Социализм ба социал демокраси

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Социализм ба социал демокраси

Социализм ба социал демокраси

СОЦИАЛИЗМ

Социализм, коммунизм нь үйлдвэрлэлийн хэрэгслийн төрийн, нийтийн өмчийн систем. Энэхүү эдийн засгийн системд бүхий л үйлдвэрлэл, хуваарилалтыг төр дангаар явуулна. Юуг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх, бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй зарагдах, ажилчид хаана ажиллах, ямар цалин авах зэргийг төр шийднэ. Социализм тогтсон улс дахь цорын ганц ажил олгогч нь төр. Өөрөөр хэлбэл, социализм бол иргэд нь төрийнхөө үйлдвэрлэлийн хэрэгсэл болдог нийгмийн тогтолцоо юм. Энэ нөхцөлд хувь хүний хүсэл эрмэлзэл, зорилго гэж байх бололцоогүй. Хүний ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших, хаана ажиллах, хаана амьдрах, цаашлаад хэнтэй айл гэр болох эсэх нь төрөөс хамаарна. Хүмүүст сонголт байгаа юм шиг санагдаж болох ч сонголтууд нь төрөөс олгож буй хязгаарлагдмал хүрээгээр хумигдана.

Харин төр гэдэг нь цэрэг, цагдаагийн хүчээр бүгдийг захирах цөөн тооны эрх мэдэлтнүүд. Төвлөрсөн төлөвлөгөө гаргагчид бусдын хувь заяаг өөрсдийнхөөрөө шийддэг нийгэмд тэгш байдал ч, эрх чөлөө ч гэж үгүй. Тэгш байдлыг идеалаа болгодог социалист системд хэзээ ч тэгш байдал тогтдоггүй, цөөн хэсэг нь хэмжээгүй эрхт байдлаар засагладаг шалтгаан нь энэ. Хувь хүн үйлдвэрлэл явуулахыг хорьдог социалист эдийн засгийн системийн дарангуй шинжийн талаар Сталинтай төрийн эрхийн төлөө үзээд дийлдсэн Лев Троцкий "Төр нь цорын ганц ажил олгогч улсад эсэргүү байна гэдэг өлсгөлөнгөөр үхнэ гэсэн үг. "Хэн ажиллахгүй байна, тэр идэхгүй" хэмээх хуучин зарчим "Хэн захирагдахгүй байна, тэр идэхгүй" гэх шинэ зарчмаар солигдов. 1923 оноос хойш хэдэн большевик хөөгдөв, баривчлагдав, цөлөгдөв, алагдав гэдгийг Сталины нууц цагдаагийн газрын архивтай танилцахдаа л мэдэх байх" гэж хэлж байлаа.

Социализмын дарангуй шинжийг хүлээн зөвшөөрдөг ч социализм эдийн засгийн хувьд амжилт олох боломжтой гэж сэтгэдэг олон хүн бий. Социализм эдийн засгийн хувьд хэзээ ч амжилт олж чадахгүй үндсэн хоёр шалтгаантай. Эхнийхийг нь "Инсентивийн асуудал" гэж нэрлэдэг ба үүнийг социалистууд хүртэл хэдэн зууны турш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Эгалитаризм буюу хүн бүр тэгш хүртэх ёстой гэх санаан дээр тулгуурладаг социализмд хүмүүс ижил цалин авах ёстой гэнэ. Харин хэр зэрэг ажилласан, ямар ажил хийснээс үл хамаарч эцсийн үр дүнг бүгд тэгш хүртэж эхэлбэл хүмүүсийн ажиллах сонирхол буурна. 16-р зуунд анхлан социалист коммюнити байгуулах гэж оролдсон Томас Мор яг үүний улмаас социализм хэзээ ч ажиллахгүй юм байна гэж гомдоллож, хүний натурт бурууг өгч байлаа. Зөвлөлт засаг "Шинэ социалист хүн" хэмээх идеалыг бүтээж, үүнийг нь бусад социалист улсууд хуулах гэж оролдсон ч, ажилчдыг ямар ажил эрхлэхээс нь шалтгаалж цалинг нь тогтоосон ч инсентивийн асуудлыг үгүй хийж чадаагүй, чадахгүй.

Хоёр дахь нь Австрийн эдийн засагч Людвиг фон Мизесийн анхлан гаргаж тавьсан "Социалист эдийн засгийн тооцооллын асуудал" юм. Мизес өмнө нь хэн ч хөндөж гаргаж ирээгүй энэхүү асуудлыг 1920 онд хэвлэгдсэн "Социалист нийгэм дэх эдийн засгийн тооцоолол" хэмээх эссендээ бичив. Түүний аргументыг товчилбол, "Социалист системд үйлдвэрлэлийн хэрэгсэл бүрийг төр өмчлөх учраас эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагддаг үйлдвэрлэлийн хэрэгслүүд дээр үнэ тогтохгүй. Эцсийн бүтээгдэхүүний өртгийг мөнгөн дүнгээр тооцоолж чадахгүйн учир социализмд рациональ эдийн засгийн үйл ажиллагаа гэдэг боломжгүй." Польшийн социалист эдийн засагч, дипломатч Оскар Ланге социализмыг няцаасан Мизесийн аргументыг хүлээн зөвшөөрч ийн бичиж байв. "Социалистууд профессор Мизест талархах маш том шалтгаан бий. Түүний гаргаж тавьсан хүчирхэг сорилт нь социалистуудыг эдийн засгийн тооцооллын ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм. Түүнээс ч илүүтэйгээр, маш олон социалист ийм асуудал байдаг гэдгийг гагцхүү профессор Мизесийн тусламжтайгаар л мэдэв. Түүний агуу их тусыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, эдийн засгийн тооцоолол нь нэгдүгээр зэргийн ач холбогдолтой зүйл гэдгийг мэдүүлснийх нь дурсгал болгож профессор Мизесийн хөшөөг социалист улсын Нийгэмчлэлийн яам эсвэл Төвлөрсөн төлөвлөгөөний комиссын их танхимд босгох ёстой." Социалистууд, Ланге өөрөө хүртэл уг асуудлын шийдлийг хайсан ч чадаагүй. Үүнээс үүдэж хэрэв социализм боломжгүй зүйл юм бол яагаад ЗХУ тэгж удаан тогтов гэх асуулт гарч ирэх ёстой. Тус асуултад Мизес хэрхэн хариулсныг доор бичье.

"Эдийн засгийн тооцоолол хийх боломжгүйн учир социалист систем оршин тогтнох чадамжгүй юм бол яагаад Орост социализм бий болчихсон байгаа юм хэмээн өөдөөс минь сөргөж болно. Эдийн засгийн тооцоолол гэх социализмын үндсэн асуудалтай Оросын социализм ямар ч хамаагүй. Дэлхийн ихэнх улс зах зээлийн эдийн засгийг халчихаагүй байна. Зөвлөлтүүд одоо ч дэлхийн нэг хэсэг буюу буюу тэд эдийн засгийн тооцооллоо гадаад улс орнуудад бий болсон үнэ дээр суурилан хийдэг юм. Тэдгээр үнийн тусламжгүйгээр тэдний үйлдлүүд нь ямар ч чиг, төлөвлөгөөгүй болно. Энэхүү гадаад улс орнуудад тогтсон үнийн систем байгаа учраас л зөвлөлтүүд тооцоо хийх, данс хөтлөх, төлөвлөгөө гаргах боломжтой болж байгаа юм. Нэг эсхүл цөөн тооны оронд тогтсон социализм бол жинхэнэ социализм биш гэх янз бүрийн социалист, коммунист зохиолч, бичээчдийн гаргаж тавьсан мэдэгдэлтэй энэ тал дээр санал нийлж болно. Мэдээж тэдгээр зохиолчид шал өөр утгаар дээрх үгээ хэлсэн гэдгийг санавал зохино. Социализмын сайн сайхан нь социализм дэлхийн өнцөг булан бүрт тогтсон цагт л ирнэ хэмээн тэд хэлдэг. Харин эсрэгээрээ эдийн засгийн ухааныг гадарладаг хүмүүс социализм дэлхийн ихэнх хэсэгт хэрэгжвэл бүрэн хаосыг л авчирна гэдгийг мэдэх билээ."

Мизесийн зөв байсан нь 1950-иад оны үед батлагдсан юм. Британийн эдийн засагч Питер Вайлес социалист Польшид айлчилсан ба тэрээр Польшийн эдийн засагчдаас эдийн засгаа хэрхэн төлөвлөдгийг нь асуухад "Дэлхийн зах зээлийн үнэ. Капиталист ертөнцийн үнийг социалист блокын улсууд дотоод арилжаандаа хэрэглэдэг. Тэрхүү үнүүдийг рубль руу шилжүүлдэг юм" гэж хариулжээ.

СОЦИАЛ ДЕМОКРАСИ

19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеэс Европын социалист намууд үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчлэх өөрсдийн зорилгоо хэрэгжүүлэх арга дээр зөрчилдөж хоёр талд гарав. Эхний тал нь улсынхаа төрийг цуст хувьсгалаар унагааж, капиталистуудыг нийгмээс арчиж хаяхыг дэмжинэ. Капитализмын хөгжлийн явцад хөрөнгөтнүүдийн тоо цөөрч, ажилчдын тоо ихсэх ба энэ нь ажилчдын ангийн ухамсрыг сэргээнэ гэж бодсон нөгөө хэсэг нь парламентын сонгуулиар буюу ардчилсан замаар үйлдвэрлэлийн хэрэгслийн төрийн өмчит нийгмийг цогцлоохыг хүсэв. 1917 оны большевик хувьсгалын дагуулсан хядлага, хүчирхийлэл, тонуул, дээрэм ардчилсан социалистуудын байр суурийг нь улам батжуулсан бөгөөд энэ цагаас хойш ЗХУ-ыг баримтлагчдыг коммунист, Европын ардчилсан социалистуудыг социалист гэж нэрийдэж эхлэв. Үйлдвэрлэлийн хэрэгслийг төрд хурааж авах тэдний нэгдсэн зорилго өөрчлөгдөөгүй гэдгийг санавал зохилтой.

Социалист эдийн засгийн тогтолцоог дэлхийд анхлан туршиж буй ЗСБНХУ хэрхэхийг социалистууд гэлтгүй бүгд сонирхож байлаа. Ленины ШЭБ-ийг 1928 онд халахад үүний орыг нь залгасан Сталины Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үр дүнд эдийн засаг ноцтой доройтов. 3-10 сая хүний амийг авч одсон гэгддэг 1932-1933 оны хооронд болсон Украины өлсгөлөн Зөвлөлтийн нийгэмчлэх хөтөлбөрийн оргил нь байлаа. Өрнийн "хэрэгтэй тэнэгүүд"-ийн нууж байсан социализмын хямралын үнэн төрхийг Потсдамын бага хурлаар Зөвлөлтийн дагуул болж, социализмыг туршсан Зүүн Европын улсууд ил болгов. ЗХУ эдийн засгийн хувьд амжилтгүй байгааг гадарлаж, шалтгааныг нь төвлөрсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчдийн хувь хүний чадамжгүйтэй холбож үзэж байсан ардчилсан социалистуудын буруу байсныг тэдгээр шинэ тогтсон социалист улсуудын эдийн засгийн нөхцөл байдал бүгдэд харуулжээ.

Үнэнтэй нүүр тулсан Баруун Европын ардчилсан социалистууд "үйлдвэрлэлийн хэрэгслийг төр өмчлөнө" гэх цөм санаагаа гээсний түрүүч нь дайны дараа шинээр зохион байгуулагдсан (Баруун) Германы Социал Демократ нам. Хитлерийн засаглалын 12 жилийг эс тооцвол 1890 оноос хойш Европын хамгийн том марксист нам байсаар ирсэн намыг үзэл баримтлалаасаа ухрахад хүргэсэн хөшүүрэг нь хажууханд нь орших Зүүн Германы социалист системийн гаргасан үр дүн аж. 1959 оны 11-р сарын 15-ны өдөр Бад-Годесберг хогод хуралдсан Социал Демократ нам "Годесбергийн хөтөлбөр" гэгчийг батлан марксизм болон үйлдвэрлэлийн хэрэгслийг төрд өмчлөх явдлаас татгалзлаа. Үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөлийг боловсрол, эрүүл мэнд зэрэг цөөн хэдэн салбараас бусдаар хүлээн зөвшөөрч, монополиос сэргийлэхийн тулд төр зарим нэг зохицуулалт хийж, орлого багатай, орлого олох боломжгүй хэсгээ харж хандахын тулд нийгмийн халамжийг тогтолцоог мөрийн хөтөлбөрөө болгов. Энэ үеэс эхэлж социал демократ гэх нэршлээр социализмд ардчилсан замаар хүрнэ гэх нэгнийг бус халамжийн төрийг дэмжигч интервенционистуудыг нэрлэх явдал түгсэн юм.

Үүнтэй яг зэрэгцэж Их Британийн Хөдөлмөрийн нам мөн өөрийн намын идеологио албан ёсоор солих гэж үзсэн ч бүтэлгүйтэв. Сидней болон Биатрисс Веббын 1918 онд зохиосон үйлдвэрлэлийн хэрэгслийн төрийн өмчлөл, нийгэмчлэлийн зорилтыг 1959 онд Хью Гейтскелл өөрчлөх гэж оролдоод чадаагүй ба 1995 онд Тони Блэйр албан ёсоор социал демократ болгожээ. Гэхдээ түүнээс аль өмнө Хөдөлмөрийн нам албан бусаар социал демократ нам болчихсон байсан. Хөдөлмөрийн намаас хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдсон (1964-70, 1974-1979) Харольд Вильсон нийгэмчлэлийг бус, төрийн эдийн засаг дахь оролцоог дэмждэг, янз бүрийн нийгмийн халамжууд болон боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төрийн зарцуулалтыг нэмсэн аядуу зүүнтэн байв.

Социал демокраси бол төрийн оролцоот эдийн засгийн систем. Эдийн засаг дахь төрийн оролцоог өмчийн эрхийг хамгаалах төрийн үүрэгтэй нэг гэж үзэх явдал хавтгайрч, ялангуяа эдийн засагчид үүнийг олон нийтэд цааш тархааж буй үед төрийн оролцоо буюу интервенционизмд юу багтдаг талаар цэгцтэй ойлголт өгөх, интервенционист арга хэмжээнүүд нь зорилгынхоо эсрэг үр дүнг л авчирдаг гэдгийг мэдүүлэх нь энэ бичвэрийн зорилго юм. Дараах нь интервенционист арга хэмжээнүүд болно.

  • Үнийн хяналт (Үнийн дээд болон доод хязгаар): Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшингээс доогуур тогтоовол ашиггүй ажиллахгүйн тулд компаниуд барааны нийлүүлэлтээ багасгах ба ингэснээр хомсдол үүснэ. Үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшингээс дээгүүр тогтоовол тухайн барааны эрэлт буурч, зарагдахгүй үлдэж илүүдэл бий болно.
  • Бүтээгдэхүүний хяналт (Хориг): Аливаа зүйлийн үйлдвэрлэлийг хорих үед эрэлт нь хэвээр байсаар байвал тухайн барааны үнэ нь өсөх бөгөөд хууль бус наймаа газар авна. Нийлүүлэлт нь бага байх тусам үнэ нь өндөрсөнө.
  • Квот: Квот нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хүчээр багасгах арга хэмжээ. Үйлдвэрлэлийн тоо хязгаартай байх учир төрийн томилсон цөөн тооны компани л тухайн квот тогтоосон салбарт үйл ажиллагаа явуулна. Үүнийг төрийн картель гэнэ.
  • Лиценз: Лиценз тухайн салбарт шинэ компани, шинэ хүн орохыг хязгаарлан өрсөлдөөнийг хумьдаг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг багасгаж, үнийг өсгөнө. Энэ бол олигополийн нэгэн эх үүсвэр.
  • Чанар, аюулгүй байдлын стандарт: Хэрэглэгчдийн тусын тулд гэх энэ төрлийн төрийн оролцоо бараа, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлдэг учраас жижиг, дунд бизнесийн хөгжих боломжийг нь хаана. Бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд чанар, стандартаа хамгийн сайнаараа сахиулахыг хичээнэ, алдаа гаргавал дампуурдаг. Хэрэглэгч өөрөө мэдэж хаана, хэнээр үйлчлүүлэхээ сонгох учир төр энэ асуудалд хутгалдах шаардлага үгүй.
  • Гаалийн татвар: Импортын татвар гадны бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээс үнэтэй болговол хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ сонгоно. Хэрэв ийм татвар байгаагүйсэн бол үнийн зөрүүгээр нь хэрэглэгч өөр зүйл худалдаж авч эсвэл хадгалж буюу зээлийн хүүг бууруулж бусад бизнесийг дэмжих байсан. Импортын татвар гадны бүтээгдэхүүний үнийг дотоодын бүтээгдэхүүний үнээс дээш гаргахааргүй дор тогтоогдсон байвал энэ нь төрийн санг арвижуулна. Гаалийн татвар гэдэг нэг бол төрийг, нэг бол төртэй хамссан бизнесийг хэрэглэгчдийн зардлаар тэжээдэг эд. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор ашиглагддаг энэ татварын хохирогч нь дотоодын хэрэглэгчид юм. Импортын квот, гаалийн татвар зэрэг гадаадын өрсөлдөөнийг хаасан арга хэмжээнүүдийг протекционизм гэдэг болно.
  • Гадаад валютын хяналт: Улс дахь гадаад валютын урсгалыг бүрэн хянана гэдэг зөвхөн импорт, экспортоос хамааралтай бизнесүүдийг бус нийт эдийн засгийг боомилж буй үйлдэл. Нэг валютын бусад валюттай харьцах үнийн дээд, доод хязгаарыг тогтоовол зах зээл дээр илүүдэл эсвэл хомсдол үүснэ.
  • Үйлдвэрчний эвлэл: Үйлдвэрчний эвлэлийн гол зорилго нь ажилчдын цалинг нэмэгдүүлэх. Үүндээ хүрэхийн тулд ажил хаялт зарлах ба үйлдвэрчний эвлэлд багтдаггүй, ажил хийхийг хүссэн ажилчдыг хүчирхийллээр далайлгаж болиулна. Хөдөлмөрийн хөлс зах зээлийн түвшингээс хэтэрсэн тохиолдолд ажилгүйдэл нэмэгдэх ба үүний үр дүнд үйлдвэрлэл буурч, эдийн засаг унана.
  • Татаас: Чөлөөт зах зээл гэдэг ашиг болон алдагдлын систем. Хэрэглэгчдийн хүссэн зүйлийг бага өртгөөр үйлдвэрлэж чадаж байгаа нь үлдэж, чадахгүй нь дампуурна. Харин татаас бол төр ялагчийг сонгодог, зах зээлийг гажуудуулуудаг, чөлөөт өрсөлдөөний эсрэг чиглэсэн олон интервенционист бодлогуудын нэг. Өртгийг нь татвар төлөгчид төлнө.
  • Монополийн эсрэг хууль: Зах зээлийн эдийн засагт аливаа компанийг салбартаа монополь болгодог цорын ганц зүйл нь хэрэглэгчдийн шийдвэр. Компани монополь байна гэдэг хэрэглэгчдийг бусадтай харьцуулахад илүү хямд, илүү чанартай бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн үг. Чөлөөт өрсөлдөөнөөр гарч ирсэн монополийг хүчээр устгах нь хувийн өмчид халдаж буй хэрэг. Хэрэглэгчийн сонголтоос бий болсон монополийг төрийн оролцооны улмаас үүссэн монопольтой адилтгаж болохгүй.
  • Татвар: Татвар их байх тусам иргэдийн амьдралд хутгалдах төрийн цараа томорч, хүний ажиллах сэдэл буурна. Энэ бол хийснээс нь аваад хийгээгүйд нь өгдөг дээрэм. Татвараар санхүүждэг янз бүрийн төрийн үйлчилгээг иргэд хэрвээ татварлуулаагүй байсан бол өөрсдөө авчихаж чадах байсан. Хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаас бусад зориулалттай татварууд нь төрийн хулгай, хуулийн завхралын үндэс болдог.
  • Төрийн монополь: Интервенционист, холимог эдийн засгийн системд төр боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбаруудыг өөрийн мэдэлд авдаг. Зах зээлийн өрсөлдөөн салбарт нь үгүй, ажиллагсад нь хэрэглэгчдээс хамааралгүй байдаг учир үйлчилгээнийх нь чанар муу байх нь эдийн засгийн хууль. Энэ бол инсентивийн асуудал.
  • Мөнгөний нийлүүлэлт: Төв банкны шинээр нийлүүлсэн мөнгө иргэдийн гар дээр шууд очвол хэрэглээний барааны үнэ өснө. Зээлийн хүүг бууруулахад зориулж мөнгө хэвлэн арилжааны банкуудаар тараавал энэ нь эдийн засгийн уналтыг авчирна. Цаасан мөнгө материаллаг баялгийг бий болгохгүй. Мөнгө хэвлэх нь баялгийн дахин хуваарилалт юм. Шинэ мөнгөнд хамгийн түрүүнд хүрсэн хүмүүс хожих бол бусдад нь дарааллаас нь хамаарч мэдрэгдэнэ. Ихэнх нь хохирно. Энэ үзэгдлийг эдийн засгийн ухаанд "Кантиллион эффект" гэдэг.

Интервенционизмыг үгүйсгэгчид үүнийг зөвхөн ёс зүйн үүднээс бус, ажиллаж чадахгүйнх нь учраас дэмждэггүй юм. Төрийн оролцоо хүчтэй байх тусам улс орон ядуурна.

Өнөө үед улс орнууд болон намуудын дунд үзэл баримтлалын зөрүү бараг арилжээ. Бүгд социал демократ. Ялгарах цорын ганц зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин. Скандинавын орнууд, АНУ, Их Британи, Герман, Япон, Солонгос зэрэг эдийн засгаар тэргүүлэгч улсууд сонгодог либерализмын биелэл биш хийгээд бусад социал демократ улсуудтайгаа харьцуулахад харьцангуй эдийн засгийн эрх чөлөөтэй интервенционист төрүүд гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн баруун жигүүрийн сонгодог либерал үзэл баримтлалтай намууд аль ч оронд дэмжлэгээр тун сул. АНУ-ын Бүгд Найрамдах нам, Их Британийн Консерватив нам, Японы Либерал Ардчилсан намыг баруун жигүүрийнх гэж нийтээр ойлгодог ч үнэндээ тэд бол төвийн үзэлтэй аядуу социал демократууд. Зүүнтнүүд улам зүүнжиж байгаагаас тэднийг баруун жигүүрийнх гэж үзэх болж. Түүнээс гадна улс төрийн идеологиудын нэршилд ихээхэн өөрчлөлт гарсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Өнөөдөр либерализм гэх үг АНУ, Их Британи, Канад зэрэг орнуудад социалист, социал демократ зүүний үзлийг илэрхийлнэ. Нэрээ булаалгасан АНУ-ын эдийн засгийн сонгодог либерал үзэлтнүүд өөрсдийгөө либертари гэх болов. Жинхэнэ сонгодог либерал намууд байгаа үгүй нь мэдэгдэхээргүй жижиг болсон нь, улс төрийн идеологиудын нэршил завхарсан нь 20-р зууны хүн төрөлхтөнд үлдээсэн өв юм.

Үйлдвэрлэлийн хэрэгслийг бүрэн нийгэмчлэх явдлыг эсэргүүцдэг ч эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг зүүнтнүүд социал демократ үзлийн идеалыг Скандинавын орнуудаас хардаг. Гэсэн ч тэдгээр орнууд нь эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд тэргүүлнэ. The Heritage Foundation-ын эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2020 онд Дани 8, Исланд 13, Финлянд 20, Швед 21, Норвеги 28-д эрэмбэлэгдэж байв. Өндөр татвар нь, татвараар санхүүжигддэг төрийн салбарууд болон халамжийн хөтөлбөрүүд нь тэднийг хойш нь татдаг байна. Эдгээр улсад асуудал бий. Эрүүл мэндийн систем нь үзлэгт орохыг хүссэн үйлчлүүлэгчдийг олон цагаар хүлээлгэдэг, эмч болон ор хангалтгүй тоотой, мэс засал хэдэн сараар хойшилдог. Цөөн тооны хувийн эмнэлэгүүдийг хүлээн зөвшөөрөх ч тэдгээр нь өрсөлдөөнгүйн улмаас үнэтэй. Сургуулиуд нь жил ирэх тусам чанаргүйдэж байгааг нь гадна болон дотоодын мэргэжилтнүүд хэлнэ. Зүүний үзлийг цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл нь сурталддаг боловсролын системийнх нь гол аюул нь Скандинавын улсууд цаг явах тусам зүүнжиж буйд оршино. Хөгшдийн тэтгэврийг одоо ажиллаж буй залуучууд нь төлдөг нийгмийн даатгалын тогтолцоо нь удахгүй нурж унах аюулд орсон агаад санхүүжилт олохын тулд дэлхийн хамгийн өндөр хувьтай татвараа ихэсгэхээр төлөвлөж байгаа ажээ. Скандинавын орнуудын эдийн засаг, нийгмийн асуудлууд нь төрийн мэдлийн салбаруудаас нь л улбаатай.

Оросын социалистууд, Германы нацистууд, Италийн фашистуудыг жигшдэгээ илэрхийлдэг социал демократууд үнэндээ бол тэдний үзэл санааных нь үргэлжлэл. Өнөө үеийн социал демократ халамжийн төр болгоны сурталчилдаг үнэгүй боловсрол, үнэгүй орон сууц, үнэгүй хоол хүнс, үнэгүй хувцас, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг позитив эрхүүдийг 1920 онд Нацист Нам "Үндэсний социалист хөтөлбөр" хэмээх 25 зүйл заалт бүхий төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Мөн эдгээр эрхүүд нь 1936 онд батлагдсан Зөвлөлтийн Үндсэн хуульд байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан НҮБ "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" гэгчээ зохиоход дээрх позитив эрхүүд нь хүний эрх хэмээн тунхаглагдаж бидний цаг үед ч халамжийн төрийн бодлогын үндсэн цөм болсоор. Эгалитари позитив эрхүүд нь либерал өмчийн эрхтэй харшилдаг буюу үнэгүй хэмээгдэх зүйлс нь дээрмийн дахин хуваарилалт юм.

Төрийн үйлчилгээнүүд чанаргүй байгаад, төртэй хамссан бизнесүүдийн монополь тогтсонд, төрийн сангийн хулгай арилдаггүйд, хууль ёс завхарсанд, төрийн авилга устдаггүйд, халамж нэхдэг паразит анги бий болсонд, эдийн засгийн өсөлт тогтворждогт, буурдагт социал демократ үзэл, интервенционист арга хэмжээнүүд буруутай.

Х.БИЛГҮҮНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж