АНУ-ын эдийн засаг эрчээ алдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засаг эрчээ алдаж байна

АНУ-ын эдийн засгийн сэргэлт удааширч байна хэмээн Холбооны нөөцийн газрын мягмар гаригт хийсэн уулзалтын үеэр яригдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Сүүлийн саруудад эдийн засгийн бүтээмж, ажил эрхлэлтийн байдал удааширч байна. Гэхдээ эдийн засаг өссөөр байх хэдий ч өсөлтийн хурд арай удаан байх бололтой” гэж тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ-ын эдийн засгийн өсөлт удаан байх нь олон сарын өмнөөс тодорхой байсан бөгөөд Холбооны нөөц буюу төв банк эдийн засгаа дэмжих үүднээс бодлогын хүүгээ 2008 оны аравдугаар сараас хойш 0 орчим хувьд барьж байгаа юм. Бодлогын хүү нь хэрэглээний болон бизнесийн зээлийн хүү ямар байхад нөлөөлдөг бөгөөд хүүгийн хэмжээ бага байх нь зээлийн зардлыг бууруулж,  зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 17 сарын хугацаанд хийсэн шинжилгээний үндсэн дээр энэхүү хүүгийн төвшнөө хэвээр байлгахаар болсон байна. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй байна.

Сүүлийн хоёр жилийн дотор Холбооны нөөцийн газар олон триллион ам.доллар эдийн засаг руугаа шахсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, нэг триллион гаруй ам.доллараар Засгийн газрын дэмжлэгтэй “Fannie Mae”, “Freddie Mac”-ийн моргейжээр баталгаажсан хувьцаанууд худалдан авсан юм. Холбооны нөөцийн шийдвэрийг зах зээлүүд нааштай хүлээн авсан бөгөөд уналттай байсан Доу Жонес индекс түр хугацаагаар өссөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж