үнэн зөв хүргэх учиртай. Гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн. Талуудын хэлэлцээрийг одоо ийм тийм гэж ярихад арай эрт байна. Аль болох ойлголцох нь чухал. Зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ажлын хэсгийнхэн "Хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэсэн мэдээлэл авчээ.

Ирэх зургадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. Өдгөө АНУ, Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд үргэлжилж буй юм байна. Эдгээр байгууллагууд дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт нааштай шийдвэр гарахуйц мэдээллүүд гарч эхэлснийг Ажлын хэсгийнхэн мэдээлсэн билээ.

Татварын ерөнхий газар тус компанид хэд хэдэн удаа татварын акт ногдуулсныг “Оюутолгой” үл зөвшөөрч, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд хандан, маргаан үүсгэсэн. Тус компани 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлжээ.

Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэр “Оюутолгой”-н талд гарвал манай улс иргэн бүртээ 300 мянган төгрөг олгон тараасан нэг их наяд төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй юм.

Төрийн санд 2021 оны хоёрдугаар сарын 25, 2021 оны гуравдугаар сарын 4, 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төвлөрчээ. “Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 2020 онд нийт 8.4 тэрбум ам.долларын татвар, роялти төлснөөс Монгол Улсад 277 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөр, хураамжид төлсөн байна. “Оюутолгой” төслийн хүрээнд 2010-2020 онд ажилтнуудын цалин, ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр болон татвар, улсад төлсөн бусад төлбөр хураамжид нийт 11.6 тэрбум ам. доллар зарцуулсан бөгөөд үүнээс татвар, роялти байдлаар Засгийн газарт 2.8 тэрбум ам.доллар төлснөө тайлагнав.

Дашрамд дурдахад, “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилж, гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдсэнийг "Рио Тинто" компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хоёр талын тохиролцоогоор Арбитрын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилт болох 2.3 тэрбум ам.долларыг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөө бөгөөд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 2020 оны есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг орлох ажээ.

“Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар “Rio Tinto” компанитай бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Тодорхой цаг хугацааны дагуу хийх зүйлсийг тусгасан гэрээ байгуулснаар "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай үргэлжлүүлэх боломжтой болно. Бүх оролцогч талд эн тэнцүү өгөөж хүртээхээр ажиллана. Тэр тусмаа Монгол Улс болон Монголын иргэд төсөл үргэлжлэхийн хэрээр урт хугацаандаа үнэ цэн, ашиг хүртэхэд анхаарна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж