Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна

Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна
A Taiwanese coast guard looks at a sand-dredging ship with Chinese flag in the waters off the Taiwan-controlled Matsu islands, January 28, 2021. Picture taken January 28, 2021. REUTERS/Ann Wang

Хятад улс маргаантай газар нутгуудаа нэгтгэх зорилгоор армийн нисэх онгоц, цэргийн хөлөг онгоц гэх мэт техник технологи ашиглан хөрш орнууддаа эцэс төгсгөлгүй дарамт учруулах замаар хүчийг нь аажмаар сулруулах, туйлдуулах тактик хэрэглэж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.

Бээжин хэдий нэг удаа ч буун дуу гаргалгүйгээр цэргийн мөргөлдөөнөөс тууштай зайлсхийж байгаа боловч удаа дараа гаргаж буй түрэмгий алхамууд нь нөхцөл байдлыг аажмаар эргүүлсээр Хятад орон Номхон далайн хэд хэдэн чухал байрлал бүхий маргаантай нутгуудаа тогтмол хяналтадаа байлгах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Жишээлбэл, өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хятадын цэргийн нисэх онгоцууд, тэр дундаа сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоцууд байнга Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, Тайпей өөдөөс нь сөнөөгч хөөргөн анхааруулга өгөхөөс нааш эргэж гаралгүй байсаар залхааж орхижээ.

Тайванийн нисэх хүчин мэдээж Хятадынхаас хэд дахин жижиг тул дээрх мэт ойр ойрхон давтамжтай түрэмгийллийг тэр болгон  эсэргүүцэж амжихгүй байгаа юм. Түүнчлэн Тайванийн эрх баригчид дээрх үйлдлүүдийг нарийн зохион байгуулалттай цэргийн ажиллагаа бөгөөд сүүлийн үед давтамж нь улам олширсоор байгаа хэмээн тайлбарлаж байна. Хятадын хил зөрчигч онгоцнуудад сануулга өгөх зорилгоор угтуулан хөөргөдөг онгоцнуудын хоёр нь өнгөрсөн сард осолдсон нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш гарсан гурав дахь осол юм.

Ийнхүү Тайванийн нисэх хүчин Хятадын өдөөн хатгалгаас болж ихээр туйлдсан учир өнгөрсөн сард Тайванийн батлан хамгаалахын орлогч байд Чан Че Пин парламентад Хятадын онгоц агаарын хамгаалалтын бүсэд орж ирэх тоолонд угтуулан онгоц хөөргөхөө больж, оронд нь газарт суурилуулсан пуужингийн хамгаалах системээрээ дамжуулан хянаж байхаар шийдсэнийг мэдэгджээ. Тэрбээр “Бид Хятадын дайны туйлдуулах аргын золиос болж байна” хэмээн ярьжээ.

Хэдийгээр Тайвань маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, орчин үеийн чадварлаг нисэх хүчинтэй хэдий ч Хятадын онгоц, хүн хүч тоогоороо илүү юм. Тиймээс олон дахин онгоцоо хөөргөх тоолонд Тайванийн нисгэгчид залхахын хажуугаар онгоцны ашиглалтын хугацаа багасч, элэгдэл өссөөр байх болно хэмээн Вашингтоны олон улс судлалын төвийн Грегори Полинг ярьжээ. Тэрбээр “Хэрвээ энэ маягаар удаан үргэлжилбэл Хятад ялах нь гарцаагүй” хэмээн хэлжээ.

Дээрхтэй яг ижил аргыг Хятад орон зүүн болон өмнөд азийн тэнгист Филиппин зэрэг орны эсрэг хэрэгжүүлж байна. Хятадын маш олон тооны армийн завь, эргийн харуулын хөлөг онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо олноор цугларах зэрэг үйлдэл ойр ойрхон гаргаж байгаа юм.

Жишээлбэл, Филиппиний эргээс өмнө зүгт орших Спратли арлуудын Витсэн эргийн орчимд Хятадын тэнгисийн цэргийн флот хэдэн сарын турш байрлаж байгаа бөгөөд арлыг орхин явахыг шаардсан Манилагийн шаардлагыг огт хүлээн авахгүй байгаа гэнэ.

Хятадын талаас Спратли арлуудын ойролцоох 200 гаруй хөлөг онгоцуудыг ердөө загасчны завь хэмээн мэдэгдсэн ч Филиппин, АНУ-ын тал үүнтэй санал нийлэлгүй 200 гаруй хөлөг онгоц бол армийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн дүгнэж байна. Ийнхүү шаардлагыг үл ойшоон хөлөг онгоцуудаа хөдөлгөөнгүй байрлуулснаар Бээжин Филиппиний эдийн засгийг илүү ойроос нарийн хянах боломжтой болж байгаа юм. Батонгбакалын хэлснээр Витсэн эргийг эзэлснээр холбооны банкнуудын үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой аж. Түүнээс гадна Витсэн эргийн ойролцоо Вьетнамын зарим цэргийн баазууд байрладаг нь Хятадын талд чухал ач холбогдолтой юм.

Хэдий Филиппиний арми Хятадынхаас хэд дахин жижиг, тэнгисийн цэрэг нь бүхэлдээ Хятадын нэг том хөлөг онгоцтой тэнцэхүйц хэмжээтэй боловч Бээжингийн эсрэг олон улсаас дэмжлэг авах боломжтой гэдгээрээ давуу билээ. Жишээлбэл, Филиппин, АНУ хоёр улс батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд АНУ-ын төрийн департментийн мэдээлснээр Филиппиний армид ямар нэгэн байдлаар хохирол учрах юм бол тэр даруй АНУ-ын зэвсэгт хүчин хөдлөхөд бэлэн гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятад яг дээрхтэй ижил аргаар хорин жилийн өмнөөс хилийн маргаантай Мисчиеф эргийг өөрсдийнх болгожээ. Тухайлбал, Хятад улс 1990-ээд онд анх загасчны зориулалттай хэмээн тайлбарлан тус эрэгт жижиг овоохой барьж байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам овоохой “томорсоор” 2015 он гэхэд тус арал дээр Хятадын пуужингийн том застав байрлаж, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хүч чадлыг улам бэхжүүлсэн юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж