Засгийн газраас Монгол Улсын 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүллээ. Нийт хүн амын 83 хувьд нь буюу 2.848.486 хүний дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлжээ. Дээрх мөнгийг Оюутолгойн татварын орлого болох нэг их наяд төгрөгөөс тарааж байгаа юм.
Засгийн газрын иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдвэр нь эдийн засагт бодит дэмжлэг болж чадах эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
ТӨРИЙН ЗҮГЭЭС ТҮР ЗУУРЫН АРГАЦААСАН ШИЙДВЭР Л ГАРГАЖ БАЙНА
Эдийн засагч Д.АНГАР:
-Иргэн бүрт тараах 300 мянган төгрөг асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч хоёр долоо хоногийн хугацаанд айлуудыг хоосон хонуулчихгүй байх. Өнгөрөгч 2016 онд 1072 хувьцааны 300 мянган төгрөг тараахад долоон буудлын бүх дэлгүүрүүдийн архи, пиво нэг өдөрт зарагдаад дуусч байсан удаатай. Тиймээс дээрх мөнгөний тодорхой хэсэг нь архи, пивонд зарцуулагдах эрсдэл их бий. Ер нь архи, пивоны татварыг нэмэх асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж харж байна. Оюутолгойн татвараас нэг их наяд төгрөг орж ирсэн нь мэдээж сайн хэрэг. Нөгөөтэйгүүр, 300 мянган төгрөг тараах нь бодлогын хувьд зөв хэдий ч нийтээр нь хүүхдийн мөнгө шиг тараах нь зөв үү. Эдийн засаг хямарсан ч гэсэн тогтвортой ажиллаж байдаг төр захиргааны албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх шаардлага байсан уу гэх асуудал нийгэмд их маргаан дагуулсан. Гэхдээ Засгийн газарт иргэдээ ялгаж, ангилах хугацаа байгаагүй. Хэрэвзээ төр захиргааны албан хаагчдад 300 мянган төгрөг өгөхгүй гэх шийдвэр гаргасан бол Үндсэн хуулийн цэцэд иргэдээ ялгаварлан гадуурхлаа гэдэг асуудал үүсэх вий гэдгээс Засгийн газар зайлсхийсэн байх.
Ерөнхийдөө 300 мянган төгрөг тараах нь асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Миний харж байгаагаар 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засаг хүндэрнэ. Тиймээс улсын төсөв дээр юу болж байна вэ гэдэг нь маш том асуултын тэмдэг дагуулж байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн 650 тэрбум төгрөгөөр иргэд, ААН-үүдийн цахилгаан дулааны үнийг тэглэсэн. Оюутолгойн татварын нэг их наяд төгрөгийг замаас нь иргэдэд тараачихлаа. Улсын төсөвт орох ёстой мөнгийг замаас нь өөр зүйлд зарцуулаад байхаар төсөв хүндэрнэ. Энэ байдалтай бид маргааш биш юм гэхэд хэзээ нэгэн цагт нүүр тулна. Үүн дээр ямар ч шийдэлгүй болчихоод байна. Төрийн зүгээс түр зуурын аргацаасан шийдвэр л гаргаж байна. Монгол Улс сүүлийн 30 жилд урт хугацааны бодлогогүй явж ирсэн. Тиймээс 20-30 жил асуудалтай явж ирсэн эдийн засгийг богино хугацаанд сэргээх ямар ч боломжгүй. Урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх шийдэл нь ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Гэтэл уул уурхайгаас өөр үйлдвэрлэл байхгүй Монгол Улс зэсээ зараад олсон мөнгөө буцаагаад улсаараа хуваагаад идэж байна. Ийм тогтолцоо удаан оршин тогтнож чадахгүй. Төр засгаас иргэдийг халамжлаад байя л гэдэг бодлого барихаас ажлын байрыг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого харагдахгүй байна. Иргэд ажил орлоготой байж ядуурлаас гарна. Төвбанкны үнэт цаасны хүүг буулгаагүй цагт "10 их наяд төгрөгийн төлөвлөгөө" амьдрал дээр хэрэгжихгүй. Анхнаасаа УИХ, Засгийн газар иргэд, ААН-үүдийг хуурсан хөтөлбөр зарласан. Төв банкны үнэт цаасны хүү гурван хувиас доош эсхүл тэг болсон цагт л энэ бодлого хэрэгжинэ.
НЭГ УДААГИЙН БЭЛЭН МӨНГӨ ӨРХИЙН ТӨСӨВТ БОДИТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГГҮЙ
Эдийн засагч Ц.БАТСҮХ:
-Миний харж байгаагаар нэг удаад олгож байгаа олговрууд өрхийн төсөвт бодит дэмжлэг үзүүлдэггүй. Үүний оронд бага хэмжээгээр ч хамаагүй байнгын олгогддог дэмжлэгүүдийг иргэд юунд зарцуулахаа төлөвлөж, илүү ухаалгаар зарцуулдаг. Ямар ч төлөвлөгөөгүй гэнэтийн мөнгийг хүмүүс хялбараар зарцуулдаг. Энэ жил өрхүүдийн банкин дахь хадгаламжийн хэмжээ өссөн. Өнгөрсөн 2020 онд бараг таван их наяд төгрөгөөр өссөн. Төр засгийн зүгээс хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байгаа учраас иргэд тэрхүү мөнгийг зарцуулахгүйгээр хадгалж байна. Нөгөө талаасаа хүмүүс ирээдүйд юу болох нь тодорхойгүй байдлаас үүдэн мөнгөө үрэхгүйгээр хадгалах болсон.
Тиймээс 300 мянган төгрөгийг нэг хэсэг нь хадгаламжийг нэмэх урсгал руу орох байх гэж бодож байна. Эдийн засаг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сэргэж байгаа. Тухайлбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 оны хоёрдугаар сарын байдлаар нэг их наяд 720.6 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны мөн үеэс 82 тэрбум төгрөгөөр илүү байна. Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр ААН-үүдийн орлогын албан татвараар 469.3 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар, НӨАТ-аар 711.1 тэрбум төгрөгт төсөвт төвлөрсөн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар тус, тус өссөн.
БАНКНЫ БАГА ХҮҮТЭЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛҮҮДИЙГ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ
Эдийн засагч Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Халдварын улмаас элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар боломжит бүхий л арга хэмжээг авах ёстой. Харамсалтай нь, бид дээрх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс үүдэн хөл хорио тогтооход хүрсэн. Тиймээс иргэдийн амжиргааг хамгаалах , худалдан авах чадварын доройтлоос сэргийлэхийн тулд иргэн бүрт 300 мянган төгрөг олгож байгаа нь харьцангуй оновчтой шийдвэр гэж харж байна. Өрх бүрийн ам бүлийн тоо харилцан адилгүй учраас хүн бүрт тараах нь зөв. Харин нөгөө талаасаа буюу эдийн засгийн хувьд хүсээд байх шийдвэр бол биш. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ.
Монгол Улсын хувьд 2020 оноос эхлэн төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд хүн амын орлогыг хамгаалах ядуурлаас гаргах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан. Харин хоёрдугаар сарын 10-нд зарласан "10 их наядын төлөвлөгөө" бол харьцангуй тэр алдааг зассан. Төв банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа "10 их наядын төлөвлөгөөн"-ий хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, репо санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна. Төрийн зүгээс авах ёстой арга хэмжээг чадлаараа л авсан гэж харж байна. Хамгийн гол нь "10 их наядын төлөвлгөө" үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарах нь зүйтэй. Хэрэв боломж байдаг бол бизнесүүдийг хөл дээр нь босгохын тулд банкны бага хүүтэй их хэмжээний зээлүүдийг гаргах шаардлагатай.
Холбоотой мэдээ