Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
COVID-19-ӨӨР 22 ХҮН НАС БАРЛАА
Монгол Улсад энэ долоо хоногт хамгийн олон хүн Covid-19 цар тахлын улмаас нас барж, нийт 22 боллоо. Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг байгаа энэ нөхцөлд өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж байгаа нь санаа зовоож байна. Үүний зэрэгцээ өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард гурван оронтой тоонд хүрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 500-с буусангүй. тодруулбал,
Даваа гаригт (2021.4.5) 602 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,
Мягмар гаригт 831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан,
Лхагва гаригт дөрвөн хүн нас барж, 575 хүнээс халдвар илэрсэн,
Пүрэв гаригт 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан,
Баасан гаригт 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,
Бямба гаригт 689 иргэнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,
Ням гаригт 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна.
ЗАСГИЙН ГАЗРААС “СҮҮЛЧИЙН УДАА” ХӨЛ ХОРИО ТОГТООВ
Монгол Улсын Засгийн газраас энэ дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ энэ удаагийн хөл хорио нь “сүүлчийнх” байх найдлага тавьж байгаа бөгөөд энэ хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дархлаажуулалтыг зогсоож буйгаа мэдэгдсэн нь иргэдийг бухимдуулав. Учир нь дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болсон нь олон эргэлзээ, сэжиг таамгийг дагуулсан юм.
Харин Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөх учраас вакцинжуулалтыг хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. Вакцины нөөц дуусаагүй, 192 мянган тун вакцин байна. Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон” хэмээн мэдэгджээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амыг бүгдийг нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тайлбарлав.
Н.ТҮВШИНБАЯРЫГ 20 ХОНОГ ЦАГДАН ХОРИВ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хэлэлцсэн. Шүүхээс Н.Түвшинбаярт дөрөвдүгээр сарын 5-наас 25-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Түүнийг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
М.ТУЛГАТЫГ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР БАТЛАМЖЛАВ
Ардчилсан намын XI ээлжит бус их хурал дөрөвдүгээр сарын 7-нд Хандгайтад болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжиллаа. Цар тахлын улмаас тус хурал цахимаар зохион байгуулагдаж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас 1000 орчим гишүүн оролцжээ.
Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны цорын ганц Ардчилсан нам л байгаа. Тэр нь энэ нам. Хууль ёсны намаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг бид батламжилсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх бүртгэлийн асуудалтай холбоотойгоор бүрдүүлэлт шаардана. Улсын дээд шүүх дээр бүртгэлийн асуудал яригдах учраас бүрдүүлэлтээ шийдэж ирсэн намыг л бүртгэнэ. М.Тулгат даргадаа амжилт хүсье. Шинэ үе гарч ирсэнд талархалтай хандаж байгаа. Ардчилсан намыг бусниулах гэсэн хэсэг бүлэг этгээд бий. Энэ намын төлөө явах чин зорилго байгаа бол ялгараад явах байх. Аливаа юманд ёс зүй, хууль дүрмээ дээдэлж ажиллах ёстой” гэсэн юм.
Энэ удаагийн их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцжээ.
Холбоотой мэдээ